TIME OUT
“Амьдрал” кино тэсрэлт хийж чадсан уу
Огноо: 3-11
Нийтлэгч: Өнөрцэцэг

Жүжигчин Д.Пүрэвсүрэнгийн гол дүрд нь тоглосон “Амьдрал” кино үзэгчдийн хүртээл болоод удаагүй байна. Хүн амьдралын бодит үнэнтэй нүүр тулахаас айдаг, татгалздаг. Гагцхүү амьдрал хатуу биш, харин үнэн л хатуу байдаг. Амьдралын үнэнтэй нүүр тулахын зэрэгцээ үнэнг олж чадсан Хулан гэгч бүсгүйн ээдрээт амьдралын тухай энэ кинонд өгүүлжээ.

Гол дүрд нь СТА, жүжигчин Д.Пүрэвсүрэн, Б.Навчаа, С.Болд-Эрдэнэ, Э.Мөнхтөр нар тоглосон бол ерөнхий найруулагчаар “Лардьма”, ”Үргээлэг”, “Бодлын хулгайч”, “Цагаан хадаг” зэрэг дэлгэцийн бүтээлээрээ үзэгч олны хүндэтгэлийг хүлээсэн найруулагч Ж.Сэнгэдорж ажиллажээ. Харин кино зохиолыг өмнө нь “Ларьдма” киноны зохиолыг бичсэн Д.Төрмөнхийн охин Т.Номунзул бичсэн байна.

 “Сунаж мөргөж байгаа тухай кино зохиол бичээд өгөөч” гэж найруулагч Ж.Сэнгэдорж зохиолчоос хүссэний дагуу энэ кино бүтжээ. Тэрбээр “Амьдрал” киногоороо хүний сэтгэлийг хөндөж, илүү дотогшоо чиглэхийг хүссэн. Бие биеэ, зүрх зүрхээ мэдэрч, дотогшоо чиглэхийг хүссэн. Монголын кино бүхэн тэсрэлттэй байж, өөр өнцөг рүү явцгаагаасай. Мөн илүү үнэн байгаасай гэдгийг бүтээлдээ харуулахыг хүссэн" хэмээн ярьжээ.

Ингээд киног үзсэний дараа өөрт төрсөн бодлоо энгийн үзэгчийн үүднээс хүргэж байна.

 Амьдрал киноны хувьд нэг л өөр мэдрэмж төрүүлнэ. Эсрэг тэсрэг нэгдлүүдийг эвлүүлэх гэж оролдсон юм шиг санагдана. Нэг ёсондоо бол хүчээр цавуудаад тавьчихсан барималтай зүйрлүүлж болох юм. Уг нь бол энэ кино үйлийн үрийн тухай гэсэн. Хулан хэмээх баян тансаг амьдралд өссөн бүсгүй хар тамхи хэрэглэж, дураар наргиж цэнгэж яваад нэгэн залуутай учирч, түүнийг гэр бүлтэй гэдгийг мэдсэн ч явахаас нь өмнө түүнтэй унтан, эцэст нь хүүхдийг нь тээн хоцордог.

Эндээс л зохиолын гол зангилаа эхэлнэ. Яг алийг нь тайлбарлах вэ гэж нэлээд эргэлзэн бодохоор зохиол. Үйлийн үр гэхээсээ илүүтэй амьдралын байдаг л үнэнийг товойлгох гэж оролдсон. Хүүгээ алдсан эхийн сэтгэлийг дэвтээж тэнгэрээс сүүн бороо орж, хөх нь ивлэх зэрэг зөн билгийн хэсэг үргэлжилж байснаа гэнэт Хулан бүсгүй үсээ тайран, шүүгээнд байсан аавынхаа дээлийг ум хумгүй углан, гэрээсээ гаруутаа сунаж мөргөж эхэлдэг. Энэ нь иймэрхүү өвөрмөц зүйрлэл аваад, ийм амархан шийдээд байвал болох юм биш үү гэж сохроор даган бишрэх, дуурайх, эсвэл энэ нь этгээд гаж урлал болж цаашид газар авах магадлалтай.Тиймээс чанад шаардлагаа зөв ойлгож, бусдад зөв ойлгуулах нь найруулагч хүний үүрэг болов уу гэж бодно.

