Нийгэм
Орчин цагийн цэргийн онолоор манай тал, дайсны тал гэж байлдахаа больсон
Огноо: 2018-03-10 13:52
Нийтлэгч: Б.Наранчимэг

 

Канад, Монгол Улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Иргэн-цэргийн харилцаа”-ны олон улсын сургалт, семинар Багабаян дахь “Энхийн төлөө” цогцолборт хоёр долоо хоногийн турш амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтад Бангладеш, Вьетнам, Иордан, Малайз, Мали, Непал, Пакистан, Филиппин, Танзани, Тайланд, Тунис зэрэг 13 орны 50 гаруй офицер оролцжээ. 

Сургалт, семинарын хаалтын ажиллагаанд Монгол Улс дахь Канад Улсын консулын газрын орлогч дарга Брус Стийн, Монгол Улсын Батлан хамгаалах яамны сайдын зөвлөх Д.Бүрэнтогтох, ЗХЖШ-ын Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн дарга хурандаа С.Төмөрхуяг нар оролцож суралцагчдад талархал илэрхийлэн гэрчилгээ, дурсгалын зүйл гардуулж баяр хүргэсэн юм.

Анх удаа цас үзэж, орон орны соёлтой танилцах завшаан олдсонд баяртай байна

Сургалтанд оролцохоор ирсэн Мали улсын зэвсэгт хүчний дэд хурандаа Фадима Тоункара анх удаа Монгол оронд ирж, цас үзсэнээ хэзээ ч мартахгүй гэж ярьж байлаа. Тэрбээр "Би энэхүү сургалтанд оролцох болсноо их завшаантай хэрэг гэж бодож байгаа. Сургалтын сэдэв их таалагдсан. Цэрэг иргэний харилцаа. Энэ чиглэлээр надад сурч мэдэх зүйл маш их байсан учраас би бусад сурагчдаас илүү их зүйлийг сурч мэдлээ. Мөн арав гаруй орны соёлоос суралцах боломж олдсонд баяртай байна. Монголын сонсогчид надад маш их тусалж, найрсаг хандаж байсныг хэзээ ч мартахгүй" гэсэн юм. 

Харин манай улсаас хот хөдөөгийн нийлсэн хорь шахам цэргийн ангийн офицерууд энэ сургалтанд хамрагдсан байна. Тэд цаашлаад өөр өөрсдийн анги салбар болон энхийг сахиулагчдад цэрэг иргэний харилцааны онол, аргазүйг сургах хариуцлагатай үүргийг хүлээж байгаа ажээ. Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн ротын соёл хүмүүжлийн зааварлагч, ахлах дэслэгч О.Цолмон ярихдаа "Энэхүү сургалтаар олж авсан мэдлэг маань ажиллагааны газар оронд ашиглагдахаас гадна, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх боломжтой гэдгээрээ тун онцлог байлаа" гэж ярьсан юм. 

Роберт Брүннер: Мэдлэг, мэдээлэл, танин мэдэхүйн салбарт цэргийн ажиллагаа явагддаг болсон

Цэрэг иргэний харилцааны талаар Канад улсын Тэнгисийн цэргийн командлагч Роберт Брүннертэй ярилцлаа.

-Орчин үед буу зэвсгээр байлдахаас илүү мэдээллийн болоод эдийн засгийн өрсөлдөөн, байлдаан өрнөдөг болжээ. Энэ цаг үед дэлхий ертөнцөд арми, цэргийн байгууллагын гүйцэтгэх үүрэг ямар хэмжээнд байна вэ?

- Мэдээж, байлдаан гэдэг бол хүмүүсийн хооронд биет хөдөлгөөн байдлаар явагдахаа больсон. Үүнийг дагаад цэргийн ажиллагаа гэдэг нь эсрэг талаа, дайснаа устгах зорилгоос зайлсхийх болоод байна. Өөрөөр хэлбэл бидэнтэй дайсагнаж байгаа, үл ойлголцож байгаа талуудад өөрийнхөө байр суурийг ойлгуулж, тэдэнд тайлбарлаж харилцан тохиролцож, асуудлыг  энхийн замаар, цэргийн бус арга замаар  шийдвэрлэх хэмжээнд хүртэл бид нөлөөлж ажиллах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Тэгэхээр цэрэг иргэний харилцааны ажилтнууд үүнд чухал үүрэгтэй байна гэсэн үг.

Цэргийн байгууллагуудад байлдах ур чадвар гэхээс илүү мэдээллийг үр нөлөөтэй боловсруулж, дүн шинжилгээ хийж, бусдад нөлөөлж, итгэл үнэмшил бий болгож, харилцан хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх давхар шинэ үүрэг үүссэн учраас сэтгэлгээний, оюун санааны талаасаа цэргийн эрдмээс илүү хүчтэй байх нөхцөл байдал үүсээд байгаа юм.

-“Цэрэг иргэний харилцаа”-нд тухайлбал ямар асуудал үүсч болох вэ. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

- Анх энэ үзэл баримтлалыг ерээд онд Канадын цэргүүд Бостоны улсуудад энхийг сахиулж байх үед хөгжүүлж, бий болгоод одоог хүртэл ашиглаж байна. Сүүлийн арваад жил Афганистанд энхийг дэмжих ажиллагаа явуулж байхдаа энэ үзэл онолоо бусад орнуудтай хуваалцаад, хамтран ажилладаг болсон. Цэргийн онолд урьд өмнө нь манай тал, дайсны тал гэсэн хоёр тал байлддаг байсан бол одоо тийм биш болсон. Дайн байлдааны ажиллагаа явагдаж байгаа орчинд хаа сайгүй энгийн номхон иргэд ажиллаж, амьдарч байна. Цэргийн үйл ажиллагаа тухайн улс орны ард иргэдэд, амьдралд  ямар нэгэн байдлаар сөрөг нөлөөлөл авчрах боломжтой учраас бид энэ сэдвийг онцлох болсон. Өнөө цагт цэрэг иргэний харилцааны нэгжүүд буюу газруудыг арми өөрсдөө бий болгон ажиллуулдаг болоод байна. Энд ажилладаг ажилтнууд нь тухайн армийг төлөөлж олон нийттэй харилцана гэсэн үг юм.

-Өмнөд Судан болоод Афганистан улсуудад энхийг сахиулж байгаа монгол цэргүүдэд цэрэг иргэний харилцаатай холбоотой асуудал гардаг уу?

-Энэ удаагийн сургалт Афганистан болон Өмнөд Суданд энхийг сахиулах үеэр үүсдэг хүндрэл бэрхшээл болон жишээн дээр тулгуурлаж явагдсан. Аргазүй, тактик, онол практик хосолсон сургалтыг арав гаруй туршлагатай канад багш нар заасан. Бүгд энхийг дэмжих ажиллагаанд оролцсон туршлагатай хүмүүс. Сургалтын үеэр онцгой анхаарал хандуулсан сэдэв бол тухайн цэргийн ажиллагаа явагдаж байгаа улс орны ард түмний соёл, зан заншил, сэтгэлгээний онцлог, тэдэнтэй харилцахдаа баримтлах ёстой зарчим зэрэгт анхаарч ажилласан.

-“Цэрэг иргэний харилцаа” сургалтад хамрагдсан офицерууд ямар ур чадварыг эзэмшсэн бэ?

- Мэдлэг, мэдээлэл,  танин мэдэхүйн салбарт цэргийн ажиллагаа явагддаг болсон учраас цэрэг иргэний харилцааны офицеруудыг зайлшгүй бэлтгэх шаардлагатай байна. Эдгээр офицерууд байлдах ур чадвараас гадна бусадтай харилцах, хэл амаа ололцох, талуудтай харилцах харилцааг зохицуулж сурах, буулт хийхэд бэлэн байх зэрэг олон шинэлэг ур чадварыг эзэмших шаардлагатай болсон юм.

-Дэлхийн улс орны цэргүүд монгол цэргийн тэсвэр тэвчээр, дайчин чанарын талаар олонтаа ярьдаг. Таны хувьд энэ удаагийн сургалтаас монгол цэргийн ур чадварт ямар дүгнэлт хийсэн бэ?

-Монголын зэвсэгт хүчний төлөөлөл болсон сонсогчидтой 14 хоног хамтарч ажиллахад маш онцлог шинжүүд ажиглагдсан. Жишээлбэл, монгол сонсогчид сонссон зүйлээ шууд өөрийн болгож, түүн дээрээ хариуцлагатай хандаж, онолын мэдлэгээ практик дээр дасгал ажил болгон ашиглах тал дээр биеэ дайчилж байсан. Мөн практик ажлын үеэр хэд хэдэн багт хуваагдаж ажиллахад монгол цэргүүд шуурхай зохион байгуулалтанд ороод ажилдаа шууд орж, үр өгөөжтэй ажиллаж байгаа харагдсан. Бас нэг сайн тал бол монголчууд уян хатан сэтгэдэг, эрч хүчтэй, ажилдаа үнэнч ханддаг юм билээ.  

-Энэ сургалт Монголын зэвсэгт хүчний цаашдын хөгжилд ямар ахиц дэвшил авчрах боломжтой вэ?

- Цэрэг иргэний харилцааны онол аргазүй бол зөвхөн дайн байлдааны үед хэрэглэдэг зүйл биш. Улс оронд байгалийн гамшиг тохиолдох гэх мэт хүнд нөхцөл байдал үүсэх үед цэрэг болон техник хэрэгслээ оруулж ажиллуулах боломжтой болно. Энэ үед төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, орон нутгийн засаг захиргаа, онцгой байдал гээд энэ олон байгууллагыг цэргийн байгууллагатай холбох үүргийг цэрэг иргэний харилцааны мэргэшсэн ажилтнууд гүйцэтгэх юм. Өнөөдөр Афганистан улсад байлдааны ажиллагаа явагддаг бол Суданд байлдааны ажиллагаа бус зөвхөн энгийн номхон иргэдийг дайны хөлөөс хамгаалах, хэвийн амьдралдаа буцаж ороход нь туслах зорилготой байдаг. Аль ч харилцаанд цэрэг иргэний харилцаа нь цэргийн байгууллагын нэр хүндийг өргөж, хийж байгаа ажлынх нь үр өгөөжийг нэмэгдүүлэх сайн талтай. Монголын батлан хамгаалах хүчний хувьд энхийг сахиулах ажиллагаанд үүнийг ашиглахаас гадна дотоодод байгалийн гамшиг тохиолдох үед цэрэг иргэний харилцааг бэхжүүлж, хүмүүсийн амь нас болоод эд хогшлыг авран хамгаалах ажиллагааг үр өгөөжтэйгээр хамтран зохион байгуулахад сайн нөлөөтэй.  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа