Улс төр
У.Барсболд: Монголын өвөрмөц онцлог, даацад тохирсон үсрэнгүй хөгжлийг бид өөрсдөө бүтээх чадвартай
Огноо: 1 сарын 3
Нийтлэгч: Дөлгөөн

Монголын Залуучуудын Холбооноос оны төгсгөлд нийгэм, улстөр, эдийн засаг бизнесийн шилдэг залуу гэж шалгаруулдаг уламжлалтай. Харин шалгарсан залуус нь ирж буй шинэ ондоо багтаж Монгол Улсын хөгжлийн талаарх өөрийн санал санаачлага бүхий илтгэлийг тавьдаг. 

Энэхүү илтгэлүүдийг бид Монголын Залуучуудын Холбоотой хамтран 17 дахь цувралаа хүргэхээр бэлдлээ.

2003 оны нийгэм, улс төрийн салбарын шилдэг залуугаар тодорсон БОАЖ-ын сайд асан У.Барсболдын илтгэлийг хүргэж байна.

МОНГОЛЧУУДЫН ТУХАЙ

Монголчууд бид хэн бэ гэдгийг дэлхий мэддэг. Тусгаар тогтносон, омголон тайван ард олонтой, түүхэн уламжлал, соёлтой, Чингисийн Монгол гэж тэд хэлдэг. Харин бидэнд өөрсдийн тухай ийм мэдлэг хангалтгүй юм. Олон зууны турш хүнд бэрх сорилыг давж, өргөн уудам тал нутагтаа сийрэг суурьшин, цагтаа хагарч бутарч, эгзэгтэй цаг үед нэгдэн нягтарч чаддаг, гайхамшигтай ирмүүн тэмүүлэл, тэрсүү зан чанартай өвөг дээдсийн үр удам гэдгээ бид мэднэ. Монголын гайхамшгийг тоочиж барахгүй ч хүн, тэр тусмаа ард түмэн өөрийн сул тал, алдаа оноог мэддэг байж л сая өөрийгөө таньж, буруугаа засч, зөвийгөө өвлөх чадвартай, оршин тогтнох хувь заяатай байх болно. 

Яагаад ийм цөөхөн хүн амтай, бусдаас өөр, суурьшлын бус аж ахуйтай байна вэ? Монголдоо болохоор ажил голоод хийдэггүй, харь оронд, Америк, Англи, Европ, Солонгост очихоороо хар бор бүх ажлыг ямар ч эмзэглэл, түүртэлгүйгээр хийх болсон өнөөгийн бодит байдал юуных вэ? Олдсон газраа тордож чанаржуулах сөхөөгүй, өнөөдөр болбол маргааш яахав гэж өөрийгөө хуурдаг, маргааш хийнэ гэж бусдыгаа молиго өмхүүлдэг зан бидний төрөлх араншин уу? Өндөр уулын бүсэд, эрс тэс уур амьсгалтай, туйлын эмзэг байгаль, усны хомстол, дулааны гачаалтай газар нутагт бид болохгүй зүйлийг байгуулах, бусдын адил хөгжих гэж тэмүүлсээр алдаж байна уу?

Бидний өвөг дээдсээс уламжлагдан ирсэн аж ахуйн хэлбэр тун цөөхөн хэдэн хүндээ тохиромжтой, байгальдаа зохицсон шилдэг арга байсан байж болох ч өнөөгийн нэг сая хүнтэй төвлөрөл бүхий Улаанбаатарт амьдрал ямар хуулиар зохицуулагдан явагдах ёстой талаар бид дорвитой бодож төлөвлөж байсан уу? Дэлхийн тэргүүний хөгжилтэй аль ч улсын төрийн зүтгэлтэн бүр мөрөөдөж суухаар хэмжээнд нийтээрээ боловсорсон бидний монголчууд сүүлийн хэдэн зуунд гундуухан явсны шалтгаан хаана байна?

Хүн амын дийлэнх хувь нь өсөх идэр насны залуучуудаар төлөөлөгдсөн бидэнд асар ирээдүй байгааг өөрсдөө мэдрэхгүй байгаа юм болов уу гэсэн үй түмэн, энгийн боловч шууд цэгцтэй хариулахад түвэгтэй асуултуудаар Монголчууд бүрэн тодорхойлогдож байна. Хариултгүй, эсхүл хариулахад хүнд байдаг маш олон энгийн асуулт хариултаа хүлээж байна.

 

Сурталчилгаа