Дэлхий
Хойд Солонгос цөмийн туршилтын талбайгаа буулгах өдрийг зарлаж, сэтгүүлчдийг урилаа
Огноо: 2018-05-13 13:24
Нийтлэгч: read.mn

Тавдугаар сарын 23-25-ны орчимд Хойд Солонгос цөмийн зэвсгийн туршилтын талбайгаа устгах болсныг тус улсын төв мэдээллийн агентлаг саяхан зарлалаа.

Уг ажиллагааг нээлттэй зохион байгуулж, олон улсын сэтгүүлчдийг сурвалжлуулахаар урьсан байна. Ажиллагааны хүрээнд газар доор байрлах туршилтын хонгилуудыг дэлбэлж, тэдгээрт нэвтрэх орцуудыг хаах ажээ.

Мөн туршилтыг ажиглах, харуул хамгаалалтын болон судалгааны байгууламжуудыг буулгах гэнэ.

Хятад, Орос, Өмнөд Солонгос, АНУ, Британи зэрэг олон орны хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг уг арга хэмжээндээ ирэхийг урьсан байна. Энэхүү үйл явдал нь ирэх сард болох Трамп-Кимийн уулзалтын үр дүнд эерэгээр нөлөөлөх Ким Жон Уны санаачилсан чухал алхам болж байна.

Дээрх мэдээллийг гарсны дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа Хойд Солонгост хандаж “Баярлалаа! Маш ухаалаг, найрсаг алхам боллоо!” гэж бичжээ.

 

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа