Нийгэм
Намайг хүнд хүчир гэрийн ажлаас авраач
Огноо: 8 өдөр
Нийтлэгч: read.mn

 

Өнөөдөр АНУ-д Ээжүүдийн өдөр тохиож буй юм. Олонх ээжүүдийн өдөртэй л ижил энд ээж нарын гавьяаг магтан дуулж, ээжтэй хүн бүр баярласан сэтгэлээ илэрхийлдэг. Алдар гавьяагаа дуудуулах өдөр жилд нэг ирэх авч энэ өдрийн цаана ээж хүний хүлээх  үүрэг, үүрч яваа ачааны тухай нийгэмд тулгамдсан асуудлыг хэлэлцэх боломж- магтаал сайшаалаас илүүтэй яригдаж байвал тустай билээ.

Ихэнх хөгжсөн орнуудад эхнэр нөхөр хоёул ажил хийж өрхийн санхүүгийн үүрэг хариуцлагыг тэгш үүрч явдаг. Хөгжиж буй орнуудын хувьд ч байдал энэ л зүгт явж буй. Дээр нь эмэгтэйчүүд жендерийн талаасаа ч, нөхөн үржихүйн талаасаа ч нийгмийн зүгээс аливаа хэлбэрийн шахалттай тулгардаг. Хөдөлмөр эрхлэх, орлоготой байх, хүүхэд төрүүлэх болон өсгөн хүмүүжүүлэх, гэр орны менежментийг амжилттай хийн авч явах, хамтрагчтайгаа зөв арга барилаар харилцан тууштай хамтрах, өөрийн сэтгэл зүйн болон бие махбодийн хэрэгцээ шаардлагад хариулах гээд олон олон ачаа эмэгтэй хүний нуруун дээр ирдэг. Энэ л нийтлэг дүр төрх болсон ээж нарын нэг нь Нью-Йорк Таймс сонины Dear Sugars буланд захидал бичжээ. Энэхүү захидалд мянга мянган ээжүүд хариу илгээж, буланг эрхэлдэг судлаач мэргэжилтнүүд мөн хариу өгсөн байна.

Dear Sugars,

Би тун дажгүй, сайн залуутай гэрлээд 10 жил болж байна. Бид өөрсдийн байшинд хоёр хүүхэд, нэг нохойнхоо хамт амьдардаг. Нэг зүйл хэлэхэд, би гэр бүлийнхээ дотоод ажилд нухлагдан нэг л газраа гацчихаад яахаа мэдэхгүй байгаа тийм нэг эхнэр байна. Би бүтэн цагийн ажил хийхийн хажуугаар гэрийн доторх ихэнх ажлыг амжуулж, гэр бүлийн болон хүүхдүүдийнхээ бүх зүйлийг зохион байгуулдаг. Өглөө 5:45-д босч орой 10 цаг гэхэд арайхийн орондоо хүрч очих тэнхэлтэй л болсон байдаг.

Нөхөр бид хоёр гэрийн ажлыг хувааж хийх талаар хэд хэдэн удаа ярилцаж, бас маргалдаад авсан нь ч бий. Нөхөр маань зарим ажлыг хийлцэхээр тохирдог ч долоо хоногийн дараа л тохиролцоо ор мөргүй болсон байдаг. Заримдаа түүнд хүүхдүүдээ оронд нь оруулах, даалгаврыг нь хийлгэх зэрэг ажил даалгахад энэ нь тэдний хоорондох орилоон хашгираан, эмх замбараагүйтэл болж дуусна. Энэ бүх тэгш бус хуваарилалтад сэтгэл дундуур байдал минь сүүлдээ миний сексийн дур хүсэлд ч нөлөөлж эхэлсэн. Тэр надад хамтрагч гэхээс илүүтэй бас нэг хүүхэд шиг санагдаж байна.

Энэ бүхэн ажил хийдэг ээжүүдийн энгийн бодит ахуй гэж үү?

Хүүхдүүдээ хамт асрах болон гэрийн ажлыг хуваан хийх тухай феминист мөрөөдөлдөө би цэг тавих хэрэгтэй юу?

Би нөхрөө эцэг эхийн болон хамтрагчийн тал дээр сайн байя гэсэн ч байж чадахгүй, зохион байгуулах, ачаалал даах тал дээр туршлагагүй гэдэгтэй нь эвлэрэх ёстой юу?