Сунаж мөргөөд Өвөрхангайн Төвхөн хийд дээр очоод хийсэн бүх үйлийн үр нь дуусчихдаг бол хэн ч гэсэн сэтгэлийн тамаас салахын тулд оролдоод үзмээр санагдана. Урьд нь ингэж болдог гэж төсөөлж ч байгаагүй үзэгчдийн хувьд “Нээрэн ийм юм байж болох уу, энэ арай л хэтрүүлэгтэй биш үү...” гэх бодол тархинд нь “эрвээхий” адил эргэлдсээр кино танхимаас гарна.

Төвдөд хүмүүс сунаж мөргөөд явж байгааг бид зурагтаар л хардаг. Тэд бугуйндаа хавтгай мод хийн мөргөж байгаа нь харагддаг. Гэтэл манай кинон дээр ханцуйнаас өөр халхлах юмгүй улаан нүцгэн гараар мөргөөд явж байгаа нь “өнөөх сайхан дүр”-ээ юу ч биш болгож байгааг найруулагч анзаараагүй л юм байх даа. Өвөрхангай ортол дор хаяж 500 км байгаа гэж тооцоход ажилд нухлагдаж үзээгүй, баян айлын эрх охины туяхан гар яаж тэссэн юм бол гэж бодмоор...

Дөрвөн улирал дамнаад мөлхөөд л байдаг, гэвч зовсон ядарсан царай бараг харагддаггүй. Хяргасан үс, борлож хүрэнтсэн царай, хатсан уруул, гялтганах нарнаас өөр юу ч бодит байдлыг илэрхийлсэнгүй. Хүний харц ямар их зүйлийг өгүүлдэг хүчирхэг зэвсэг билээ гэдгийг мэргэжлийн жүжигчин байтугай энгийн кино үзэгчид ч мэдэрдэг болсон. Гэтэл постер дээр авахуулсан бор дээлтэй ядарсан дүрийн цаана ямар ч үрээ алдсан эхийн шаналал, тарчилсан сэтгэл алга. Зүгээр л бодлогширсон, ядрангуй харц. Жүжиглэлтийн хувьд үүн дээр л жаахан ажиллаад өгсөн бол гэж өмнөөс нь харамсмаар. Д.Пүрэвсүрэнд итгэж найдаж, хүсэн хүлээж байсан үзэгчдийн итгэл “Өө, өнөөх л харц, өнөөх л жүжиглэлт” гэж сэтгэл дундуурхан танхимаас гарах нь гунигтай. Гэхдээ зоримог дайчин, авхаалжтай, шийдэмгий тоглосон хэсгүүд байсаан. Дуу хоолойн хувьд их өвөрвөц цангинасан, хэн ч хаана ч царайг нь хараагүй ч дууг нь сонсоод танихаар хоолойгоо өөрчлөх гэж оролдож, байдаг л эмэгтэйн хоолойг гаргах гэж хичээж буй нь сайшаалтай.

Б.Навчаа, жүжигчин С.Болд-Эрдэнэ гээд бусад бүх жүжигчид талбайд ургасан үзэсгэлэнт сарнайн бутыг хүрээлэн ургасан зэрлэг цэцэгс шиг харагдаж байв. Тэдний роль товойж, тодрох юм байхгүй. Энэ киног бараг л ганц хүний кино гээд хэлчихэд буруудахгүй байх.

В.Инжиннаш “Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас хөнгөн бийрийг хөшихийн хэрэг юун” гэсэн бол Грекийн их сэтгэгч Аристотель “Урлаг нь нэг талдаа сэтгэлийн цэнгэл эдлүүлж, нөгөө талдаа сэтгэлийг ариусгадаг” гэж. Цэнгэл эдлүүлж байгаа нь арван жилийн хүүхдийг цэнгээний газраар хэсүүлж, хар тамхинд оруулж донтуулж, шивсэн эрвээхэй нь амь орон нисгүүлж байгаа хэрэг үү. Монголын кино урлагийн талаар гадны нэг судлаач ингэж дүгнэсэн нь нэлээд голыг нь олоод хэлчихсэн юм биш үү гэж бодогдсон. Тэрээр Бүх холбоотын Кино урлагийн их сургуулийн зохиолч шүүмжлэгчийн ангийг дүүргэжээ. Ингээд мэргэжлийн кино судлаач Сергей Анашкин монголын кино урлагийн хэрхэн дүгнэлт хийснийг хүргэе.

Монголын сүүлийн үеийн кинонуудад тансаг харш сууц, ганган хувцас, олон улсын хэмжээний чамирхал гээд бүх юм бий. Гэхдээ өгүүлэмжийн логик, болж буй үйл явдлын хүлээж авах арга нь сургаалийн шүүлтүүрээр ордог нь үндэсний давтагдашгүй хэлбэр болжээ. Үндэстний загвар болсон сургамжит мелодрам нь үзэгчдийн хүсдэг төрөл нь. Гэхдээ гадаадын судлаачид болон наадмууд ийм бүтээлүүдийг анзаарахгүй юм уу тоохгүй өнгөрдөг. Яагаад гэвэл ойлгомжтой илэрхий санаанаас нь болж тэр юм. Гэтэл нутгийн үзэгчид ийм кинондоо хайртай. Өөрийн “танил” бөгөөд “сурсан хэмжүүр”-тэй. Бүтээгчид нь барууны ухаантнуудын үгийг тоосон шинжгүй тэдгээрийн шагнал урамшуулалгүй оршсоор л байна. 
Гадаад шаардлагад нийцэхийг хүсч байгаа бол үндэсний кино урлаг өөрчлөгдөх ёстой. Гэхдээ мэдээж нарийн заасан дүрмүүд дотор тодорхой өөрчлөлт ордог талтай. Өөрийн үндсэн шинж болох уяраам гэнэн санаагаа түлхэлгүйгээр  монгол мейнстрим нь өөрийнхөө хүрээг тэлэх боломжтой. Гэхдээ саад болоод байгаа хэт энгийн бөгөөд залхмаар агуулгаасаа салах цаг болсон. Тухайлбал, энгийн зөрчилдөөн болон харьцуулалтаас зай барих, хот-хөдөө, өвөрмөц-нийтлэг, энгийн-гял цал гэх мэт. Эсрэг тэсрэг цэнэгийн мөргөлдөөнд тэс ондоог олж харах, хэзээ ч нийлэхгүй юмыг нийлүүлэх боломжийг хайх хэрэгтэй. Монголын  төрийн далбааны алтан соёмбо дахь хос загас буюу инь янь нь нэг юмны хоёр хэсэг юм шүү гэдэг шиг хэмээн өгүүлжээ. Мөн тэрээр нэмж хэлэхдээ монголын кино урлаг Америк, Солонгосчууд кинонд гардаг нийтлэг санаа руу битгий орчихоосой. Монголын соёл, монгол уламжлал агуу шүү дээ. Монгол гэсэн онцлогоо харуулдаг байгаасай гэж хүсч байна гэж.

“Амьдрал” кинон дээр ч өнөөх л баян тансаг харш, ганган хувцас, үйлийн үрийн сургаалийн тайлал зэрэг нь бүгд оржээ. Гол логик нь яваад байдаг. Гэтэл үзүүлж байгаа арга барил нь тэс өөр. Хэзээ ч нийлэх боломжгүй юмыг нийлүүлэх боломжийг хайх хэрэгтэй гэсэн санааг нь Ж.Сэнгэдорж найруулагч өөрийнхөөрөө энэ кинонд гаргаж тавьжээ. Нээрэн ч төвдүүд сунаж мөргөөд үйлийн үрээ бараад байхад манайд яагаад болохгүй байхав гэж тэрээр эсрэгцүүлжээ.

Аливаа зохиол үнэт зүйл дээр тулгуурласан гоо зүйн үзэл баримтлалтай байх ёстой гэдгийг хүн бүр мэднэ. Тэр үнэт зүйл нь юу вэ гэдэг нь харьцангуй ойлголт. Монголын хувьд энэ нь дээрх судлаачийн хэлснээр монгол соёл, монгол уламжлал болж таарна. Тэгвэл “Амьдрал” кинонд энэ дутагдаж байна. Найруулагч Каннын кино наадамд энэ киногоо сойх бодолтой байгаа гэсэн. Хэр явах юм бол доо гэж бодохоор.

Кино маань ганцхан эмэгтэй гол дүртэй. Түүний үзэл бодол нь киноны турш төлөвшиж амжсан уу гэдгийг харъя. Эхлээд гэнэн хонгор дунд сургуулийн хүүхэд модон чихэр хүлхээд л хөлөө машины урд ачаад л, дэргэдээ суугаа залууг өдөж хоргоогоод ямар ч бодолгүй цагаахан инээмсэглэсэн охин гарна. Тэгснээ үрээ алдсан эхийн дүрд хувиран шөнийн харанхуйд шаагисан бороон дундуур хашгичин гүйнэ. Бусад хүмүүс ч гэсэн цуг хайлцана. Киноны нэг онцлог нь дан бороо шаагисаар байгаад дууссан. Бас шөнө авсан зураг авалтууд ихтэй, бусад кинонуудад гол зураг авалтууд нь шөнө хийгдэж, бороо орж байгаа дүрслэл ховор тааралддаг. Магад “Шаналант шөнийн бороо” гээд нэрлэчихмээр ч юм шиг.   

