TIME OUT
Г.Саранчимэг: “Бүрх малгайтай Саскиа” хуулбар бүтээлийг нь гурван сая доллараар үнэлж байсан
Огноо: 2018-04-05 08:48
Нийтлэгч: Б.Наранчимэг

 

Монгол Улсын ардын зураач Балбарын Гомбосүрэнгийн охин хувцас загвар зохион бүтээгч, зураач Г.Саранчимэгтэй ярилцлаа.

-Аав тань уран зураг, зураасан зураг, чимэглэлийн урлаг гэсэн дүрслэх урлагийн гурван том төрлөөр олон арван бүтээл туурвисан байдаг.  Уран бүтээлээс нь дээжлэн хүргээч?

- Бид өнгөрсөн жил аавын 85 жилийн ойн арга хэмжээг угтаж, СУИС-ийн зураг урлалын ангийн оюутнуудтай уулзахад тэд Б.Гомбосүрэн гэдэг ардын зураачийн талаар, нэг ч уран бүтээлийг нь нэрлэж чадахгүй байсан. Хувь хүн талаас нь мэдэхгүй байж болох ч энэ хүн манай урчуудын эвлэлийн салбарын хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулсан, торгон хэвлэлийг үндэслэгч, монгол зургаар олон сайхан шавь нарыг бэлтгэсэн гэдгээр нь мэдэж байх ёстой. Аав минь Сурыковын нэрэмжит урлагийн сургууль болон Бээжингийн урлагийн академид сурч байсан болохоор өрнө, дорнын их урлагийн арга ухааныг бие сэтгэл, авьяас билгээрээ мэдэрч шимийг нь шингээсэн зураач байлаа. “Шинэ төрийн эзэд ирлээ”, “Тусгаар тогтнол”, “Цэмбэний үйлдвэр” зэрэг түүх, аж байдлын сэдэвт зургууд, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Чингис хаан, Д.Сүхбаатар зэрэг хөрөг зургуудыг зурахдаа хятадын “гохуа” зургийн арга барилыг нутагшуулж, монгол зургийн уран сайхны арга ажиллагааг баяжуулж чадсан юм. Аав минь миний хувьд бахархал, бардамнал, ухаарал, өмөг түшиг минь байсан. 1979 онд Улстөрийн товчооны нууц тогтоолоор сансрын нислэгийн комисс байгуулагдсан. Жадамба генерал, Чадраабал гуай, Даваадаш гуай нарын хамт миний аав тэр комисст багтаж байлаа. Аав монгол хүн сансарт анх ниссэн түүхэн үйл явдалтай холбоотой тав зургаан мянган эх загвар хийсэн гэж яридаг. Харин ерээд оноос хойш голдуу байгалийн сэдэвт зураг зурах болсон.

-Ардын зураач Д.Гомбосүрэн гуай Рембрандтын “Бүрх малгайтай Саскиа” бүтээлийн А копи хувилбарыг зурсан гэдэг. Ямар түүхтэй бүтээл вэ?

-Аав 1968 онд Германы Дрезден хотын уран зургийн музейд сэргээн засварлах ажлыг сурах хугацаандаа Рембрандтын “Бүрх малгайтай Саскиа” хөрөг зургийг хуулбарлан зурахыг хүссэн гэдэг. Германы мэргэжлийн сэргээн засварлагчид, урлаг судлаачид эхэндээ аавын хуулбарлан зурж буйг үл тоомсорлон, басамжилсан байдалтай ханддаг байсан  гэнэ.  Гэсэн ч аажимдаа өөрчлөгдөн галерейн захирлын тусгай сайн чанарын будаг бийрээр хангаж, хоорондын харилцаа эрс өөрчлөгдөж хуулбараа амжилттай дуусгасан юм билээ. Ингэж аав Рембрандтын “Бүрх малгайтай Саскиа”-н А копи хувилбарыг зурсан. Тухайн үед Германы соёлын яамнаас аавд минь зориулж тусгай хүлээн авалт зохион байгуулж, жинхэнэ эх бүтээл устаж үгүй болсон нөхцөлд аавын зурсан “Саския”-гийн хуулбар зургийг гурван сая ам.доллараар худалдаж авах болзолтой гардуулж байсан гэдэг. Аав бүтээлээ худалдалгүй эх орондоо авчирсан. 

-Таны аав бол Монголын ард түмнээс төрсөн 15 ардын зураачийн нэг. Ардын зураач цолыг хэдэн онд авсан бэ?

- Миний аавын авьяас билгийг төр засгаас үнэлж, 1981 оны долдугаар сарын арванд  Монгол Улсын ардын зураач цолыг хүртээж байлаа. Тэр өдөр миний ээж мөн хүний гавьяат эмч болж манай гэр бүлд давхар баяр тохиосон юм. Үүнээс өмнө 1974 онд аавыг УГЗ цол хүртсэн өдөр ээж мөн профессор цол хүртэж байсан гэдэг. Ингэж л аав ээж хоёр маань тухайн цаг үедээ гэр бүлийн хоёр хүн бие биедээ өмөг түшиг болж чадвал ямар амжилтанд хүрч болдгийн үлгэр жишээг харуулж чадсан. Хожим гэрлэх ёслолын ордноос аав ээж хоёрыг 50 жил ханилсан, анхны “алтан гэр бүл”-ээр бүртгэж, өргөмжлөл гардуулж байлаа.

-Аав ээж хоёр тань Монголын нэгэн үеийн сэхээтнүүд. Анх танилцаж байсан нандин дурсамжаас нь хуваалцаач?

- Миний ээж Анагаахын сургуулийн анхны 13 оюутны нэг, аав Зураг урлалын дунд сургуулийн анхны 13 оюутны нэг байсан гэдэг.1952 оны зун гуравдугаар курсийн оюутнууд Сонгины амралтанд амарч явахдаа танилцсан юм билээ. Ээж маань их түргэн хөдөлгөөнтэй, эрч хүчтэй, сэргэлэн, олон зүйл амжуулдаг, хурц ааштай, аав болохоор дөлгөөн, тайван, дуу шуугүй хүн байсан. Намайг өдий наслахад аав нэг удаа муу үг хэлж, загнаж зодож байгаагүй. Муу дүн авчихлаа гэхэд ээж л загнана. Аав бол зүгээр, миний охин болно бүтнэ гээд тайвшруулна. Аав ээж хоёр маань маш их ачаалалтай ажилладаг, гадагшаа дотогшоо сургалт, томилолтод явна. Тийм болохоор эгч бид хоёр багаасаа биеэ даасан. Намайг хоёр настай байхад аав Бээжинд суралцахаар, ээж Австри улс руу зургаан сарын хугацаатай томилогдож байлаа. Тэр бүрт л эгч бид хоёр эмээгийнд эсвэл нагац эгчийнд байна.  

- Аавын тань авьяас билэг таны мэргэжил сонголтод нөлөөлсөн байх. Таныг ямар мэргэжилтэй бол гэж зөвлөдөг байсан бэ?

-Тэгж хэлж болно. Гэхдээ аав намайг сайн урлаг судлаач болох ёстой гэдэг байсан ч би хувцас дизайн, зураг чимэглэлийн ангийг өөрөө сонгосон. Багаасаа аавынхаа хажууд, ерөөсөө л урлагийн орчинд өссөн маань нөлөөлсөн байх. Бас ч гэж тавин хувийн гень байсан болов уу гэж боддог.  Би багадаа маш их зураг зурдаг хүүхэд байлаа. Тэр үед надад цаасаар зурж хайчилсан 600 ширхэг платье, малгай, цүнх, гутал бүхий иж бүрэн хувцастай кукла байдаг байсан. Наймдугаар ангид ортлоо энэ цуглуулгаа баяжуулсан. Аравдугаар ангиа төгсөөд Багшийн дээд сургуулийн зургийн ангид элсэн орох конкурснээсээ би хоцорчихсон юм. Тэгээд л аав дээрээ уйлаад очсон чинь аав “хүлээж бай, намын илтгэлээ дуусгаадахья” гэдэг юм байна.  Би хоёр гурван цаг уйлаад л суугаад байсан. Тэгээд үдийн хойно дөрвөн цагийн алдад багшийн дээд сургууль дээр очтол аавын шавь “Багшаа та яах гэж ирэв” гэхэд “Манай охин конкурснээсээ хоцорчихсон гэнэ. Чи энэний шалгалтыг аваадах даа” гэдэг байгаа. Гэтэл нөгөө шавь нь “Багшаа би дүнг нь шууд тавьчих уу” гэхэд “үгүй, чи шалгалтыг нь ав” гэсэн. Тэгээд  намайг 17 цагт багшийн дээдийн нэг ангид оруулаад ганцааранг нь цоожлоод явчихсан. Намайг бүр мартчихсан. Би дөрвөн цаг сууж, зургийн шалгалтаа үнэнчээр өгөөд 15 оноо авсан. Тухайн үедээ аав намайг ингэж дөрвөн цаг зовоолоо гэж гомдож байсан. Гэтэл энэ бол зарчим. Аав надад өөрийнхөө чадлыг үзэх, юунд орох гэж буйгаа ойлгох, ямар мэргэжилтэй болох гэж байгааг минь таниулж өгсөн. Дараа нь 1984 онд Москвагийн нэхмэлийн дээд сургуулийн зураг чимэглэлийн ангийг төгсөж, хөнгөн хүнсний үйлдвэрийн анхны зураач, дизайнераар томилогдсон. Би гоозүйн комисст загваруудаа батлуулах гээд очихоор аавд их загнуулна. Аав, “өөрийнхөө юмыг голж бай, тууштай, үнэнч бай, гүйцэтгэл гэдэг маш чухал” гэдэг байсан. Энэ нь надад маш их тэвчээр суулгаж, хүлцэнгүй, зарчимч болгож төлөвшүүлсэн. Тэгж төгс төгөлдөрийн төлөө сургагдсан болохоор өнөөдөр олон янзын хувцасны оёдлыг хараад шууд сайн мууг нь ялгаж чаддаг, мм-ийн алдааг хүртэл анзаарч чаддаг туршлагатай, ур чадвартай болсон. Тэвчээр суулгасан. Хүлцэнгүй, зарчимч болгож төлөвшүүлсэн.

-Аавынхаа 85 насны ойг тохиолдуулаад амьдрал, уран бүтээлийг нь харуулсан номыг бүтээж, олны хүртээл болголоо?

- Аглаг бүтээлийн хийдийн хамба лам Пүрэвбат гуай “хүн аав ээжийгээ яаж ч сайхан хувцаслаад, хооллоод ачийг нь хариулж бардаггүй. Эцэг эхийнхээ ачийг хариулах хамгийн зөв арга бол тэдний тухай ном бүтээх явдал” гэж хэлсэн байдаг. Ямартай ч зорисон ажлынхаа ард гарч чадлаа. Аав минь тэнгэрээс хараад баярлаж байгаа байх. Бидний зүгээс аавынхаа уран бүтээлийн үзэсгэлэнг ноднин гаргасан. Аавын минь бүтээлүүд түүхийн гэрч болж, ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн боловч эдгээрийг хэн гэдэг хүн урласныг төдий л сайн мэддэггүй. Тийм учраас хойч үедээ энэ түүх, уламжлал, оюуны баялгийг ямар нэгэн байдлаар, бичвэр болгож үлдээх үүднээс намтар, уран бүтээлийг нь ном болгон хэвлүүлээд байна. Гэхдээ амьд сэрүүн байхад нь л сайн баярлуулж байх ёстой юм билээ. Номын баярын дараа аавын найз зураачид “Үр хүүхдүүд минь бидний түүхийг ингэж үлдээгээсэй” гэж ярьж байхыг сонссон. Тэгэхээр хүмүүсийн сэтгэлд хүрсэн сайхан ном гаргажээ гэж би ойлгож байгаа.

-Хамгийн сүүлд та аавыгаа яаж баярлуулсан бэ?

-1999 онд бид анх гар утастай болоход аав маань гар утас шохоорхоод байхаар нь аавыгаа баярлуулчихья гээд ув улаан нокиа утас авч өгсөн. Тэгэхэд маш их баярлаж, нандигнаад жаахан хүүхэд шиг хөөрч байж билээ. Гэвч түүнийгээ гайхуулж яваад Мөнгөн завьяан үүдэнд суйлуулчихсан. Тэгээд надад хэлэхээс эмээгээд байхад нь би маш их өрөвдсөн. Хожим аав минь их өвдсөн. Нас барахаас нь нэг жилийн өмнө үйлдвэрийнхээ ажилчдын шинэ жилд оруулахад хөөрхий минь их баярласан. Манай үйлдвэр 500 гаруй ажилтантай. Оёдолчид маань аавыг бүжгэнд уриад, хичнээн таягтай ч гэсэн бүжиглээд л залуу насаа дурсаад сайхан байсан биз. Одоо бодоход аавыгаа багахан шиг баярлуулж дээ гэж харамсдаг. Америк үзэх юмсан, Япон явах юмсан гэж мөрөөддөг байсан. Тухайн үед яагаад ч юм тэр мөрөөдлийг нь биелүүлж чадаагүй л юм.  Миний аав нэг зууны таван том өөрчлөлтийг үзсэн ч эр хүний ноён нуруугаа алдаагүй, хүн чанараа хадгалж үлдсэн хүн.

-Номын нээлт дээр найз нөхөд, ах дүүс нь Б.Гомбосүрэн гуайг их цэвэрч нямбай хүн байсан хэмээн онцлон дурсаж байсан. Гэр бүлдээ, үр хүүхэддээ ямар үлгэр дуурайлал үзүүлдэг байв?

-Манай аав их цэмцгэр, нямбай хүн байсан. Дандаа зураг зурдаг мөртлөө цагаан сорочка, нарийхан зангиа зүүгээд явдаг. Цамц нь будаг шунх болоод хиртэнэ гэж байхгүй. Найз нөхөд нь “Ганган Гомбоо”, “Гохуа Гомбоо” гэдэг байсан. Цамцаа өөрөө угааж индүүднэ, хоол сайхан хийнэ, мөн хоолыг урлагтай хийнэ. Тухайлбал, хуушуурыг 32 чимхэх, буузыг заавал лам хэлбэртэй, төмсийг сарнай хэлбэртэй хийнэ. Энэ мэт жижиг зүйлд тэгж их сэтгэл гаргаж байхад ганц удаа ч урмын үг өгч байхгүй яав даа гэж бодогддог. Мөн ажлын төлөвлөгөө, хийсэн ажлаа маш цэгцтэй сайхан тэмдэглэж, хөтөлнө. Уйгаржин монгол, кирилл, ханзаар тун гоё бичдэг, шрифт үсгийн агуу чадвартай байсан. Язгууртан хүмүүс ямар байх ёстойг өвөө маань маш сайн үлгэрлэж үзүүлсэн юм шиг байгаа юм. Эмэгтэй хүнийг яаж хүндлэх вэ гэхээс эхлээд. Намайг 30 нас хүрчихээд байхад “миний охин ядарчихна, аав нь талханд яваад ирье” гэдэг байсан. Их гоё чамин зүйлд дуртай. Гадаад явж ирээд зочид буудлын нэг удаагийн саван бас бус зүйлс авчирч өгөхөөр баярлана гэж жигтэйхэн. Сая ном хийх гээд аавын дипломат хоёр цүнхийг үзээд, “Хөөрхий дөө” гээд би уйлсан. Сахлын притка, татуурга, буудлын нэг удаагийн саван гээд хөөрхөн зүйлсүүд гарч ирсэн. Хаях л ёстой боловч би албаар хадгалсан.

Сэтгэгдэл (2)

  • Урнаа
    Манай Сараа ч мундаг эмэгтэй шүү
    2018 оны 04 сарын 06 | Хариулах
  • Shuree
    Uneheeriin saihan hun baijee. Unshihad l ug uildel ni setgeld buuj duurgej bna shu
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
Сурталчилгаа