Эдийн засаг
Moody’s агентлагаас Монголд өгсөн анхааруулга
Огноо: 2018-04-10 10:14
Нийтлэгч: read.mn

 

Олон Улсын Валютын Сангийн захирлуудын зөвлөл 2017 оны тавдугаар сарын 24-ний өдөр хуралдаж, Монгол Улсад зориулж гурван жилийн хугацаатай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг батлах шийдвэр гаргасан билээ.

Тус хөтөлбөрийн хүрээнд олон улсын банк санхүүгийн байгууллага болон донор орнуудаас өнгөрсөн 2017 онд нийт 728 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсад хийгдсэн бол 2018 онд нийт 836 сая ам.долларын санхүүжилт хийгдэхээр хүлээгдэж байгаагаас ийнхүү эхний 30.55 сая ам.долларын санхүүжилт орж ирээд байгаа билээ. 

Өөрөөр хэлбэл, Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөл 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн гурав дахь шатны үнэлгээний тайланг хэлэлцэж баталсан.

ОУВС-гаас хөтөлбөрийн хэрэгжилт сайн, эдийн засгийн өсөлт нэмэгдэж, төсөв, гадаад валютын нөөцийн гол зорилтууд давж биелэн Монгол Улсын эдийн засаг төсөөлж байснаас илүү хурдацтай сэргэсэн хэмээн дүгнэсэн билээ.

Үүний үр дүнд манай улсад 30.55 сая ам.долларын хөтөлбөрийн санхүүжилт 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Монголбанкны дансанд шилжин орж, улмаар гадаад валютын улсын нөөцийг энэ хэмжээгээр нэмэгдүүлсэн. Ингэснээр тус хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас Монгол Улсад олгосон санхүүжилтийн дүн 152.8 сая ам.долларт хүрээд буй юм.

“Moody's” агентлаг Монгол Улсад “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн шинэчлэлээ хойшлуулах нь зээлжих зэрэглэлд сөрөг нөлөөтэй гэж дүгнэж буй юм байна.

Олон улсын валютын сангийн Захирлуудын зөвлөл хөтөлбөрийн гүйцэтгэлийг өндрөөр үнэлж байгаа ч хөтөлбөрийн хүрээнд хийхээр зорьсон бүтцийн шинэчлэлүүдээс ухрах, эсвэл хойшлуулах нь цаашдаа хандивлагч талуудаас үргэлжлүүлэн тусламж авахад эрсдэл үүсгэж байна. Энэ нь Монгол Улсын эдийн засгийг уул уурхайн мөчлөгийн шинжтэй өөрчлөлтөд өртөмтгий хэвээр үлдэх болно гэж “Moody's” мэдэгдэлдээ онцолжээ.

Энэ нь цаашлаад улсын зээлжих зэрэглэлд сөрөг нөлөөтэйг анхааруулсан байна. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэхээр талуудын тохиролцсон хуулийн төслүүдээс хугацаанаасаа хоцорч хүлээгдэж буй гол хуулиудад Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөл, төсвийн зарцуулалтыг чангатгах, зохицуулах зорилготой төсвийн зөвлөл байгуулах тухай асуудал багтаж байгаа юм.

“Moody's” агентлаг тайландаа ирэх таван жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлт хэрхэн өөрчлөгдөх нь “Оюу Толгой", "Тавантолгой”- н нүүрсний ордын төсөл хэрхэн үргэлжлэхээс ихээхэн хамаарна гэж дурджээ.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа