Дэлхий
Ким Жон Ун ӨмнӨд Солонгос, АНУ-ын цэргийн сургуулилтанд дургуйцэж, уулзалтаа цуцаллаа
Огноо: 2018-05-16 11:05
Нийтлэгч: Цэвээнгэрэл

Хойд Солонгос Сөүлтэй товлоод байсан төрийн өндөр түвшний хэлэлцээрээ цуцаллаа. АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтанд эгдүүцэж ийм шийдвэр гаргасан тухай Гуардиан сайт мэдээлжээ.

Шинжээчдийн хэлж буйгаар Хойд Солонгос энэ талаар мэдэгдэхдээ аль болох тайван байхыг хичээж байсан авч энэ явдал өнгөрсөн гуравдугаар сараас хойш Солонгосын хойгийн дипломат харилцаанд гарсан ахицыг хойш татсан явдал боллоо гэв. Түүнчлэн энэ асуудал Ким Жон Ун, Доналд Трамп нарын зургаадугаар сарын 12-нд Сингапурт товлогдоод байсан уулзалтыг хойшлуулж магад гэнэ.

Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлаг мэдээлэхдээ "Аливаа найрсаг зан, боломж бололцоо бүхэн хязгаартай байдаг." гэжээ. Мөн "АНУ Хойд Солонгостой хийхээр төлөвлөсөн саммит уулзалтын хувь заяаг бодож янз бурийн өдөөн хатгасан цэргийн ажиллагаа Өмнөдтэй хамтран хийхдээ болгоомжтой байх шаардлагатай." гэж мэдэгдсэн байна.

Хойд Солонгосын узэж буйгаар хоёр орны хамтарсан агаарын цэргийн сургуулилт Хойдыг онилсон байдалтай байжээ. Хоер Солонгосын удирдагчид хилийн зурвас дээр уулзахдаа зөрчил хагарал авчрах бүх төрлийн үйл ажиллагаа, цэргийн бодлогоо бурэн зогсоож, газраар, агаараар, усан замаар хэн хэндээ заналхийлэл хийхгүй гэж тохирсон билээ.

Сургуулилт хийсэн талууд энэ явдлын талаар өөр байр суурьтай байна. АНУ-ын Терийн Департментын хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэж буйгаар Ким Жон Ун Гуравдугаар сард болсон уулзалтын үеэр энэхүү хамтарсан сургуулилтын зорилго болон ач холбогдлыг сайтар ойлгож байгаагаа илэрхийлсэн аж.  Түүнчлэн уулзалтанд өөрчөлт оруулах болон бусад аливаа асуудлаар Хойд Солонгос албан ёсны мэдэгдэл ирүүлээгүй учир уулзалтыг төлөвлөсөн хэвээр буй гэлээ. Өмнөд Солонгос, АНУ-ын албаныхан аль аль нь энэхуу сургуулилт бол хамгаалалтын сургуулилт бөгөөд цэргийн бэлэн байдлыг сайжруулахад чиглэгдсэн гэж мэдэгдэв.

Зарим судлаачид Хойд Солонгосыг шалтаг хайж, амласнаасаа ухрах оролдлого хийж байна хэмээн үзэж байна. Мөн Трампын захиргаа ямар хариу үйлдэл үзүүлэхийг туршиж буй явдал гэжээ. Хамтарсан цэргийн сургуулилт олон арван жил үргэлжилж буй бөгөөд үүнд өөрчлөлт орохгүй гэдгийг Хойдууд мэдэхийн дээдээр мэдэж буй. Өмнөд Солонгосын зарим мэргэжилтнууд мөн эл явдалд дургуйцэж, Ким Жон Ун нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэхийн тулд Сөүл болон Вашингтоныг буруутай болгож харагдуулах оролдлого хийлээ гэсэн байна.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа