Улс төр
Х.Нямбаатар гишүүн таван настай хүүхдийнхээ дансанд 500 сая төгрөгтэй шүүгчийг “илрүүлэв”
Огноо: 2018-03-13 12:22
Нийтлэгч: read.mn

Өчигдөр “Цензургүй яриа” нэвтрүүлгээр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар шүүх засаглалыг шүүмжилж, анхан шат болон давж заалдах шатны шүүгч нар хэдэн төгрөгний авлигал авдагийг дэлгэлээ.

Х.Нямбаатар “Шүүх засаглал сүүлийн 28 жил нэг нэг ч ард түмнээр дүнгээ тавиулаагүй. Яагаад гэвэл эд нар ард түмнээс урвасан. Өнөөдөр нууц биш шүү дээ. Захиргааны хэргийн шүүгч нар хөрөнгөжсөн. Зарим шүүгчийн дансанд сая доллар байсан шүү дээ. Хэдхэн жилийн өмнө. Эхнэр нь нотариат хийдэг. Тэр орлогоор сая доллар олсон гэсэн. Таван настай хүүхдийнх нь дансанд 500 сая төгрөг байна. Бид ийм шүүгч нартай шударга ёс яриад яах юм бэ. Өнөөдөр Захиргааны хэргийн шүүх дээр илт хууль бус эвлэрлийг баталдаг шүүгч нар олон бий. Маргааш үүнийг ярилаа гээд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Захиргааны хэргийн шүүхээр хүн гүтгүүлсэн гээд шалгуулж болно. Би дараа нь баримт гаргана. Ашигт малтмалын лиценз хууль бусаар авсан гэдэг асуудлаар шүүхдэлцээд явахаар хууль бус эвлэрэл хийдэг, баталдаг. Анхан шатны шүүх дээр 50 мянган ам.доллар, давж заалдах шатны шүүх дээр 100 мянган ам.доллар, Хяналтын шатны шүүх дээр 200 мянган ам.долларын авлига авдаг гэдэг яриа явчихлаа. Энэ хүмүүст бид хамгийн өндөр цалинг өгч байна, бүх насаар нь албан тушаалд тавьж байна. Бид үүнийг өөрчлөөгүй цагт шударга ёсны талаар яриад хэрэггүй. 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “шударга л байя” гэж байгаад эхлүүлсэн шүүхийн шинэчлэлийн үр дүн энэ” гэв.

Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэвлэлийн албанаас тодруулахад “Энэ талаар одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.

О.ӨНӨР

Сэтгэгдэл (1)

Сурталчилгаа