TIME OUT
М.Алтанхундага: Нэг тал нь тэр хүний ертөнц, нөгөө тал нь миний харж байгаа ертөнц
Огноо: 2018-03-13 10:31
Нийтлэгч: read.mn

 

Монголын уран зургийн галерейд залуу зураач М. Алтанхундагын “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн оролцогчдын хөрөг үзэсгэлэн нээлтээ хийлээ. Зураач хүмүүсийн нүүрэн хэсгийг тал зурсан байх юм. Энэ нь зураачийн тэр хүмүүсийг харж буй ертөнц гэнэ. М.Алтанхундага, “Би зураач болох гэж зурж сураагүй юм шүү. Би гараа дасгалжуулж, эрүүл байхын төлөө л зурж эхэлсэн. Анх арван хэдхэн насандаа чи гаргүй болно гэж сонсоод нэг л удаа шантарсан. Харин түүнээс хойш нэг ч удаа ухарч үзээгүй учраас өдий зэрэгтэй явж байгаа юм болов уу гэж боддог” хэмээн нээлтийн үеэр онцолж байсан юм.

Мөн түүнтэй үзэсгэлэнгийн талаар цөөн хором ярилцсан юм. Тэрбээр, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг анх гарахад нь л шимтэн үздэг байсан. Оролцож буй хүмүүсийн нэрийг нь мэддэг мөртлөө юу хийж бүтээснийг нь мэддэггүй мундаг хүн гэж бодохоос цаашгүй байсан. Өөрийнхөө тухай ярихыг нь сонсоод тэр хүнийг ойлгож эхэлдэг. Энэ нэвтрүүлэгт би уусаад орчихсон. Ингээд эдгээр хүмүүсийг судлаад, хөрөг зурахаар шийдсэн. “Монгол тулгатны 100 эрхэм”-ийн 49 дугаарыг залуучууд бүгд үзсэн бол олон юмыг ойлгох болно гэсэн үүднээс үзэсгэлэнгээ гаргая гэж бодсон. Ямарваа нэгэн зургийг зурахдаа мэдээж судалгаа хийдэг. Нэг хүнийг нэгээс хоёр сар судалж, мэдээлэл цуглуулж зурдаг. Хичнээн судлаад ч би 100 хувь мэдэж чадахгүй учраас тал зурсан. Яагаад гэвэл тал нь тэр хүний ертөнц, тал нь миний харж байгаа ертөнц. Хажуу талд нь нэрийг нь биччихээр тэр хүн бүтэн болчихож байгаа. Хүн хорвоод ирэхдээ бие, нэр хоёроос бүтдэг учраас нэрийг нь бичсэн. Яг ажиглавал нэг нүд л байхгүй болохоос хэн ч харсан бүтэн юм шиг үзэгдэнэ.Таваас зургаан жилзарцуулж өнөөдөр үзэсгэлэнгээ нээж байна. Сүүлийн зургаа өнгөрсөн нэгдүгээр сард зурж дуусгасан. Мөн Эрдэнэт, Дархан хотод үзэсгэлэнгээ гаргах төлөвлөгөөтэй байгаа. Цаашдаа боломж гарвал бусад аймаг хотуудад гаргах бодол бий. Хүн гэдэг бол ерөнхий ойлголт. Дараагийн удаа“Хүн” гэдэг нэрийн доор дэлхийн одод, эртний баатруудыг зурах бодолтой байгаа. Үзэсгэлэнгээ гаргахад минь туслаж дэмжсэн бүх хүмүүсдээ маш их баярлалаа гэж хэлмээр байна” гэж ярилаа.

М.Аззаяа: Миний дүү багадаа гартаа гэмтэл авсан

Харин зураачийн төрсөн эгч М. Аззаяа ярихдаа, Миний дүү зураач биш хувцасны дизайнер мэргэжилтэй. Багадаа гартаа гэмтэл авч бүрэн ажиллагаатай байлгахын тулд бага багаар дасал болгон зурж эхэлсэн. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг гарсан цагаас нь эхлэн шимтэн үздэг байсан. Яваандаа өөрөө энэ эрхмүүдийн хөргийг зурж өнөөдөр үзэсгэлэнгээ гаргах хэмжээнд хүрсэн байна. Одоогийн байдлаар эфирт гарсан 49 эрхмийг зурсан байгаа” гэсэн юм.

