TIME OUT
Шинэ ном: "Хүйлэн огторгуйн заадас буюу Эх дагины өчил"
Огноо: 4-15
Нийтлэгч: read.mn

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн бичсэн Эх дагина Ц.Дондогдуламын тухай “Хүйлэн огторгуйн заадас буюу Эх дагины өчил” роман хэвлэгдлээ. Энэхүү романы нээлт өчигдөр (2018.04.14) “Аз” хур номын дэлгүүрт болсон юм.

Зохиолч Б.Шүүдэрцэцэг долоон жилийн өмнөөс Эх дагины тухай романыхаа судалгааны ажлыг эхэлж, Дондогдулам хатны төрсөн нутаг Хөвчийн жонон бэйсийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Баян-Адарга сум, өссөн нутаг Өмнөдэлгэр сум, Балдан Брэвун хийд зэрэг бусад түүхэн газруудаар явж, нутгийн хүмүүстэй уулзан аман судалгаа хийжээ. 

“Хүйлэн огторгуйн заадас” роман хоёр шугамаар өрнөж, Эх дагина нэгдүгээр биеэс хүүрнэж, хоёр дахь шугамд Богд хааны тухай, тухайн үеийн түүхэн хүүрнэл, “Үүлэн хээтэй орчлон” романы баатруудын амьдрал давхар өрнөдөг ажээ. Романы шашны зөвлөхөөр Гарма Гаржүд Үржин Пэрэнлайлин хийдийн хамба, гэвш Д.Тайвансайхан, түүхийн зөвлөхөөр доктор Д.Энхцэцэг нар ажиллажээ. Номны хавтасны Цагаан дара бурханы дүрийг зураач Ч.Солонго зурсан байна.

Зохиолч Эх дагина бага наснаас эхлэн амьдралаа хүүрнэж байгаатай зэрэгцэн, наймдугаар Богд хутагтыг дөрвөн насандаа Монголд хөл тавьсан цагаас эхлэн Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн хүртэлх Манж Чин улс болон хөрш Оросын түүхтэй холбон бодит баримтыг уран сайхантай сүлэлдүүлэн бичжээ.

“Хүйлэн огторгуйн заадас буюу Эх дагины өчил” романы хэсгээс:

“Гэгээнтэн хүүд жижигхэн мөнгөн аягатай сүү амсуулж, Юндэндоо хэмээх нэр хайрлан, баруун чихэнд нь гурав шивнэлээ.

-Хүү минь, чи энэ цагаас манай хүүхэд болов. Би вээр ээж нь, Богд Гэгээнтэн чиний аав нь боллоо.

-За ... гэж хүү дуугаран, амтат бор еэвэн үмхлэв. Би хүүг тэврэн зүүн хацрыг нь үнэрлэвээс, жаахан амьтан утаар шүүрс алдсанаа, зүүн хөхөн тушаа нүүрээ нааж билээ. Сэтгэл минь өмрөөд л явчихав. Ингэж нялх амьтныг энгэртээ наах сан гэж эхийн зөв совингоор хүсээд байж.

Гэвч Юндэндоо хэзээ ч Гэгээнтэн бид хоёрыг ижий, аав хэмээн дуудсангүй. Маргааш нөгөөдрөөс нь намайг Алиа, Гэгээнтнийг Онио гэх болсон агаад, хожмоо өргөж авсан хүүхдүүд бүгд бид хоёрыг тэгж дуудсан юм даг” хэмээн Богд хаан, Эх дагина хоёрын хүүхэд үрчилж өсгөж байсан тухай өгүүлжээ.

Зохиолч энэ романыг бичнэ гэдгээ олон жилийн өмнөөс зарласан тул уншигчдын дунд хүлээлттэй байсан юм. Ийнхүү Эх дагина Дондогдуламын тухай “Хүйлэн огторгуйн заадас буюу Эх дагины өчил” роман хэвлэлтнээс гарч номын санд тавигджээ. 

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа