Улс төр
Олон улсын парламентын холбооноос С.Зоригийн хэрэгтэй холбоотой дүгнэлт ирүүлснийг хэлэлцэв
Огноо: 13 өдөр
Нийтлэгч: read.mn

 

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Олон улсын парламентын холбооноос ирүүлсэн С.Зоригийн хэрэгтэй холбоотой дүг­нэлт, тогтоолыг хэлэл­цэв. Тус холбоо 2000 оноос эхлэн ажлын хэсэг байгуулж, энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шийдвэр зэрэгт санал дүгнэлт хийж ажилласан байдаг. Өнгөрсөн хугацаанд энэ хэрэгтэй холбоотой 50 удаагийн тогтоол гаргаж, ажил­лажээ. Ийнхүү 50 дахь тогтоолыг ОУПХ-ноос Монголын парла­мен­тад илгээгээд байгаа юм. Өчигдөр болсон байн­гын хорооны хурал­даан дээр  энэхүү дүгнэлт тогтоолыг хүлээн авч, Хүний эрхийн дэд хороо­гоор хэлэлцүүлэн шийд­вэр­лүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: ОУПХ-НЫ ГИШҮҮД БИД НАР ШИГ ГӨЛӨГ ЦАРАЙЛСАН ХҮМҮҮС БИШ

-Олон улсын парламентын холбооны гишүүд Монголын дарга нараас айхгүй, тэдний нөлөөнд автахгүй.  Бид нар шиг гөлөг царайлсан хүмүүс биш. Тус холбооноос гаргасан дүгнэлтийн 90 хувь нь үндэслэлтэй. Энэ дүгнэлттэй танилцаад Монгол Улсын хоёр иргэн хилсээр шоронд хоригдож байгаа гэсэн итгэл үнэмшил маань нэмэгдсэн. С.Зоригийн хэргийг мөрдөж байхад сэжигтнээр татсан хүний дүү нь нас барсан, хашаанд нь нас барсан хүний цогцос хаясан. Ингэж болдог юм уу. Бас 14 хоногийн турш том гэмт хэрэгтэнтэй хамт хорьж, эрүүдэн шүүсэн. Ингэж болдог юм уу. Энэ бол эрүүдэн шүүлт юм.  Ийм байдлаар хэрэг  хүлээлгэчихээд өнөөдөр шүүхийн шийдвэрээр далайлгаж, ард түмнийг дарамталж болдог юм уу. Өнөөдөр  С.Зоригийн хэр­гийн бүх процессыг УИХ-аар ярьж, хилсээр ял авсан хүмүүсээ суллах хэрэгтэй. Хуулийн хүрээнд эргэлзээтэй байвал яллагдагчийн талд шийднэ гэсэн зарчим яагаад хэрэгжихгүй байна вэ.  С.Зоригийн хэрэг дээр энэ мэт олон асуудал Үндсэн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж байна.  Хууль зүйн байнгын хорооны гишүүд энэ асуудалд дуугүй сууна гэж  тангараг өргөөгүй шүү.

УИХ-ын гишүүн Л.Болд: МОНГОЛ УЛСЫН ИРЭЭДҮЙ БҮРХЭГ БОЛЖ БАЙГАА ГЭЖ ДҮГНЭЖЭЭ

-Энэ асуудлаарх ажлын хэсэгт би ажиллах саналтай байна. Олон улсын парламентын холбооноос 50 дахь тогтоолоо гаргалаа. С.Зоригийн хэрэгт ажилласан ажлын хэсгийн томоохон дүгнэлт, тайлан мэдээллийг тогтоолоор баталсан. УИХ-ын дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид хүний эрхийн хорооны хуралд нь оролцсон. Олон улсын байгууллагын өмнө үүргээ хүлээгээд авчихсан. Тэр талын албан ёсны мэдээллийг Хууль зүйн байнгын хорооны хурал дээр ярих ёстой. Дэлхий нийт өнөөдөр харж байгаа. Тэр дүгнэлтэд хийсэн тайлбарт Монгол Улсын ирээдүй бүрхэг болж байна, Хууль эрх зүйт төр энд байх уу үгүй юу гэдэг асуудал эргэлзээтэй болж байна гэж дүгнэсэн байна. Үүнд Хууль зүйн байнгын хороо хариултаа өгөхгүй бол бид өөрсдөө буруутнууд болж хувирна шүү. Тиймээс та бид эх орондоо хүний ёсоор амьдрах юм уу, үгүй юм уу. Монгол хүн, Монгол Улсын иргэн гэж байх уу, үгүй юу гэдэг асуудал өнөөдөр олон улсын төвшинд нээлттэй асуулт болоод тавигдчихлаа. Үүнд Хууль зүйн байнгын хороо хариулт өгөхгүй бол бид ажлаа хийгээгүй, улс орноо хохироосон маш том буруутнууд болж хувирах болно.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: УИХ-ЫН БҮХ ГИШҮҮДЭД ТАРААЖ ӨГӨХ НЬ ЗҮЙТЭЙ

-ОУПХ-ны гаргасан дүгнэлтийг УИХ-ын бүх гишүүдэд тарааж өгөх нь зүйтэй. Энд маш ноцтой дүгнэлтүүд хэлсэн байна.  Үнэн зөвийг нь бид сайн мэдэхгүй юм. Гэхдээ дэлхийн парламентын энэ том байгууллагаас 50 удаа тогтоол гарна гэдэг өөрөө маш том асуудал. Мөн энэ 50 тогтоолын хэрэгжилт дээр танай тал ажиллахгүй байна, УИХ-ын үйл ажиллагаа муу байна гэж удаа дараа анхааруулаад байхад манайх цаг зав зарцуулж  хүч гаргаж ажиллах нь зөв байх. Нэгдүгээрт, шударга ёсны асуудал, хоёрдугаарт, бидний хийх ёстой ажил юм. Тэгэхээр гишүүдэд дүгнэлтийг яаралтай тарааж өгмөөр байна. УИХ-аас гаргасан байсан тэр ажлыг буулгасан нь буруу юм.  Тэгэхээр дахин ажлын хэсэг байгуулахыг дэмжиж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: ХЭРГИЙГ НУУЦААС ГАРГАЧИХ ЮМ САН ГЭЖ ШАР МАХТАЙГАА ХАТАЖ БАЙНА

– Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг гартаа авсан нь дээр байх. Дэд хороо энэ тэр лүү чихээд хэрэггүй. Болдогсон бол УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулмаар байна. ОУПХ-ноос энд ирээд санал дүгнэлтээ хийгээд явчихсан байхад бид энд мэдсэн ч мэдээгүй юм шиг, үзсэн ч  үзээгүй юм шиг ингэж суугаад байж болохгүй. Би бүтэн жил энэ асуудлаар ярьж байна.  Би гүйцэтгэх засаглалд байгаа нь үнэн. Ядаж  хэргийн хавтаст хэргийг нууцаас гаргачих юм сан гэж шар махтайгаа хатаж байна. Тэр ажиллагааг гүйцэтгэсэн хүмүүс нууцаас гаргах асуудалд саад учруулж байгаа.  Хамгийн аймшигтай нь энэ асуудлаар зориглож ярьсан хүмүүсийн араас тагнуул тавьж байна.  Өөрийг нь болохгүй бол таньдаг хүмүүсийг нь хэрэгт хийж айлган сүрдүүлж байгаа.  Ийм байдалтай амьдраад байх юм уу.  Тиймээс УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуул.  Энэ хэрэг энэ байдлаар төгсвөл Монголын ирээдүйд туйлын аюултай нөхцөл үүсэх нь гэж дүгнэлтэд бий.  Үнэн шүү дээ.  Яг энэ асуудал дээр Үндсэн хууль гэдэг ойлголт байхгүй болж байна.

Ийнхүү  Хууль зүйн  байнгын хорооноос  ОУПХ-ны дүгнэлтийг судлах ажлын хэсэг байгуулахаар тогтлоо.   Бүрэлдэхүүний  дараагийн хуралдаанаар хэлэлцэн батлахаар шийдвэрлэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ 

 Т.БАТСАЙХАН

Сэтгэгдэл (1)

  • ЗОЧИН
    БОЛД , БАТЗАНДАН НАР ХИЛ ДАВАНГУУТАА МУНДАГ УЛС ТӨРЧ ДҮР ЭСГЭН УЛСЫНХАА ДОЛООН БУЛЧИРХАЙГ ТООЧИН ҮНЭН ХУДАЛ НЬ ТОГТООГДООГҮЙ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ СҮРЖИГНЭЖ БАЙГААГИЙН ГАЙ Л ЭРГЭЭД МОНГОЛ УЛСЫН НЭР ХҮНДЭД НӨЛӨӨЛЖ БАЙГАА!!! ОУПХ ТОМ БАЙГУУЛЛАГА ХЭДИЙ Ч ТУСГААР МОНГОЛ УЛСЫН ДОТООД ХЭРЭГТ ТЭР ДУНДАА ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ЭРХ Ч ҮГҮЙ ТЭДНИЙ ЗҮГЭЭС ТИЙМ АЛХАМ ХИЙХГҮЙ! БОЛД БАТЗАНДАН МЭТИЙН АРДЧИЛАЛЫН НЭР БАРЬЖ ХУВИЙН ӨС ХОНЗОНГООР АСУУДАЛД ХАНДАН ЭЛДЭВ МЭДЭЭЛЭЛ ӨГСНӨӨС ОУПХ ИЙМ БАЙР СУУРЬ ИЛЭРХИЙЛЖ БАЙГАА
    2018 оны 04 сарын 11 | Хариулах
Сурталчилгаа