Эрүүл мэнд
Р.Молор: Ядаргаа бол хүний биеийн хийн махбодийн тогтворгүй байдал юм
Огноо: 4-10
Нийтлэгч: Б.Наранчимэг

 

“Сумади” эмнэлгийн их эмч Р.Молортой ярилцлаа.

-Хавар цагт хүмүүс ядаргаанд орчихлоо гэж их ярьдаг. Ядаргааг анагаахын шинжлэх ухаанд бие даасан өвчин гэж үздэггүй. Тэгэхээр хүмүүс чухам яагаад хавар ядаргаанд ордог юм бол. Үүнийг уламжлалт анагаах ухаанд юу гэж үздэг вэ?

- Уламжлалт анагаах ухаанд хүний биеийн нүдэнд харагдах бүтцээс гадна нүдэнд харагдахгүй бүтэц бий гэж үздэг. Энэ бол амьд амьтан бүхэнд байдаг, цаг улирлын мөн чанараас шалтгаалаад хурж, босч, амирлаж байдаг хий, шар, бадгана юм. Мэдрэхүйн болон сэтгэцийн талын өөрчлөлт ерөнхийдөө хий ангилалд багтдаг. Ядаргаа гэдэг бол хүний биед бодитоор илрэх шинж тэмдэгийн өөрчлөлтгүй, цусан дахь улаан, цагаан эсийн тоо хэмжээ ихэсч, багасч ажиглагддаггүй зүйл юм. Ийм болохоор өрнө болон дорнын анагаах ухаанд бие даасан өвчин гэж үздэггүй. Ядаргаа, сульдаа нь аль ч насны хүнд тохиодог боловч жаахан хүүхэд болон ажил хийдэггүй хүн дээр инээдтэй зүйл мэт харагддаг. Ерөнхийдөө ядаргаа бол хүний биеийн хийн махбодийн тогтворгүй байдлыг л хэлж байгаа юм.  Хий гэдэг бол уламжлалт анагаах ухааны онолын нэг том сэдэв.  Хүний бие махбодын судсаар цусыг хөөж, халуун хүйтнийг мэдэрч, бадгана, шар алинд ч оршин байдаг.

-Хүйтэн хошуутай малын мах идээд байхаар хийрхчихлээ гэдэг. Бидний идэж ууж байгаа хоол хүнс ядаргаанд ороход нөлөөлдөг байх нь ээ?

- Уламжлалт анагаах ухаан гэдэг бол бие махбодийн хувирал явцыг аль нэг эрхтэн дээр туссан тэр өвчлөлөөр нь биш уг мөн чанараар нь ангилж үздэг. Хий, шар, бадгана бол буруудаж, илүүдэж, дутуудаж бий болдог. Зөвхөн байгаль дэлхий цаг улирлын өөрчлөлтөөс гадна бидний идэж ууж байгаа хоол хүнс,  ажиллаж, амьдарч  байгаа амьдралын хэвшлээс хий, шар, бадгана гурван мах бод өөрчлөгдөж, хувирахад нөлөөлж байдаг. Өнөө цагт монголчууд нийтээрээ нүүдэлчин иргэншлээс суурин иргэншилд шилжээд байна. Урьд нь хэрэглэж байсан хоол хүнсний зүйлүүд огцом өөрчлөгдсөн. Тэгсэн ч байгаль дэлхий, цаг улирлыг өөрчилж чадахгүй.

Монголчууд өвлийн турш хүнд хоол идэж, дулаан хувцас өмсөж, хөдөлгөөнгүй суусаар бадгана өвчнийг хуримтлуулж орхидог. Бадгана өвчин хавар босохдоо ходоодны өвчин, үе мөчний өвчин зэрэг хүйтнээс шалтгаалсан өвчлөлүүдээр илэрдэг. Хаврын улиралд  хүмүүс нозоорсон байдалтай, ходоод нь юм хүлээж авахдаа муу, шөнийн нойр нь багассан байдаг. Үүн дээр ажлын ачаалал болон тухайн хүний биед байгаа жижиг гэлтгүй зовиур шаналлаас болж ядаргаа үүсдэг.

Ихэвчлэн суугаа ажил эрхэлдэг хүмүүс хөдөлгөөний хомсдолд орсны улмаас зовиур шаналгаа цугларсаар ядаргаа болдог. Тийм учраас бариа засал хийлгэх, тодорхой цагт унтаж, босох дадлыг хэвшүүлэх, ажил амралтын дэглэмээ зохицуулж сурах хэрэгтэй.  Мөн хоол ундандаа анхаарах хэрэгтэй. Хавар цагт мацаг барих нь хийг улам бадраадаг. Хүйтэн хошуутай малын мах, их хэмжээний ногоо, гашуун исгэлэн ундаа, давс ихтэй хоолноос зайлсхийх хэрэгтэй. Эдгээрийн оронд тэжээллэг, амин дэмээр баялаг, хурдан шингэцтэй шөлтэй хоол идвэл хийг хямрааж чадна. Үүний дараа суурь өвчин эмгэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй.

-Ядаргаанд орсон хүмүүс түүндээ анхаарал хандуулахгүй яваад байвал ямар хор уршигтай вэ?

-Хаврын улиралд эрүүл хүний биед хий хурж, зун босч, намар амирладаг.

Тийм болохоор хий хурах цагт мацаг барих, нойргүй явах, их ярих, даарах, санаа зовинох, биеийн хүчний ажил хийгээд байвал хуралдсан хий зуныг хүлээлгүй босч улмаар даралт ихэсч, харвадаг. Энэ бол хийн өвчин босч байгаа нэг хэлбэр юм.

Хийн өвчний явцыг жишээгээр тайлбарлавал, гэртээ ач охинтойгоо амьдардаг өвөө байлаа гэж бодьё. Охин нь “хаврын улиралд та гадаа удаан суувал ядарч, даралт нь ихсэнэ шүү” гэж зөвлөсөөр байтал охиныхоо эзгүйд гадаа сууж үеийн өвгөчүүлтэй даалуу тоглосоор байдаг. Даралтныхаа эмийг уучихсан юм чинь зүгээр гэж боддог. Даралтны эм бол тухайн өвчний шинж чанар, нэг хэсгийг дарчихаад байгаа болохоос дотор хуралдаж байгаа хий мах бодийг дарж чаддаггүй. Улмаар зун цагт халуун хүйтний тэнцвэр алдагдсаны дараа судасны агших тэлэх чадвар буурч, судас хага үсэрдэг юм.

-Сүүлийн жилүүдэд хавар болохоор витаминжуулалтын аян гэж их өрнөх болжээ. Хүмүүст шаардлагатай аминдэмийг нөхөж, ядаргааг даван туулахад бодитой дэмжлэг үзүүлж чаддаг юм болов уу?

-Хүний ходоод аливаа зүйлийг шингээх чадвар муудаж, биед хэрэгцээт бодисын агууламж буурдаг учраас түүнийг давуулж, эд, эсд шууд шингэх зориулалттай эрдэс тэжээл витаминуудыг өгдөг. Өрнө дахины шинжлэх ухааны нээсэн ололт юм даа. Хаврын цагт хоол ундандаа анхаарч, өдөртөө шөл устай, хурдан шингэцтэй хоол идэх хэрэгтэй. Дарсан исгэлэн болон давслаг хоол ундснаас татгалзах хэрэгтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа
Санал болгох