Эрүүл мэнд
Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг нэвтрүүлэхэд есөн тэрбум төгрөг шаардлагатай
Огноо: 6 өдөр
Нийтлэгч: read.mn

 

“Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах” чиглэлээр хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2018.5.15/ боллоо.

Монгол Улсад нийтлэг байгаа хорт хавдар дунд умайн хүзүүний хорт хавдар хоёрдугаарт орж байна. Хорт хавдрын 50 хувь нь хавдрын хожуу үед оношлогддог гэнэ. Тиймээс  2012 оноос эхлэн Эрүүл мэндийн сайдын тушаалаар эрт илрүүлгийн шинжилгээ хийх болжээ. Эрт илрүүлгийн шинжилгээнд 800 гаруй мянган эмэгтэй хамрагдсан байна. Үүнээс  400 гаруй нь умайн хүзүүний хорт хавдартай гэж оношлогджээ.  Энэ нь уг өвчний талаарх мэдлэг сул байгаатай холбоотой гэнэ.

Умайн хүзүүний хорт хавдар нь дэлхийд тулгамдаж буй өвчлөлийн нэг бөгөөд жилд 250 мянган эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар нас бардаг ажээ.  Мөн дэлхий даяар 2017 онд долоон тэрбум төгрөгийг энэ өвчлөлд зарцуулсан байдаг юм байна.

Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) зургаан бүсээс нэг орныг сонгон онцгой анхаарал хандуулах ажиллахаар болжээ. Үүний дагуу, Номхон далайн Баруун эргийн бүсээс Монгол Улсыг сонгожээ. Мөн ДЭМБ умайн хүзүүний хорт хавдрыг бууруулахын тулд цогц аргаар ажиллахыг зөвлөдөг ажээ.

Эмэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаарал хандуулж, оношилгоонд хамрагдаж, мөн урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсанаар умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой юм байна. 

Умайн хүзүүний хорт хавдар нь HPV буюу хөхөнцөр вирусээр үүсгэгдэх бөгөөд эмэгтэйчүүд нас ахих тусам уг өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгддэг юм байна. Мөн олон төрсөн, бэлгийн олон хавьтагчтай, эрт бэлгийн харьцаанд орох, дархлаа сул байх зэрэг нь умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг ажээ.

Тиймээс умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд гурван жил тутамд харьяа дүүрэг болон Халдварт өвчин судлалын үндэсний төвд очиж үзлэгт хамрагдах шаардлагатай юм байна.

Харин умайн хүзүүний хорт хавдрын вакциныг хийхийн тулд олон үе шаттай ажил хийх шаардлагатай ажээ. Одоогоор бусад оронд вакциныг хэрхэн ашигладаг зэргийг судалж байгаа юм байна. Вакциныг нэвтрүүлэхэд есөн тэрбум төгрөг шаардлагатай ажээ. Вакциныг бэлгийн харьцаанд орохоос нь өмнө хийвэл илүү үр дүнтэй байдаг юм байна.  

Сонирхуулахад, 2012 онд уг вакциныг үе шаттайгаар нэвтрүүлэхээр Өмнөговь, Сэлэнгэ аймаг болон нийслэлийн Баянгол дүүрэгт эхний үе шатыг хэрэгжүүлжээ. Гэвч үндэсний хөдөлгөөн тэргүүтэй иргэний хөдөлгөөн, иргэдийн эсэргүүцлийн улмаас уг ажлыг зогсоосон гэнэ. Учир нь, уг вакцин нь үргүйдэлд хүргэдэг гэж үзсэн гэнэ. Харин ДЭМБ  үүнийг няцаадаг бөгөөд, уг вакцин нь умайн хүзүүний хорт хавдрын эсрэг хамгийн үр дүнтэй арга хэмээн зөвлөдөг ажээ.

Хорт хавдар дунд хоёрт ороод байгаа уг өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд эмэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаарахаас гадна вакцинд хамрагдах шаардлагатай байна. Хэрэв уг вакциныг хийхийг иргэний хөдөлгөөнийхөн эсэргүүцвэл өвчлөл улам нэмэгдэх магадлалтай гэдгийг талууд сануулж байна. 

 

Сэтгэгдэл (4)

  • ер нь дэлхийн эрүүл мэндийн байгууллага.дэлхийн банк зэрэг нь хүн төрөлхтөн дээр тоглож бдаг газар шүү дээ.итгэх хэрэггүй
    2018 оны 05 сарын 22 | Хариулах
  • япон улсад охидыг үргүй болгохоос гадна 2ч охин нас барж.мөн хэд хэдэн хүүхэд сэтгэцийн өөрчлөлтөнд орсон болохоор хориглосон шүү
    2018 оны 05 сарын 22 | Хариулах
  • Японоос.
    Энэ вакцинийг Япон улс хэрэглээд үүний улмаас өчнөөн олон хүүхэд өвчтэй болоод одоо бөөн асуудал бгаа шүү. Одоо тэгээд хийхээ больсон болно. Баттай баримттай мэдээллийг удахгүй хүргэнэ ээ.
    2018 оны 05 сарын 15 | Хариулах
    • Hhh
      Tegeech hu ghde umai huzuunii hawdar mgld mash ih bga harin uridchilan sergiileh zow arga gj oilhoj bn. Batalgaatai medeelel ogoroi
      2018 оны 05 сарын 15
Сурталчилгаа
Санал болгох