Нийгэм
Г.Номин: "Ногоон паспорт" аян бол байгаль хамгаалах шинэ "хандлага"
Огноо: 8 өдөр
Нийтлэгч: read.mn

БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв УТҮГазрын дарга Г.Номинтой ярилцлаа.

-Байгаль орчин, аялал жуулчлалын яам залуу үеийнхээ байгаль орчинд хандах хандлагыг өөрчлөх “Ногоон паспорт” аяныг эхлүүлж байна. Та залуу үедээ чиглэсэн энэхүү аяныг уншигчдадаа танилцуулна уу?

-Өнөөдөр дэлхий нийтээрээ экологийн тэнцвэрт байдал, байгаль орчны эсрэг гэмт хэрэгт анхаарлаа хандуулаад удаж байна. Харин монголчууд бид саяхан болтол хүний гар хүрээгүй онгон зэлүүд байгаль, рашаан болсон тунгалаг гол горхи, нуур цөөрмүүдээрээ дэлхийд гайхагдаж байсан бол хэдхэн жилийн дотор Монгол улс маань экологийн доройтол, цөлжилт, агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлэх орон болжээ.

Өнөөдрийн бий болчхоод байгаа энэхүү нөхцөл байдал биднийг байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх шинэлэг, бодит, үр дүн хэмжигдэхүйц, системтэй арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийг шаардаж байгаа юм. Экологийн тэнцвэрийг бий болгох, цаашид урт удаан хугацаанд хадгалах хамгийн үр дүнтэй арга нь байгаль дэлхийгээ хайрлах ухааныг хүүхэд, залуу үеэс нь ухамсарлуулж, байгаль хамгаалах үйлсэд залуусаа биечлэн оролцуулах гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна.

Үүнтэй холбоотой БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар “Хандлагаа өөрчилье" уриатай “Ногоон паспорт” аян эхэлж байгаа юм. “Ногоон паспорт” аян нь эх дэлхий, байгаль орчинтойгоо зөв харилцах дадал хандлагыг бидний ирээдүй болсон хүүхэд залууст төлөвшүүлэхэд чиглэгдсэн, бодит үр дүн нь хэмжигдэхүйц төсөл гэж ойлгож болно.

Энэхүү аян хэрэгжиж эхэлснээр байгаль хамгаалах ажилд бүх нийтийн оролцоог хангах, ёс заншлаа дээдэлсэн, байгальд ээлтэй зөв дадлыг эзэмшсэн бүхэл бүтэн үеийг бэлтгэн гаргах зорилготой юм. Энэхүү төслийн хэрэгжүүлэгчээр БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв УТҮГазар ажиллаж байна.

 

-Ерөнхий боловсролын сургуулиудад Эко клубүүд үйл ажиллагаа явуулдаг. “Ногоон паспорт” аяныг эдгээр эко клубүүдтэй хамтран ажиллах замаар хэрэгжүүлэх үү?

-Яг тийм. Ерөнхий боловсролын сургуулийн Эко клубүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, дэмжих, сурагчдад зөв дадал хэвшил олгох, байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд хүүхэд залуусыг уриалан дуудах зорилготой “Ногоон паспорт” санаачилгыг бид хэрэгжүүлэх гэж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт эдгээр эко клубүүдийн багш нарыг хамруулсан “Ногоон паспорт” аяны танилцуулга сургалтыг БОАЖЯам, Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн Боловсролын газар хамтран зохион байгуулсан. Хамрагдсан багш нар маань ч энэхүү аяныг цагаа олсон, шинэлэг арга хэмжээ гэж их дэмжиж байгаа.

-“Ногоон паспорт” аян хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

-“Ногоон паспорт” аян бол тодорхой хугацаа заасан богино хугацааны хөтөлбөр биш юм. Цаашид байнга, магадгүй 50 жил 100 жил үргэлжлэх байх гэж бид найдаж байгаа. Гэхдээ энэхүү аяныг эхлүүлж, үйл ажиллагааг нь жигдрүүлэх хугацааг бид 2018-2019 онд гэж төлөвлөж, үйл ажиллагаа эхлүүлсэн.

Энэхүү төсөл албан ёсоор 2018 оны 3 дугаар сарын 18-нд Олон улсын хүүхдийн Найрамдал төвд зохион байгуулагдсан Нийслэлийн ЕБС-иудын “Эко клубүүдийн чуулган"-аар эхэлсэн юм, Чуулга уулзалтад нийслэлийн 89 сургуулийн эко клубийн 500 гаруй багш, сурагч хамрагдсан. Энэхүү чуулга уулзалтаа “Ногоон паспорт” аяныг сурагчдадаа танилцуулж аяны хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцсон.

-Ямар шалгуур хангасан сурагчдад ногоон паспортыг олгох вэ. Ногоон паспорт эзэмшсэнээр хүүхдүүд ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх вэ?

-Энэхүү төсөл үндсэн хоёр үе шаттай 2018 -2019 оны хичээлийн жилд энэхүү аян нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах бөгөөд дараагийн үе шатандаа улсын хэмжээнд бүх ЕБС-иуд дээр хэрэгжиж эхлэх юм. Ногоон паспорт олгох сурагчид бол Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн Эко клубийн IX-XI ангийн хүүхдүүд байх юм. Энэхүү “Ногоон паспорт" нь 12 хуудас бүхий жижиг дэвтэр гэж ойлгож болно.

Хуудас бүр нь өөр өөр агуулгатай ба ус, хог хаягдал, ногоон орчин, зохистой хэрэглээ, байгаль хамгаалах уламжлалт ёс заншил гэх мэт 12 ажлыг тусгасан байгаа. Эдгээр ажлуудын сурагчид зааврын дагуу амьдралдаа хэрэгжүүлж, тус бүртээ оноо тавих юм. Ингэснээр амьдралын зөв дадал хэвшилтэй болохоос гадна сурагчдаар дамжуулан гэр бүл найз нөхдөд нь нөлөөлж, хандлагаа өөрчлөх боломжтой болж байгаа юм.

Танай хүүхэд ч гэсэн энэхүү ногоон паспортыг эзэмшиж Монгол орныхоо байгаль хамгаалах үйлсэд нэгдэж болно. Үүнийг эзэмшихэд ямар нэг нэг тусгай шаардлага байхгүй бөгөөд сургуулийнхаа Эко клубт бүртгүүлснээр "Ногоон паспорт" эзэмшигч Байгаль хамгаалах залуу үеийн төлөөлөл болж болно.

Харин энэхүү паспорт эзэмшигч сурагчид маань бидний зохион байгуулсан олон сонирхолтой уралдаан тэмцээн, арга хэмжээнүүдэд оролцох боломжтой болж, шилдэг баг хамт олон, шилдэг байгаль хамгаалагч болсноор олон шагнал урамшуулалд хамрагдахаас гадна, гадаадад аялах, дэлхийн байгаль хамгаалах олон улсын хурал зөвлөгөөнүүдэд Монгол Улсаа төлөөлж оролцох боломжтой болох юм.

Мөн энэхүү арга хэмжээнүүдэд сурагчдаа идэвхтэй хамруулсан эко клубийн багш нар олон шагнал урамшуулалд хамрагдах боломжтой. Өөрөөр хэлбэр байгаль хамгаалах үйлсэд оролцохын хэрээр олон хөгжилтэй шагнал урамшууллын эзэн болох юм. Эцсийн үр дүнд байгаль орчноо хамгаалах соёл нийгэмд бий болж, богино хугацаанд бодит үр дүн гарч эхлэх болно.

-Энэ жилийн хувьд “Ногоон паспорт” санаачилгын хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудад ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?

-“Эко клубүүдын удирдагч багш нар”-ын уулзалтыг өнгөрөгч пүрэв гарагт зохион байгуулсан гэж би дээр хэлсэн. Энэ уулзалтаар “Ногоон паспорт" санаачилгыг багш нарт танилцуулж, ногоон паспорт хэрхэн ашиглах, хөтлөх зэрэг мэдээллийг хүргэж, багш нартай санал солилцсон. Ингээд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Ерөнхий боловсролын сургуулийн Эко клубүүдийн дунд зохион байгуулагдах уралдаан тэмцээнүүдийн удирдамжийг хүргүүлсэн.

Тухайлбал, байгаль орчны талаарх мэдээ мэдээллийг олон нийтэд түгээх видео уралдаан, хог түүх марафон, байгаль орчны залуу сурвалжлагч зэрэг олон үйл ажиллагаа төлөвлөсөн байгаа. Мөн бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг маань ноцтой зөрчдөг ч та бид төдийлөн анхаарлаа хандуулдаггүй нэг зүйл бол аюултай хог хаягдал. Энэ бол бидний хэлдгээр “хуруу зай” буюу “батарей”. Бид хүүхэд залуусын санаачилгаар энэхүү хаягдлыг ялгах, зориулалтын газар хаях зэрэг арга хэмжээг зохион байгуулж, шилдэг оролцогчдыг урамшуулах юм.

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа