Нийгэм
Хөдөлмөрийн үнэлэмж нь өндөр байдаг улс хөгждөг
Огноо: 7 өдөр
Нийтлэгч: read.mn

 

 

Монголын эрүүл мэн­дийн ажилтны үйлд­вэрч­ний эвлэлийн хол­боо­ноос ажил хаял­тын өмнөх суултыг Сүх­баа­тарын талбайд зарла­лаа. Монгол Улсад өнөө­дөр хөдөлмөрийн мөлж­лөг явж байна. Энэ мөлж­лө­гийг халж шударга үнэ­лэм­жийг тогтоох ёс­той. Өнгөрсөн баасан гаригт Эрүүл мэндийн яам­наас шаардлагын ха­риу ирүүлсэн ч үр дүн гара­хуйц хариу биш болохоор суул­таа үргэлжлүүлэхээр шийдсэн. Бид суултаа ажил хаялт хийх хүртэл үргэлжлүүлнэ. Харин энэ тэмцлээс бодит үр дүн гарах ёстой. 2014 оноос хойш цалин нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй. Энэ оны II улиралд багтааж 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа. Ажилтай ядуусын эгнээнд эрүүл мэндийн салбарынхан шилжээд байна хэмээн Монголын эрүүл мэндийн ажилт­ны үйлдвэрчний эв­лэ­лийн холбооны ги­шүүн байгууллагууд бо­лон анхан шатны Үйлдвэрч­ний эвлэлийн хороодын дарга нар ярьж байлаа.

Энэ үеэр холбогдох албаны хүмүүсийн сэт­гэгд­лийг сонирхлоо.

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Цогтбаатар: ЦАЛИНГ 60 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЭХЭЭР ЯРЬЖ БАЙГАА

-Энэ сарын 8-нд манай сал­барын эмч, сувилагч нар хөдөлмөрийн үнэ­лэмж, цалин хөлс хүнд байгаа талаар жагсаал хийж, таван тодорхой шаардлагыг ЭМЯ болон төр, засагт тавьсан. Үү­ний дагуу гурав хоно­гийн хугацаанд асуудлыг судалж, тодруулаад цаа­шид ямар бодлого, шийд­вэрүүдийг гаргуулахаар ажиллаж байгаа тухай мэ­дээл­­лийг хуулийн хуга­цаандаа багтаж өгсөн. Зас­гийн газрын 150 дугаар тог­тоо­лоор хөдөлмөрийн үнэ­лэмж, ур чадвар, ажлын гүйцэтгэлээс нь хамаарч улиралд 10-15 хувийн нэмэгдэл олгох журам бий. Энэ журмыг шинэчлэхээр өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн ажил зохион байгуу­лаад Засгийн газрын тог­тоо­лын саналыг боловс­руулан бүх яаманд хүргүү­лээд саналаа авч байгаа. Дараагийн шат нь Засгийн газар хуралдаанаар оруулж нэмэгдлийг 10-15 хувь байсныг 15-20 хувь буюу улиралд 60 хүртэлх хувиар нэмэгдүүлнэ гэсэн асуудал явж байна.

Нийгэм, хөдөлмөрийн салбарын ажиллагсдын эрхийг хамгаалах түр хорооны зохицуулагч Д.Бямбаа: ТӨСВИЙН ХОМСДОЛ ҮҮСЛЭЭ ГЭЭД ДӨРВӨН ЖИЛ ЦАЛИН НЭМЭЭГҮЙ

-2000 он хүртэл ца­лин­гийн бодлогыг барьж байхдаа нийтэд зар­ла­даггүй, жилд хоёр удаа нэмдэг байсан. Ийм бодлого хүмүүсийг доройтуулдаггүй юм бай­на. Учир нь худал­дан авах чадвар нь хадгалагддаг. Цалинг 20 хувь нэмлээ гэхэд талх, шатахууны үнэ нэмэгддэг. Гэтэл сүүлийн үед төсвийн хомс­дол үүслээ гэх шалт­гаанаар дөрвөн жил ца­лин нэмээгүй. Хувийн хэвшлийнхний дундаж цалин 950 мянгаас нэг сая төгрөг байна гэдгийг статистикаас харж болно. Гэтэл эрүүл мэндийн салбарынхных 2-3 дахин бага байдаг. Хөдөлмөрийн үнэлэмж нь өндөр байдаг улс хөгждөг. Лангууны ард хэчнээн алтан гартай багш, эмч нар байна вэ. Хэчнээн жил бэлтгэсэн хүний нөөцийг ашиглаж чадахгүй байгаа болохоор энэ хүмүүсийн зөв.

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Ч.Нарантуяа: БИД САЙДТАЙ Л УУЛЗМААР БАЙНА

-Өнгөрсөн оны арав­дугаар сараас цалингаа 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаард­сан. Гуравдугаар сарын 16-нд хэлэлцүүлэг зохион байгуулж, дөрөвдүгээр сарын 6-нд салбарын үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга, идэвхтэн сонгуультнуудын улсын зөвлөгөөнөөр хэлэлцсэн ч шийдэгдэхгүй байна. Тиймээс ажил хаялт зо­хион байгуулъя гэсэн шийдвэр гарсан. Гэхдээ бид хүний алтан амь ха­риуц­сан, эрүүл мэндийн сал­барт ажиллаж байгаа хүмүүсийг турхирч байгаа юм биш. Хоёрдугаарт, ажил хаялт маань хуулийн дагуу хугацаатай явдал. Тиймээс ажил хаялтын өмнө энэ асуудлаа шийдэх боломж, гарц байна уу гээд суулт хийж байна. Ажил хаял­тын өмнөх суултыг өдөр бүр нэг цагаар ахиулахаас гадна хүмүүсээ бас өдөр өдрөөр нь нэмнэ.

-Шаардлагын хариу ирсэн үү?

-Төсвийн байнгын хо­роо­ноос хариу ирсэн. Гэх­дээ тэр хариу нь Сангийн яам руу энэ асуудлыг ший­дэх талаар судалгаа, шинжилгээ хийгээч гэсэн бичиг байсан. ЭМЯ-наас Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Содномжамцын гарын үсэгтэй бичиг ирсэн. Бид Д.Сарангэрэл сай­дын нэр дээр энэ шаард­лагыг явуулсан. Сайд яа­гаад өөрөө гарын үсгээ зураад шаардлагын хариуг ирүүлдэггүй юм бэ. Ер нь ирж байгаа бич­гүүд дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын гарын үсэгтэй ирж бай­на. Сайд яагаад үүнд оролц­доггүй юм бэ. Сайд Засгийн газрын бүрэн эрхийг хангасан хүн хэрнээ шаардлагад гарын үсэгтэй хариугаа ирүүлдэггүй. Хоёрдугаарт, бид яамнаас бичгээр ирсэн хариунуудыг хариу гэж тооцохгүй. Сайдыг би­дэнтэй нүүр тулан уул­заж асуудлаа шийдье гэсэн саналыг тавьж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа