TIME OUT
Г.Эрдэнэчимэг:Ээж маань намайг дуулахаар л их баярладаг
Огноо: 2018-03-09 12:05
Нийтлэгч: read.mn

Дуучин Г.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. Тэрээр монголын язгуур өв соёлоо хайрлан, хамгаалах үйлсийг өөрийн биеэр үлгэрлэн "Монголоороо" төвийг нээн ажлуулж, монгол үндэсний дээлний соёлд хувь нэмрээ оруулж буй авьяаслаг бүсгүй билээ. 

-Хамгийн сүүлд гаргасан “Мөнх тэнгэрийн хурай” дууны талаар яриагаа эхэлье. Энэ дуу хэрхэн бүтсэн түүхээсээ хуваалцаач?

-Юуны өмнө бүхий л сайхан ээжүүд, эмэгтэйчүүддээ Мартын наймны баярын мэнд хүргэе. "Мөнх тэнгэрийн хурай" дууны тухайд би хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбат ах дээр иймэрхүү ая хийж өгөөч гээд очсон чинь яг ийм ая байна гээд шууд тоглож өгсөн. Гэхдээ үг байхгүй, өөрөө үг хийлгээд аваарай гэсэн л дээ. Ирээд нөхөртөө сонсгосон чинь “Үгийг нь бичээд өгье” гэсэн. Гэхдээ нөхөр маань нэлээд удаан бичсэн. Бараг найман сарын дараа надад үгээ өгсөн шүү дээ. Зураг авалтын хувьд нүсэр төлөвлөчихсөн байсан болохоор өнгөрсөн жил амжаагүй. Тэгээд бэлтгэл ажил гэж явсаар байгаад энэ жил   гаргалаа. Бараг хоёр жилийн дараа дуугаа бэлдэж байж гаргаж байна даа.

-Ийм гоё дууг эрт гаргасан бол?

-Цаг хугацаандаа л гарсан байх гэж бодож байгаа. Цаг  нь болоогүй юмыг хүчлэхээр  болж өгдөггүй. Би аливаа зүйлийг хүчлэхгүйг хичээдэг. Юмыг аясаар нь явуулахаар өөрт тээргүй, ачаалал багатай амар байдаг.

-“Мөнх тэнгэрийн хурай” дууны зураг авалтыг нь хаана хийсэн бэ?

-Зураг авалтынхаа 80 хувийг Хөвсгөл далай болон Хүслийн хадан дээр авсан. Клипэн дээр шонхор нисгэж байгаа. Тэр шонхорыг Хүслийн хадан дээрээс нисгэсэн юм. Маш том хүсэл дайж нисгэсэн. Уг нь тэжээвэр шонхор байсан л даа. Гэхдээ нисээд тэр чигээрээ ирээгүй. Хоёр өдөр хүлээгээд, шонхороо тэр чигээр нь үлдээсэн. Манай шонхор хүсэл биелүүлэгчид хүслийг маань хүргэхээр явчихлаа гэж тайлсан. Одоо Хөвсгөл далайн эргийн модон дээр л сууж байгаа байх даа.

-Клипэнд гарч байгаа бөө жинхэнэ үү?

-Жинхэнэ бөө. “Гэрлийн өргөө” гэж бөө нарын өргөө байдаг. Тэндхийн нэлээн том, толгой зайран Хар Соно гэж хүн  зураг авалтанд маань орсон юм. Өчигдөр би оросын нэг сайтан дээр гарсан байна лээ. Би буриад сайт юм болов уу гэж бодсон. Буриадууд ерөнхийдөө миний дуунуудын тухай мэдээ их бичдэг юм. Тэгээд буриад сайт юмуу гээд асуусан чинь “Үгүй ээ цэвэр орос сайт” гэж нөхрийн маань эгч хэлсэн. Тэгээд орчуулаад өгөөч гэтэл “Монголчууд эрт дээр үеэсээ тэнгэр шүтлэгтэй байсан. Энэ бол буддизм биш, бас  тэд хөх мөнх тэнгэрээ шүтдэг байсан” гэж мэдээ бичсэн байна лээ. Тэр нь надад их таалагдсан.

Ерөнхийдөө ямар нэг шашныг   товойлгоё гэхээсээ уул хангайгаа, өндөр өвөг дээдсээ, өөрийнхөө удам угсаагаа шүтэх нь дээр юм байна гэж боддог. Тэрийг маань мэдсэн юм шиг бичсэн байна лээ.

-Клипнийхээ зураг авалтанд олон гоё дээл өмсдөг. Дээлнүүдээ хаана хийлгэсэн бэ?

-Дээлнүүд маань манай урлан дээр хийгдсэн. Хар эрээн дээл нь “Эртний монгол хийц” дээр хийгдсэн. Бусад бүх дээлнүүд манай “Монголоороо” урлан дээр хийгдсэн. Юу байна түүгээрээ баян гэгчээр дээлний урлантай болохоор дээлнүүдийг янз янзаар л солилоо.

-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр боллоо. Энэ өдрийг яаж тэмдэглэдэг вэ?

-Нэг их онцгойлж  ач холбогдол өгдөггүй. Баярын өдөр болохоор сайхан хоол хийж идээд л, эсвэл найз бүсгүйчүүдтэйгээ уулзацгаадаг ч юм уу, эсвэл гоё тоглолт үздэг ч юм уу, тэгээд л болчихдог доо.Эмээ, ээж маань Архангайд байдаг. Тэдэнрүүгээ утсаар ярьж баяр хүргэдэг дээ.

-Ээжийгээ хэзээ хамгийн ихээр баярлуулсан бэ?

-Ээждээ  дээл их хийж өгдөг. Гэхдээ мартаар яг бэлэглэж байгаагүй юм байна. Ээж маань намайг дуулахаар л их баярладаг. Заримдаа дуулахаа больчихоор дуулсангүй гэх маягтай байдаг.

-Багадаа ямар охин байсан бэ, их хэрсүү охин байсан байх гэж бодож байна?

-Намайг жаахан байхад л манай голынхон “ Гантөгсийн айхавтар шар охин” гэдэг байсан. Яагаад тэгдэг байсан юм бэ, бүү мэд. Уг нь  өвөө эмээгээ хүндлээд л, үнээ малаа саагаад, бусад хүүхдүүдтэй л адил байсан. Гэхдээ би тэвчээртэй, хатуужилтай зантай. Хэр баргийн юман дээр гуньж, гутарч, хэн нэгэнд гомдож, тэрэнтэй заавал тооцоо бодно ч гэдэг юм уу тийм зангүй. Хэн нэгэн намайг гомдоохоор юм хийсэн байвал за за яахав дээ, энэ хүн бид хоёр ингэх л байсан юм байлгүй дээ гэж бодоод л орхичихдог. Ерөнхийдөө ийм хүлээцтэй зантай болоход монгол ахуй, мал  их хатуужил өгдөг юм болов уу гэж боддог. Хөдөөний хүүхдүүд өглөөнөөс авахуулаад  тоглох завгүй  ажилладаг шүү дээ. Өглөө эрт босоод үнээгээ саана, дараа нь бэлчээрт нь тууна. Ирээд тугалаа гаргана, хашааг нь малтана. Дараа нь гэртээ орж ирээд байж байтал унагаа барина, тэгээд дараа нь хонио саана,  жаахан амсхийх гэж  байтал гүүгээ саах болно. Өдрийн тав саана шүү дээ. Тэгээд орой үнээгээ дахиад саана. Ингэж ажил хөврөөд л байдаг.  Манайх хоёр сар л зусландаа гардаг айл байсан. Намар хичээлдээ  ирээд  тугал, унагаа санана. Хэр том болж байгаа бол гэж зүүдэлнэ. Тийм хүүхэд байсан. Ерөнхийдөө аав ээж маань  нэг  их эрхлүүлдэггүй. Ер нь л өглөөнөөс орой болтол ажиллах гэж  төрсөн юм шиг л байсан. Тэр үеэс л  ажлын ачаалал дааж сурсан шиг байдаг. Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг гэж боддог. Хий цаг зав гаргаж байгаа хүн л хий дэмий юм бодно,  дэмий юманд гомдоно, дэмий юм хийнэ. Сул цаг гараад ирэхээрээ л хүн утга учраа  алдаж эхэлдэг шиг санагддаг.

-Эмээ тань хэр их нөлөөлсөн бэ?

-Миний эмээ хөөрхөн, зөөлөн, хүн бүрийн хайрыг татсан эмээ. Манай өвөөгийнх Архангайн Булган суманд байсан. Сүүлдээ Архангайн төв рүү орж ирсэн. Булган сумаас орж ирсэн  хүмүүс буцахаасаа өмнө  ирж  эмээгийн  гарын хоолыг иддэг байсан. Тухайн үед цайны газар гэдэг юм нэг их байхгүй байж. Тэгээд л ааш зан сайтай таньдаг айлаараа  буудаг. Эмээ бол өөрийгөө хоол хийж өгөх ёстой хүн гээд ойлгочихсон. Нэг хүн ороод ирэхээр цай, боорцог, аяга шөл ч юмуу хийгээд л өгдөг. Эмээ ядаж шөл хийж өгөхөө больчихож болдоггүй юмуу гэхээр л “Яахын яахын, өглөө л гэрээсээ гарсан хүмүүс байгаа, эвий өлсөж байгаа” гээд л ерөөсөө тэрэндээ түүртдэггүй. “Өндөр ээж” кинон дээр гардаг  шиг л байсан. Манай эмээ  есөн хүүхэд гаргасан. Хүүхдүүдээ өсгөхдөө ч уцаарлахгүй өсгөсөн гэж ярьдаг. Эмээгээсээ их үлгэр дуурайл авдаг. Манай эмээ энгийн хэрнээ бодмоор, сургамжтай зүйлүүдийг маш их хэлдэг.

-Эмээ тань их үлгэр ярьж өгдөг байв уу, багадаа ямар ном их уншдаг байв?

-Үлгэрийн ном л их уншуулсан даа, өөрөө уншихаасаа илүү хүнээр уншуулах их дуртай байлаа. Манай аавын ах Гамбар  ахыг орж ирэхээр   эгч бид хоёр номоо бариад  гүйчихдэг байсан. Ер нь тухайн үеийн үлгэрийн бүх номнуудыг  уншуулсан даа. “Орос үлгэрүүд”, “Үүлэн бор”-ыг  элэгдтэл нь уншуулсан. Ээж  багш болохоор ангийнх нь хүүхдүүд  багш нарын баяраар  ном их бэлэглэнэ. Дээр үед зүйр цэцэн үг, ардын аман зохиол, оньсого гээд ямар ч зураггүй жижигхэн шар номнууд гардаг байсан. Тэр номнуудыг уншихаар их гоё санагддаг байв. Ээж ер нь хатуу,  зүйр цэцэн үгээр загнадаг байсан. Одоо бодохоор инээд хүрээд байдаг юм. Манай эгч бид хоёр тэрсхэн юм чинь муудалцана. Тэгэхээр хоёулаа бас зүйр цэцэн үгээр хэрэлдэнэ. Одоо ч  заримдаа хүмүүстэй яриад суухаараа өөрийн мэдэлгүй зүйр үг аманд орж ирдэг. Ээж бүр багаас хэлсээр байгаад хэвшил болчихсон  юм шиг.

-Таны хоолой их өвөрмөц, “Шуранхай” нэг хэсэг ардын дууг орчин үежүүлж дуулдаг байсан даа?

-Би СУИС-ийн уртын дууны анги төгссөн. Монгол язгуур аялгуу, дуулалтыг орчин үеийн хөгжимтэй холбоод дуулдаг. Үүнийг этник урсгал гэж нэрлэдэг. Ерөнхийдөө би нэгэн хэвийн биш, язгуурлаг мөртлөө, орчин үетэй холилдсон дуунд дуртай. Тэгэхээр миний дуунууд этник чиг хандлагатай.

-Тоглолтоо хэзээ хийх вэ?

-Тоглолт хийхийн тулд эхлээд CD гаргах хэрэгтэй. 20-иос дээш дуунаас тоглолт бүрддэг. Тэгэхээр CD арван дуутай байдаг. Нэг юм уу хоёр CD-тэй болсны дараа тоглолтоо хийх хэрэгтэй юмуу гэж боддог. Нэг дуу дуулчихаад л хойноос нь тоглолт хийх юм бол  их ачаалал ирнэ л дээ. Билетээ яаж борлуулах вэ, тоглолтон дээр яаж дуулах вэ , дөрөв, тавхан дуутай тоглох юм бол хэцүү. Тэгэхээр цаг нь болохоор л тоглоно доо.

-Та нөхөртэйгөө хамтарч “Хар хархан харц” дууг дуулсан. Өөр дуучидтай хамтарч уран бүтээл гаргах бодол бий юу?

-Тийм бодол байхгүй. Би хэн нэгнээс юм хүлээх дургүй. Хэн нэгнээс хуулбарлах бас дургүй. Би юу хүсч байна тэрийгээ өөрөөсөө л ундраах дуртай. Тэгэхээр энд тэндээс юм хайж тэрэнтэй дуулвал гоё болов уу гэж бодоогүй л юм байна. Гэхдээ хөгжмийн хамтлагууд их гоё байдаг. “Алтай”, “Хөсөгтөн” зэрэг хамтлагуудтай хоёроос гурван дуу хийх мөрөөдөлтэй. Тэр хүслээ ч тэд нарт хэлчихсэн байгаа.

-Таны дуунуудын өнгө аясыг харахад бөө мөргөл, тэнгэр шүтлэгтэй их холбогддог шүү дээ?

-Гэрийн маань урд байдаг хайрхан, миний өссөн төрсөн нутгийн хайрхан, монголынхоо уул усыг л шүтдэг. Хөдөө  явах юм бол заавал хувин, цацалтайгаа явна. Зогссон газартаа сүүгээ өргөөд бүгдийг нь ундаалж байна гэж боддог. Тэнгэртээ, нарандаа, сарандаа амттай цай, сүүгээ дээжилж өргөх дуртай. Яагаад ч юм бэ өөрт их гоё мэдрэмж төрдөг. Угаасаа эх дэлхий, агаар ус биднийг тэтгэж, амьдруулж байгаа. Тэгэхээр энэ бүхэнд талархах ёстой гэж боддог. Дандаа бидэнд өгдөг. Тиймээс бид буцаагаад сүү ч болтугай өргөх ёстой гэж боддог. Илүү дутуу юм гэхээсээ илүү биднийг дааж явж байгаа эх дэлхий, байгальдаа талархаад явах ёстой юм болов уу. Гэхдээ бөө мөргөлөөс ч авах юм бий, буддын шашнаас ч авах юм бий. Дээр үед Хархоринд бүх шашин байсан гэдэг шиг явж явж бүгд л адгууслаг биш оюунлаг байх, зөв амьдрах, байгальдаа ээлтэй байх, нэг нэгэндээ хайртай байхыг л сургамжилдаг шүү дээ. Тэгэхээр уулзах цэг нь нэг юм. Буддын ном уншаад сургааль нь ямар гоё юм бэ гэнэ, бөөгийн хэлсэн үг, заслыг хараад нээрэн үнэн байна шүү гээд аль алинаас нь авахыг нь аваад л явчихдаг.

-Түрүүн “Гэрлийн өргөө” гэж ярилаа. Тэндээс маш олон судрууд гаргадаг. Тэндээс сонирхож уншдаг уу?

-Уншдаг, их гоё санагддаг. “Эх үрийн судар”-ыг уншсан. Түүний дараа “Үрийг хүмүүжүүлэх судар” гэж гаргасан байна лээ. Тэрийг нь олж авах хүсэлтэй. Ер нь тэгээд “Хатдын судар”, “Домчийн судар” гээд бүгдийг нь эргүүлээд л уншдаг.

-“Монголоороо” төвөө байгуулах санаа хэдийд төрсөн бэ?

-Анх монгол бичиг, бие биелэгээ суръя гэж бодоод энэ чиглэлийн сургалтын төв хайсан чинь олдоогүй. Би бүр гайхсан. Монгол Улс байдаг, гэтэл монголруугаа чиглэсэн нэг ч сургалтын төв байдаггүй. Гэтэл балетийн төвүүд байгаад байдаг. Англи, япон, солонгос хэлний төвүүд зөндөө  мөртөө монголоороо төвлөрсөн төв байхгүй. Тэгээд өөрөө сурахын тулд надтай ижил ганц хоёр хүн байдаг байлгүй дээ гэж бодоод анх нээж байсан. Гэхдээ монгол бичгийг цөөн хүн сонирхдог, яг нөгөө эрэлт хэрэгцээ нь байхгүй учраас үнэхээр л дурласан, хайрласан хүн л ирнэ үү гэхээс биш, өдөр тутмын амьдралд нь хэрэг болоод байхгүй учир сурах нь бага байдаг. Хүмүүс оюунлаг гэхээсээ илүү материаллаг зүйлсэд их дуртай байдаг. Намайг олон  дээл өмсдөг болохоор манайхыг дээл оёдог гэж бодоод дээл  оёоч гэж зарим хүн бараг загнаад, өнгөрсөн жилийн  наадмаар урлантай болсон.

-Захиалага авдаг уу, хүмүүс хэр их дээл захиалж байна вэ?

-Их ирнэ. Ямар нэг шинэ загвар гарлаа гээд дэлгээд тавихад л ирдэг.

-Загвар зохион бүтээгч нь ямар хүн байхав?

-Одоогоор Одноо бид хоёр л байна. Ямар материалаар  хийх вэ, энд нь ингээд эмжчих үү гээд хэлбэр галбир, бүх юмаа ярилцаад л хийчихдэг дээ.

-Цаашдаа ямар уран бүтээл гаргахаар төлөвлөж байна вэ, бодсон юм байгаа юу?

-Байгаа, бас л гоё дуунууд төлөвлөчихсөн байна. Дараагийнхаа дуунуудыг зөөлөн өнгө аястай гаргая гээд бодчихсон байгаа. Дуулалтын хувьд, сэдвийн хувьд сая нэлээд их тэнгэр, шүтлэгийн тухай дуулсан бол одоо агуу их хөгжмийн зохиолч Б.Магсаржав, “Сүүн далай ээж”, “Насны намар” гээд гоё дуунуудыг зохиосон хөгжмийн зохиолч ах маань надад “Хүж дэлхий бүүвэй” гэж дуу өгсөн. Тэр дуу их гоё санагдаад байгаа.  Шүлэг үг маань бэлэн болчихсон. Авсаархан хөөрхөн дуу гарчих байх. Миний дуулах  хүслийг мэдчихсэн учраас хөгжмийн зохиолч нар маань дуунуудаа их өгч байгаа. Одоогийн байдлаар гурван дуу  байна. Гурвуулаа их таалагдсан. Дууг ер нь өөрт зуун хувь таалагдаж байж дуулах хэрэгтэй юм болов уу гэж боддог.   Хөгжмийн найруулгыг нь өгчихсөн байгаа. Нэг нь бараг бэлэн болж байна.

-Дууныхаа хөгжмийн найруулга, зураг авалтыг хийхдээ ямар хүмүүстэй хамтарч ажилладаг вэ?

- Дууны маань хөгжмийн найруулгыг  Төрөө гээд ах маань хийдэг. Дуу бичлэг, мастер, миксинг бусад хөгжмийн нэмэх, чимэх зүйлсийг “Трекордс” дээр хийдэг. Клип дүрсжүүлэхдээ “V студи”-ээр л хийлгэдэг. “V”-гийнхэн маань намайг их гоё мэдэрдэг. Миний хүссэн зураг авалтыг хийж чаддаг. Тэгээд “V студи”-тэйгээ сая дахиад л хамтарлаа. “Зургаан ханатай гэр”, “Хонгор үр минь”,”Мөнх тэнгэрийн хурай” дээр хамтарлаа. Бас л миний итгэлийг эвдээгүй, иймэрхүү байгаасай гэсэн өнгө аяс, зураг авалтыг хийж чадсан.

Мөсөн дээр бүжиглэж байгаа бүжигчид нь “Натур дэйнс” продакшны бүжигчид. Захирал нь М.Мөнгөнцэцэг гээд бүжигчин эгч байдаг. Ерөнхийдөө хадны сүг зураг, хуучин бичээснүүдээс бүжгийн хөдөлгөөнөө гаргадаг их өвөрмөц, сонирхолтой, хувцас хунар нь натурлаг байдаг. Клипэнд маань М.Мөнгөнцэцэг багшийн шавь нар нь бүжиглэсэн. Зураг авалтын багийн 30-аад хүн бүгдээрээ Хөвсгөл далайн эрэг дээр байдаг “Тойлогт” жуулчны бааз дээр байрласан. Жуулчны баазын Наранчимэг эгч маань бас миний найз. Би чинь нас насныхантай найзалнаа. Чимгээ эгчдээ баярласан. Ерөнхий төсөв, зардлыг Туяа гэж миний хайртай эгч гаргасан. Маш олон хүний тусламж дэмжлэгээр клип маань бүтсэн. Бас хань маань зөндөө тусалсан. “Монголоороо” төвийнхөн маань зөндөө тусалсан. Мөн нисээд эргэж ирээгүй шонхорын эзэн, цоройдог морьны эзэн, Хар Соно зайран зэрэг маш олон хүнд баярлалаа гэж хэлье.

"Монголоороо" төвийн бүтээлүүдээс:

"Мөнх тэнгэрийн хурай"

Эжий эх газартаа хайраа шингээж дээдлэн сүслэн мөргөе өө
Энх цагаан сарандаа хүслээ шивнэн даатган залбирч мөргөе өө
Уул усны лус савдаг сэр
Ураг олны золбоо хийморь мандаж байгээ
Улс Монголынхоо сүр хүчийг
Хурайлан дуудая аа 
Хурайлан хурайлан дуудая аа

Дахилт: 
Ээ ээ ээ саран мину 
Ээ ээ ээ тэнгэр мину 
Өнөд мөнх хөх тэнгэр мину

Эцэг дээд тэнгэртээ хүслээ шивнэн алдлан сүлдлэн мөргөе өө
Ээлийн их нарандаа цацлаа өргөн даатган залбирч мөргөе өө
Хас төрийн их цадиг сэр
Хамаг олны заяа зол нь дэлгэрч яваг ээ
Хөх Монголынхоо сүр хүчийг 
Хурайлан дуудая аа 
Хурайлан хурайлан дуудая аа

Дахилт: 
Ээ ээ ээ наран мину 
Ээ ээ ээ тэнгэр мину 
Өнөд мөнх хөх тэнгэр мину

Өндөр их дээдэстээ итгэлээ илгээн талархан сөгдөн мөргөе өө 
Өр дулаан галдаа өргөлөө өргөн даатган залбирч мөргөе өө
Хаан суу заль чин үнэн сэр
Хотол олны үрс нь энх амгалан байг ээ 
Хамаг Монголынхоо сүр хүчийг 
Хурайлан дуудая аа хурайлан хурайлан дуудая аа

Дахилт: 
Ээ ээ ээ голомт мину 
Ээ ээ ээ тэнгэр мину 
Өнөд мөнх хөх тэнгэр минь

Самандын Жавхлан 2017.02.21

                                                                                                                     Ярилцсан:О.ӨНӨРЦЭЦЭГ

Сэтгэгдэл (2)

  • Сайхан бүсгүй юмаа. Яг л энэ цаг үед Монголоороо оршихуйг магтан дуулах их хувь оногдож дээ, таньд.
    2018 оны 03 сарын 10 | Хариулах
  • эрхтэй
    2018 оны 03 сарын 09 | Хариулах
Сурталчилгаа