Хулан бүсгүй аавынхаа хурал хийж байх үеэр орж ирэн загнаж, хэлсэн үгс нь шууд л үхэлд хүргэж, сандал тавин цонхоор үсэрч байгаа зэрэг нь үйлийн үрийн ухаарлын нэг хэсэг нь бололтой.

Аав нь тэгж их хичээж, охиныхоо төлөө бүхий л амьдралаа зориулсан атал эд хөрөнгө, хайртай бүхнээ хаяад шууд л үхлийг сонгож байгаа нь арай л логикгүй болсон.

Олон үйл явдлуудыг дараалсан шугаманд биш зэрэгцсэн шугаманд үзүүлсний нэг илрэл нь энэ. Найруулагчийн гол санаа бол аавд эд мөнгө чухал ч гэлээ эцсийн эцэст бүхнээ зориулсан хайртай охин нь ийм хатуу үг хэлсэнд зүрхэнд нь хүнд тусч үхэхээс өөр гарцгүй болгож буйг харуулсан байх гэж ойлгосон. Амьдрал хатуу биш үнэн хатуу гэж хэлээд байгаагийн цаад учир нь энэ л байх.

Олон зэрэгцээ үйл явдлуудын нэг нь Хулан бүсгүй барималчин залуугийн гэрт борооноос хорогдох гэж санамсаргүй ороод дурлачихсан явдал. Энэ бас л хатуу үнэн. Ааваасаа зугтаан тэр залуугийн мотоциклийн ард сундлан салхи татуулан давхих түүнд юутай ч зүйрлэмгүй азжаргал байсан. Гэтэл тэр эхнэр, хүүхэдтэй гэдгээ хэлдэг. Дараа нь бүсгүй түүнийг нь ч тоолгүй түүнтэй энгэр зөрүүлэхийг хүснэ. Үүнийг бас нэг үйлийн үр гэж хэлж болох юм. Магад дөнгөж төрсөн эр нөхөрөө хүлээж буй нялх биетэй эмэгтэйг бодолгүй өөрийн хувийн жаргалаа бодсон нь түүний алдаа болсон гэдгийг үүн дээр харуулсан байх.

Энэ хүртэл гол дүрийн баатрын үзэл бодлын төлөвшил явагдсаар буй ч яг ямар үзэл бодолтой юм бэ гэдэг нь тодрохгүй. Магад тодруулахыг ч хүсээгүй байх. Өнөөх л олон зэрэгцээ үнэнүүдээ гаргах гээд гол дүрээ мартаж орхисон байх.

Аав нь эрх мэдэлд шунаж сайдынхаа саажилттай охинтой дэр нэгтгэж, түүнийг хөл хүндтэй болгож, эцгийг нь үхсний дараа бүх эд хөрөнгийг нь өөрийн болгоод охиныг нь асрамжийн газарт орхиод явдаг. Тэр залуу байсан болохоор эх үр хоёрыг хагацааж том нүгэл хийж байгаагаа мэдээгүй. Саажилттай эх нь арай ядан арван хуруугаа эвлүүлэн өдөр бүр охиндоо захиа бичиж байхад аав нь нэг ч захиаг нь охинд нь уншуулаагүй. Яасан хатуу сэтгэл вэ. Үүнийг хүүгээ алга болсны дара Хулан мэдээд маш их шаналдаг. Тэрээр ээжийгээ үхсэн л гэж бодож ирсэн.Түүнд ээжээс нь үлдсэн ганц юм нь эрвээхийний хатаамал хийсэн тэмдэглэлийн дэвтэр л байсан.

Гэтэл хүү нь тэр дэвтрийг элгэндээ тэвэрсээр хаднаас нисэж үхсэн байхыг олох юутай эмгэнэлтэй. Ээж нь нас бараад удаагүй байсан болохоор зээ хүүгээ дагуулаад явжээ гэж хэлж болохоор зураглал толгойд бууна.

Энэ бүх үйл явдлуудыг эрвээхий холбоно. Хулангийн гар дээрээ шивүүлсэн эрвээхий, ээжийнх нь эрвээхийн цуглуулга, хүү нь эрвээхий барих гэж яваад өнгөрсөн зэрэг нь бүгд ёр бэлгийн шинжтэй. Тэгэхээр энэ кинонд ямар ч их юмыг нэг дор зэрэгцүүлэн харуулсан юм бэ дээ гэж хэлж дуу алддаггүй юмаа гэхэд “Өө нээрэн ингэж бас хийж болдог юм байна шүү дээ” гэж бусдад санаа өгөхөөр болжээ. Харин энэ нь түрүүн хэлсэнчлэн киноны хөгжлийг “Өөдлүүлэх үү, өөтүүлэх үү” гэдгийг өөрсдөө тунгаана буй за.

Сурталчилгааг нь хараад хүн бүрийн үзэхийг хүсч байсан хэсэг нь яах аргагүй сунаж мөргөдөг хэсэг. Кинон дээр гарч байгаа шиг гэнэт л ухаан орж, ямар ч бэлтгэлгүй, юу ч бодохгүй шууд гэрээсээ гараад сунаж мөргөөд эхлэх нь байтугай зүгээр алхаад Өвөрхангай орчих хүн Монголд ховор. Энэ нь аливаа зовлон шаналлыг нэг мөр дуусга, ердөө ингээд л сунаж мөргөөд Төвхөн хийд орчиход болчихдог юм гэж байгаа ч юм шиг, нөгөө талаараа иймэрхүү дайны золиос гаргачихсан байхад таны үйлийн үр чинь барагдахгүй гээд яахын гээд байгаа ч юм шиг. Их л дураараа шийдэлтэй. Тэгснээ Төвхөн хийдийн хашааны босгон дээр ирээд орохгүй буцаад гүйчихэж байгаа нь их сонин. Магад уулын бэлд хайртай залуу нь хүлээж байгаа болохоор тэгтлээ яарсан ч юмуу гэж хардаж болохоор. Аль эсвэл дөрвөн улирал дамнан сунаж мөргөсөн юм чинь хийдэд орж бурхны өмнө залбирах шаардлагагүй гэж бодсон юмуу, эсвэл амьдрал дуусаагүй байна, ахиад бурхан тантай би үхэхийн цагт тооцоо бодъё гэж байгаа юм уу, уулнаас  их л бардам бууж оддог.

Киноны төгсгөлд дахин хүүхэд гаргаад түүнийгээ эрхлүүлж буйгаар гардаг. Эхнэрээ хаяад түүн дээр буцаад ирсэн залууд “Би чамайг маш их хүлээсэн. Сайн аав болоорой” гэж хэлж байгаа нь би чамтай суухгүй гэж байгаа юм уу, аль эсвэл хоёулаа суугаад хүүхэдтэй болохоор сайн аав болоорой ч гэж байгаа юм уу бүү мэд. Магадгүй тэгж сунаж мөргөснөөрөө өөрийнхөө өмнөх хийсэн бүх алдаагаа залруулаад дахин шинээр амьдрал эхлүүлэх эрхтэй боллоо гээд хайртай залуутайгаа сууж, хөөрхөн үрээ эрхлүүлэн суугаагаар кино дуусч байж ч болох юм. Хайрынхаа төлөө тийм их золиос гаргаж болдгийг харуулсан нь гайхалтай.

Хар тамхи, секс, мансуурал гээд баячуудын хүүхдүүдийн хийдэг зугаа цэнгэлийг дэндүү их харуулсан нь өсвөр үеийнхэнд буруу үлгэр дуурайл болохуйц, илүүдсэн хэсэг гэж хэлж болохоор байлаа. Гэхдээ сүүлийн үед баячуудын хүүхдүүд хар тамхинд донтож, амьдралаа алдаж буй тухай их сонсогдох болсон. Магадгүй энэ киноноос сургамж аваасай ч гэж гаргасан байж болох юм. Гэхдээ бүхэл бүтэн кинонд тэдэнд зориулж сургамжит хэсэг оруулах хэрэг байсан ч юмуу үгүй ч юмуу. Жүжигчин Д.Пүрэвсүрэн нэгэн ярилцлагандаа “Баячуудын хүүхдүүд ч гэсэн алддаг. Үйлийн үр хэнийг ч ялгадаггүй юм гэдгийг харуулахыг хүссэн” гэж хэлсэн нь энэ юм болов уу.

Ингээд уг киноны продюссер Б.Навчаагийн хэлснээр энэ кино тэсрэлт болсон уу гэдгийг уншигч та бүхэн мэргэн оюундаа тунгаана буй за.

О.ӨНӨРЦЭЦЭГ.

Сэтгэгдэл (1)

  • Otgon
    Vneniig bichjee taalagdlaa
    2018 оны 03 сарын 11 | Хариулах
Сурталчилгаа