 

Уур бухимдлаа залгиад, өдөр бүр энэ л хэвээр байх уу? Эсвэл  зүгээр л энэ бүхнийг хийхээ больж, хаяад явах ёстой юу?

Хүндэтгэсэн: Гэрийн ажилд нухлуулагч

Сонины колумнистуудын хариу:

Бид подкаст болон сошиал медиагаар тодорхой сэдвүүдийг зарлан уншигчдын санаа бодлыг захидлаар хүлээн авсны дотор таны захидал маш олон хүний өөр өөр сэдэв бүхий захидлуудын хамт иржээ. Гэвч хамгийн олон сэтгэгдэл, хариулт хүлээн авсан нь таны бичсэн сэдэв бөгөөд энэ асуудал нийгэмд хэр түгээмэл болохыг харуулж байна.

Эдгээр захидлууд нэг л хүн бичсэн мэт яг ижил нөхцөл байдлыг дүрсэлжээ. Бүгд л таны бичсэнчлэн; "сайн залуутай гэрлэсэн боловч тэр нь гэр бүлийн дотоод ажил төрөл, асуудлуудад ижил тэнцүү зүтгэдэггүй" гэнэ.

Зарим нь үүнийг 'сэтгэл зүйн мөлжлөг' гэж нэрлэж байхад зарим нь 'үл үзэгдэх боолын хөдөлмөр' гэжээ. Ямар ч нэршлээр нэрлэсэн бай, энэ бол шударга явдал биш юм гэдгийг л хэлэх байна. Түүнчлэн энэ нь маш олон эмэгтэйчүүдийн бодит байдал бөгөөд хүүхэдтэй хосуудын хувьд үнэхээр шийдвэрлэх ёстой асуудал юм.

Эрчүүдийн тухайд хамгийн үзэн ядмаар ойлголт бол "тэд гэр орны ажил олигтой хийж чадахгүй, учир нь тэднийг гэрийн ажил хийлгэж өсгөөгүй" гэх үлгэрийн ойлголт юм. Энэ логикийг нарийн авч үзвэл: Нөхөр чинь зарим зүйлийг хийхдээ сайн биш учраас тэдгээрийг хийх ёсгүй. Үгүй дээ. Тэр үүнийг хийж сурах ёстой. Амьдралын хамтрагчийн хувьд нэгэндээ хайхрамжгүй хандана гэдэг бол байж болшгүй зүйл. Чиний ядарсан, баяр хөөргүй байгаа чинь түүнийг энэ тухай нухацтай авч үзэхэд түлхэц болох ёстой биш гэж үү? Яагаад тэгэхгүй байна? Чиний бүгдийг ганцаараа хийж, сэтгэл хангалуун бус байгаа нь нөхөрт чинь хэвийн л зүйл гэж үү? Түүнд үнэхээр өөрийг нь насанд хүрсэн эр хүн биш, жаал хүү гэж харахад зүгээр байгаа хэрэг үү? Захидлаас харахад та нөхрөөсөө өөртөө туслахыг ахин дахин хүссэн нь ил байгаа учир энэ асуултуудыг тавьсан юм шүү.

Юу гэх гээд байна гэвэл энэ бүхнийг ул суурьтай эргэцүүлэх цаг хэдийнээ болж. Гэрлэлтэнд хос хоёрын ижил тэгш оролцооны тухай өөрийн дүрэм бий. Үүнийг бататган хэлэлцэх цаг болжээ. Би таныг гэр бүлийн зөвлөгөө авахыг зөвлөх байна. Ингэснээр зөвлөгч тал хос хоёрын хоёулангийн байр суурийг сонсох ба тэднийг нэг нэгнээ сонсоход ч туслах юм.

Энэ нь магадгүй таны ажлын хажуугаар төвөг учруулах мэт санагдаж байж болно. Бас бусдаас зөвлөгөө авахдаа тулна гэхээр нэг л аймар сонсогдож байгаа байх. Гэвч тэгш байдлын илүү тодорхой хэмжүүрийг та өөрийн гэр дотроо тогтоож чадаагүй нөхцөлд өөрийн итгэл сэтгэлээ "сайн залуу" гэж боддог нөхөртөө бүрэн өгч чадахгүй юм шүү.

Нөгөө талаас, өөрийн чинь тодорхойлсон "хүүхэд асрах болон гэрийн ажлаа хуваан хийх" хүсэл бол зүгээр нэг л жижигхэн хүсэл биш юм. Үнэхээр л хүүхдээ тэнцүү асраад, аяга тавгаа хувааж угаагаад болчих зүйл юм гэж үү? Би таныг гэрлэлтийнхээ энэхүү зөрчлийг өөрийн чинь үнэ цэнэ, үнэлэмжтэй зөрчилдөж буй хүчин зүйл хэмээн нухацтай авч үзэхийг уриалж байна. Нөхөр чинь танд байнга худлаа хэлээд байвал та тэвчихгүй тийм биз? Тэгвэл хариуцлага хуваан үүрэхээс цааргалж буйг яагаад тэвчинэ гэж? Зарим талаараа та өөрийн нөхөртөө тавьж буй шаардлагаа бодит эсэхэд эргэлзэж байх шиг байна. Бидний толгойд тогтсон уламжлалт эрчүүд угаасаа гэрийн ажил хийж чадахгүй гэдэг бодол үүнд нөлөөлж байгаа. Тэр хийе гэсэн ч чадахгүй гэж бодох авч үнэндээ хийе гэж хүсдэг юм болов уу? Асуудлын гол нь чадвар биш юм.

Нөхөр чинь чамайг бүгдийг хийхийг хараад л, зурагт үзээд, тоглоом тоглоод, өөртөө чөлөөт цагаа зарцуулж байгаа нь нэгдүгээрт, яг чамтай адил Эрэгтэй хүн гэрийн ажил хийж чадахгүй бөгөөд хийх ёсгүй гэдэг мессежийг толгойдоо хүлээн авснаас болж байгаа юм. Хоёрдугаарт, чиний тусламж эрсэн дуу хоолойг няцааж буй нь түүний хувийн зан авир харагдаж байна.

Тэгэхээр нөхөртэйгээ мэдээж ярилцах нь чухал. Гэхдээ хэн нь юу хийх талаар маргалдахаас илүүтэй энэ асуудал бол соёл, ёс заншлын шинж чанартай ба микро түвшинд үүнийг шийдвэрлэхгүй аваас макро түвшинд ч харилцааг ганхуулах асуудлууд үүснэ гэдгийг хамтдаа таних нь чухал юм.

Тиймээс нөхөртөө цаашид түүний өмнөөс аливаа ажлыг хийхгүй гэж хэлэх нь зүй. Хэрэв одоо л биш бол харилцааны тэнцвэрт бус байдал томрон томорсоор гэрлэлтийн гашуун түүх болдог юм шүү.

Сүүлд нь нэгэн зүйлийг нэмж хэлэхэд бидний нэрлэж заншсан Working mother буюу ажил хийдэг ээжүүд гэх нэршил тун учир дутагдалтай юм. Ээжүүд гэрийн ажлаас гадуур хөдөлмөр эрхэлж байж л ажил хийдэгт тооцогдоно гэж үү? Маш абсурд агаад ёс зүйн хувьд бурангуй ойлголт юм. Гэрээс гадуур хөдөлмөр эрхэлдэг аав нарыг ажил хийдэг аавууд гээд дуудвал ямар байна? Энэ хэллэг нь санаатай болон санамсаргүйгээр гэрийн доторх ажил бол ажил биш гээд хэлчихэж буй юм. Нэг үгээр нөхөр чинь гэрийн ажлыг ажил биш гэж ойлгох сонголтыг хийж байна. Харин та хамтын амьдралынхаа хариуцлагыг хамтдаа тэнцүү үүрэхийг санал болгож байна. Энэ бол эр хүн энийг, эм хүн тэрийг хийх ёстой гэж ангилах явдал огт биш. Энэ бол хамт амьдарч буй хоёр хүн бие биенээ харж хандаж, дэмжиж буй хэрэг юм. Та үүнийг л нөхөртөө ойлгуулах хэрэгтэй.

Харин хамгийн сүүлийн асуулт болох энэ бүхнийг хаяад явах нь зөв эсэх нь нөхөрт чинь гэрийн ажлаа хувааж хийх хүсэл эрмэлзэл байгаа эсэх, хийхдээ таны амыг таглах гэж хийж байна уу, тантай үүрэг хариуцлагаа хуваалцахаар хийж байна уу зэргээс шалтгаалах байх.

 

Эх сурвалж: Нью Йорк Таймс

Сэтгэгдэл (1)

  • Цэцэн
    Манай улсын уламжлалт амьдралын хэв маяг, тогтсон зашил, эрчүүдийн ухамсар доройгоос энэ асуудал маш хурцадмал байгаа шүү
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
Сурталчилгаа