Б.Бааст: Хөөрхөн хүүхэд байж ээ би, одоо муухай өвгөн болчихсон байна

Үзэсгэлэнгийн нээлтэд “Монгол тулгатны 100 эрхэм”-ийн нэг, Ардын уран зохиолч, СГЗ Б.Бааст хүрэлцэн иржээ. Тэрбээр, “Өөрийнхөө зургийг хараад инээд минь хүрч байна. Хөөрхөн хүүхэд байж, одоо би муухай өвгөн болчихсон байна. Ийм зургийн үзэсгэлэн гарна гэж би зүүдлээгүй. Энэ бол агуу их чадал, авъяас, ур ухаан, харах нүд юм. Ингэж зурна гэдэг үнэхээр гайхалтай. Энэ зургууд  хар цагаан, нүгэл буян, зовлон жаргал гээд  бүхнийг гаргаж гэж бодож байна гэв.

П.Очирбат: Үр хүүхдээ заавал том эрдэмтэн болгох гэж зүтгэлгүй, бүтээлч авъяасыг нь хөгжүүлээч, эцэг эхчүүд ээ

Мөн “Монгол Тулгатны 100 эрхэм”-ийн нэг, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат нээлтийн үеэр ийн ярьсан юм. “Үзэсгэлэн нээгдэх гэж байна, хүрч ирээч гэсэн урилга аваад яг ухааныг нь би сайн олоогүй. Биднийг зурсан юм шиг ярьсан.  Би энэ хүүхдийн тухай ерөнхийдөө эхнэрээсээ дуулсан л даа. Багадаа гар нь гэмтсэн гэж сонсогдсон. Асар их бүтээлч зориг хатуужилтай, хүсэл тэмүүлэлтэй, тэрэндээ хүрэхийн төлөө бие сэтгэлээ дайчилдаг хүн юм байна гэсэн баримжаатай ирсэн. Энэ хүүг барааг нь харъя, таньж мэдье, баяр хүргэе, бүтээлийг нь үзье гэж бодсон юм. Тэгээд харах нь ээ цогтой жавхлантай сайхан хүү байна. Би энэ далимд агуу их бүтээлч зураач болоорой гэж ерөөе. Дэлхий ертөнц аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалд шилжлээ гэж яриад байна. Тэр үед өөрийнхөө авъяас, мэдлэг чадварт тулгуурлаж хөгжинө, амьдарна, амь зууна шүү гэсэн утгатай. Хүний гар харах, бусдын ам дагах, энд тэндээс гуйх юм байхгүй шүү. Өөрсдөө бие дааж амьдрах чадвар, боловсролыг эзэмшээрэй гэж захиад байгаа юм. Тэр хувьсгал гээч нь одоо таван хүний ажлыг нэг хүн хийдэг болж, энэ бүх аж үйлдвэрийн хүрээнд хийж байгаа зүйлсийг чинь машин хийдэг болох нь. Тэгээд хүний ажлын байр  хомсдох юм байна.  Ийм нөхцөлд хүнээ яаж боловсролтой болгох вэ, яаж бие дааж амьдрах чадвартай болгох вэ гэж яригдана. Эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгээс авахуулаад дунд сургууль,  дээд сургуульд явуулаад л сайн  боловсролтой болгоод байна гэж бодоод байна. Харин ирэх он жилүүдэд хүн өөрт байгаа авъяасыг тодруулаад, тэрэндээ тулгуурлаж ажиллаж амьдрах  юм байна. Энэ хүүхэд өөрийгөө дайчлаад, хэдийгээр хүнд бэрхшээлтэй тулсан ч сэтгэлийн тэнхээгээр даван туулаад ийм сайхан бүтээлч боллоо. Залуу хүн болгоныг ийм  бүтээлч чадвартай байгаасай гэж хүсч байна. Битгий ийшээ тийшээ ажил, мөнгө эрж, эх орноо орхиод  яваад байгаач ээ гэж хэлмээр байна. Эндээ эх орондоо хийж  бүтээх зүйл асар их байгаа шүү дээ, залуучуудаа. Үр хүүхдээ заавал том эрдэмтэн болгож өсгөж хүмүүжүүлэх гэж зүтгэхээ болиочээ, сайхан бүтээлч авъяасыг нь хөгжүүлээч гэж эцэг эхчүүдэд захия” гэлээ.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа