Дэлхий
Сүр дуулиант хосуудын хурим
Огноо: 5-23
Нийтлэгч: Цэвээнгэрэл

Өнгөрөгч Ням гарагт Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хунтайж Харри (Хенри Чарльз Альберт Дэвид) Америкийн жүжигчин, активист, өнгөт арьст эмэгтэй Меган Маркл нарын хурим сүр дуулиантай болж өнгөрлөө. Диана гүнж эмгэнэлтэйгээр нас нөгчиж, дэлхий дахины зүрхэнд харуусал төрүүлэхэд ээжийнхээ оршуулах ёслолд 13 настай чимээгүйхэн алхаж явсан Харриг Английн ард түмэн энэрэн хайрлаж үлдсэн юм. Өдгөө тэр 33 нас хүрч өөрийн гэр бүлээ зохиохдоо энгийн дундаж гэр бүлээс гаралтай, өнгөт арьст Америк эмэгтэйг сонгосонд дэлхий нийтээр алга ташин баяр хүргэж, Диана гүнжийн эгэл зан араншинг дуурайн төлөвшсөн болохыг бахдан ярьж байна.

Түүнийг зарим талаар ахаасаа илүү нээлттэй, хааны удмынхан дунд байхгүй эгэл гэж хэвлэлүүд бичдэг нь ортой аж. Тэр нэгэн ярилцлагадаа дээдсийн амьдрал түүнд хичнээн харгис санагддаг тухай өгүүлж, ээжийнхээ оршуулгын үеэр сая сая хүний нүдэн дээр шарилыг нь даган алхахаас аргагүй байсандаа харамсдаг тухай ярьжээ. Мөн эхнэр болох Меган Маркл түүний өнгөрсөн дэх гашуун дурсамжуудыг уудлан нээж, тавьж явуулахад хэрхэн тусалж, сэтгэлийг нь чөлөөлөхөд нөлөөлсөн тухай ярьсан байдаг. Түүний урдны ярилцлагуудыг сөхөн үзвэл Хатан хаан Элизабет буюу эмээтэйгээ, Виллиам, Кейт хоёртой ойр дотно байдгаа олонтаа ярьжээ. Харин өөрийн аав, ханхүү Чарльз болон түүний эхнэрийн тухай ярихаас зайлсхийсэн удаа олон аж. Түүнчлэн нас биед хүрсний дараахан хэсэгтээ хэвлэлийн нүүрнээс салалгүй, сахилгагүйтэж явснаа дурссан байна.

Тэд ийнхүү хуримаа хийснээр Сассексын Гүн ба Гүнгийн ахайтан хэргэм хүртэж буй юм. Түүний эхнэр Меган Маркл өнгөрсөн жил сүй тавих ёслолтой зэрэгцэн жүжигчний карьераа орхиж буйгаа мэдэгдсэн. Хэд хэдэн телевизийн бүтээлд дүр бүтээсэн Меган мэргэжлийн иогчин, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч бөгөөд таван жилийн өмнө анхны нөхрөөсөө салж байсан юм. Хатагтай Маркл хүйсийн тэгш эрхийн активист гэдгээрээ илүүтэй танигдаж, Нэгдсэн Үндэстний индэр дээрээс энэ тухай түүхээ хуваалцжээ.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа