Нийгэм
Монголчууд эртнээс өнөөг хүртэл 1,000 орчим төлбөрийн хэрэгсэл ашиглаж иржээ
Огноо: 7 өдөр
Нийтлэгч: read.mn

Монгол нутагт төрт улс үүсч бий болсон цагаас зоос, мөнгөн тэмдэгт хэрэглэж ирсэн арвин түүхтэй. 'Олон улсын музейн өдөр'-ийг тохиолдуулан энэхүү түүхийг хүүхэд залуус, олон нийтийн боловсрол, танин мэдэхүйг нэмэгдүүлэх зорилгоор “Монголчуудын төлбөрийн хэрэгсэл-Эртнээс эдүгээ” үзэсгэлэнг өнөөдөр /2018.05.14/ Үндэсний түүхийн музейд нээлээ.

Уг үзэсгэлэнг Монголбанк, Монголын зоос судлалын холбоо, Монголын Үндэсний музей хамтран зохион байгуулж, эртнээс хэрэглэж ирсэн төлбөрийн хэрэгслийн дээжийг  үзэгчдийн хүртээл болгож байна.

Энэ үеэр “Эрдэнэсийн сан”-ийн захирал П.Эрдэнэтуяа “Манай үзэсгэлэн 14 хоногийн хугацаанд Монголын Үндэсний түүхийн музейд үнэ төлбөргүй дэлгэгдэнэ. Үзэсгэлэнд нийт 1000 орчим үзмэр тавигдсан. Монголын эзэнт гүрний хаадын зоос 280 байгаа. Мөн монголчууд эртнээс ямар төлбөрийн хэрэгсэл хэрэглэж, ашиглаж байсныг гэрчилнэ. Энд байгаа үзмэрүүд Монгол нутагт байсан эртний хаант улсуудын зоосноос эхлүүлээд цаасан мөнгө хүртэлх түүхийг харуулсан” гэв.

“Монголчуудын төлбөрийн хэрэгсэл-Эртнээс эдүгээ” үзэсгэлэнд дараах үзмэрийн дээжсийг дэлгэн харуулж байна. Үүнд:

  • Монгол нутагт байсан эртний улсуудын зооснууд
  • Монгол Эзэнт Гүрний зооснууд, Их Юан улсын цаасан мөнгө
  • Зүүнгарын Хаант улсын зооснууд
  • Манжийн үеийн хүрээ, сүм хийдээс гаргасан орон нутгийн чанартай цаасан мөнгөн тэмдэгтүүд
  • Хувьсгалаас өмнө төлбөр тооцоонд хэрэглэж байсан гадаадын төлбөрийн хэрэгсэл, зоос гулдмай ембүү
  • Богд хаант Монгол улсаас гаргаж байсан Бага болзоот хэмээх мөнгөн тэмдэгт
  • Ардын хувьсгал ялсны дараа гаргахаар зэхэж байсан Данзангийн хэмээх доллар
  • БНМАУ-ын 1925-1983 оны хооронд гаргаж байсан гүйлгээний зоос болон цаасан мөнгөн тэмдэгтүүд
  • БНМАУ-ын Өрийн бичиг “Вексел”, Зээллэг
  • Загвар, онцгой дугаартай болон мөнгөн тэмдэгтүүд

Монгол Улс зоос, мөнгөн тэмдэгт, төлбөрийн хэрэгслийн арвин түүхтэй ч нүүдэлчин амьдралын эрхээр устаж, үгүй болохын хамт цаасан болон зоосон мөнгө ихээр үрэгдэж алга болдог байжээ. Тиймээс тус үзэсгэлэнг зохион байгуулагчид эдгээр үнэт дурсгалуудыг эрэн сурвалжилж, гадаад дотоодоос эх орондоо авчран өв соёлоо хамгаалахад хувь нэмрээ оруулан ажиллаж байгааг онцоллоо.

 

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа