Эрүүл мэнд
О.Отгонжаргал: Гүзээ болон салбант сархинагаар хийсэн чихрийн шижингийн эсрэг цайг бид үйлдвэрлэж байна
Огноо: 3-13
Нийтлэгч: Б.Наранчимэг

 

Дэлхий нийтэд “чимээгүй тахал” хэмээн нэрлэгдэх болсон чихрийн шижин өвчний үед сахарын хэмжээг өндөр үр дүнтэй бууруулах цайг монгол хүн гарган аваад байна. Энэ талаар “Санжайн хишиг” ХХК-ний захирал О.Отгонжаргалтай ярилцлаа.

-Чихрийн шижингийн үед сахарыг бууруулах олон төрлийн эм бэлдмэл байдаг. Танай цайны найрлагад юу юу орсон бэ?

- Манай оронд 457 төрлийн шимт ургамал ургадаг бөгөөд түүнийг идэж байгаа малын гүзээг бид судалсан. Гүзээг хуурай бэлдмэл болгох тухай гурван ч монгол эрдэмтний судалгаа байдаг юм билээ. Гүзээ бол коллаген болоод уургийн агууламж маш өндөртэй. Тэгэхээр манай цайны үндсэн түүхий эд нь малын гүзээ, салбант сархинаг юм. Үүний дээр хүрэн манжин, мангоны навч, синамон гээд модны холтос орж байгаа.

-Хүрэн манжинг чихрийн шижинтэй хүмүүст хориглодог шүү дээ?

- Хүрэн манжин холестерин бууруулна, элэг хамгаална, цус төлжүүлнэ гээд олон талаар хүний биед сайн нөлөөтэй. Чихрийн шижингийн өвчинд хориотой хоол хүнс гэж байдаггүй.  Өдөрт хичнээн кило калори хэрэглэх ёстой  талаарх боди масс индекс гэж байдаг. Тэгэхээр хүрэн манжинг зохистой хэмжээгээр нь хэрэглэж болно гэсэн үг. Үүнээс гадна синамон модны холтосыг дэлхийн эрдэмтэд байгалийн инсулин гэж үздэг юм билээ.

-Энэ санаа анх таньд яаж төрөв?

- Миний нэг сайн найз чихрийн шижингээр өвдөөд хөл гараа тайруулах болж, Солонгос руу эмчилгээнд явсан юм. Тэр найздаа туслах юм сан гэж бодож явсаар байгаад энэ цайг гаргаж авсан. Анх хөдөө аялж явахад нэг таньдаг ах маань “гүзээ сархинаг хэрэглээд хорь гаруй жил энэ сахарыг хэвийн хэмжээнд нь бариад явж байна” гэж надад ярьсан. Тэндээс л санаагаа олсон доо.

-Гүзээний амт, үнэрийг таашаадаггүй хүмүүс ч бий шүү дээ?

- Гүзээгээ боловсруулж, үнэр амтыг нь хүмүүс хэр хүлээж авдаг талаар, хэрхэн өөрчилж болох талаар судалгаа хийж, арван төрлийн бүтээгдэхүүн гаргасан. Манай цайг хэрэглэдэг хүмүүс цайны орцонд чихэр нэмж болдоггүй юм уу гэж асуудаг. Чихэр хэрэглэж байгаад ийм өвчтэй болсон хүмүүст чихрийн орцтой цай өгч болохгүй л дээ.

- Гүзээгээ ямар технологиор боловсруулж байна?

-Эхлээд гүзээгээ угааж баасыг нь арилгана. Дараа нь өөх холестеринийг нь түүнэ. Үүний дараа буцалгаж ариутгаад хатаана. Тэгээд нунтаглана. Нэг кг гүзээнээс 70-80 грамм нунтаг гардаг. Өртөг өндөр, зардал, хөдөлмөр ихтэй учраас их хэмжээгээр нийлүүлэхэд хүндрэлтэй байх болсон.

-Одоогийн байдлаар хичнээн хүн энэ цайг хэрэглэж, үр дүнг нь үзээд байгаа вэ?

-Бид өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 28-нд цайгаа албан ёсоор борлуулж эхэлсэн. Одоогийн байдлаар 3000 хүн хэрэглэж, сахарын хэмжээгээ бууруулаад байна.

-Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юу?

- Чихрийн шижинтэй хүмүүс эм удаан уухаар ходоод нь шархлах, элэг, бөөр нь өвдөх гээд дотоод шүүрлийн эрхтнүүдээ гэмтээх аюултай байдаг. Манай цайны хувьд ямар нэг сөрөг нөлөөгүй. Эм судлалын хүрээлэнгийн туршилтаар баталгаажсан. Судалгааны дүн 54 хувьтай гарсан гэдэг бол чихрийн шижинтэй тэмцэх бүтээгдэхүүнүүд дундаа нилээн өндөр үзүүлэлт харуулсан гэсэн үг. Мөн мэргэжлийн хяналтад нян хор судлалын шинжилгээ өгөөд дууссан.

-Энэ цайг ямар заавраар хэрхэн хэрэглэх вэ?

-Сахарын хэмжээнээс шалтгаалаад өдөрт нэгээс гурван ширхэгээр ууж болно. Эм судлалын хүрээлэнгээс сахарын хэмжээ 18-аас дээш хүн өдрийн гурваар, 12-18-тай хүн өдрийн хоёроор, 12-оос доош байгаа хүн өдрийн нэгээр нэг сар уухад сахарын хэмжээ 54 хувь бууна гэж дүгнэсэн.

-Зөвхөн цай уугаад энэ өвчнөөс бүрэн салах боломжтой юу?

-Хооллолт дасгал хөдөлгөөн бол чихрийн шижингийн хамгийн гол эмчилгээ. Чихрийн шижингийн дөрвөн хэлбэр байдаг. Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижинг бүрэн эдгэх боломжтой гэж Америкийн эрдэмтэн нотлоод байгаа. Тэр хүн эм тариа бол сахарын хэмжээг түр бууруулаад орхидог. Голыг нь олж эмчилж чадахгүй байна гэж үзсэн. Тэгэхээр байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглээд давхар дасгал хөдөлгөөн, хоол хүнсэндээ анхаараад байвал чихрийн шижингээс бүрэн салах боломжтой гэжээ.

-Танай цайг анагаах ухааны салбар хэрхэн хүлээж авч байна?

-Анагаахын эмч нар өвчтөнүүддээ санал болгоод эхэлсэн. Одоо манай бүтээгдэхүүнийг чихрийн шижингийн нэгдүгээр хэлбэр дээр туршиж үзье гэсэн байгаа. Нэгдүгээр хэлбэрийг бүрэн эмчлэх юм бол дэлхий нийтэд том нээлт болно гэсэн үг.

-Чихрийн шижин өвчний талаар та өөрийн судалж мэдсэн зүйлсээсээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Чихрийн шижин бол их эртний өвчин. Бүр дээр үед “шээсэнд нь чихэр амтагдах өвчин” гэж оношилж байсан. Дэлхий дээр өнөөдөр найман секунд тутамд нэг хүн чихрийн шижин өвчнөөр нас барж, гурван секунд тутамд нэг хүн хөлөө тайруулдаг гэсэн тоо баримт бий. Өвчлөл энэ эрчээрээ өссөөр байвал 2040 он гэхэд 642 сая хүн сахартай болно гэж байгаа. Монголд 70-80 мянган хүн чихрийн шижинтэй байна. Мөн хүүхдүүд удамшлын замаар өвчилж байна. Энэ бол аюулын харанга. Тийм болохоор хүн бүхэн бэлхүүсний тойргоо хэмжиж үзээд эмэгтэй хүн 80 сантиметрээс дээш, эрэгтэй хүн 90 сантиметрээс дээш байвал автоматаар чихрийн шижингийн эрсдэлд орж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр урьдчилан сэргийлэлт хамгийн чухал байна.

 

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа
Санал болгох