Халуун сэдэв
Б.Найдалаа: ШХАБ-д элсэх асуудлыг ард түмнээс асуух учиртай
Огноо: 6-7
Нийтлэгч: read.mn

Хөдөлмөрийн үндэсний намын дарга Б.Найдалаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

Сүүлийн үед Монгол Улс  ШХАБд элсэх талаар ярьж  байна.   Энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-ШХАБ-д элсэх тухай асуудал иргэдийн анхаарлын төвд байна.  Буруу зөрүү мэдээлэл гарч нийгэмд төөрөгдөл талцал үүсч байгаа.  Тиймээс  Ерөнхийлөгч, Улсын Их хурал, Засгийн газар энэхүү асуудлыг онцгойлон анхаарч олон талаас нь харж, чухал шийдвэр гаргах ёстой. Энэхүү шийдвэр Монгол улсын ирээдүйг олон жилээр тодорхойлох  түүхэн асуудал юм. Тий­мээс богино хуга­цаанд яаран шийдэх ёсгүй.

Тэгвэл  ямар байдлаар  судалгаа шинжилгээ хийх ёстой вэ?

-ШХАБ-д элссэнээр Монгол Улсын бие даасан гадаад бодлого, олон улсын нэр хүндэд ямар давуу  тал бий болох вэ.  Мөн  сөрөг тал нь юу байх уу.  Эдийн засаг, хөрөнгө оруулалтын ямар нөхцөл боломж, давуу тал үүсэх талаар судалгааг шат шатанд явуулах учиртай.  Харин элсэхгүй бол ямар боломж хаагдах талаар тодорхой мэдээлэл ойлголттой болж, маргаангүй шийдвэрлэхэд анхаарах хэрэгтэй байна.

ШХАБ-д элссэнээр эдийн засгийн хувьд ямар давуу талтай вэ?

-Манай улс эдийн засгийн чиглэлээр олон улсын олон байгууллагатай хамтын ажиллагаатай байдаг.  Төв Азийн бүс нутгийн Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага гэж бий. Одоогоор 31 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Үүнээс 600 орчим сая ам.долларыг Монгол улс аваад ашиглаад, төслүүдээ санхүүжүүлээд байна. Тэдний хөтөлбөр маш тодорхой. Харин ШХАБ-ын хөтөлбөр их тодорхойгүй байгаа.  Яагаад гэвэл бодлого тодорхойлогч хоёр хөрш маань зарчмын зөрүүтэй асуудлуудыг дэвшүүлдэг.  Нэг нь улс төр, цэргийн асуудал дээр хамтаръя гэдэг бол урд хөрш эдийн засгийн тал дээр илүү оролцоотой байна гэдэг. ШХАБ 2025 он хүртэл эдийн засгийн тал дээр хамтарч ажиллахгүй гэсэн заалттай. Хэрэв 2025 оноос байдал өөрчлөгдөх юм бол Монгол Улсад ямар ашигтай, ямар үүрэг, эрсдэл хүлээх талаар бид судалж, мэдээлэл олж түүнийгээ ард иргэддээ тараах хэрэгтэй байгаа юм.

Танай намын зүгээс иргэдэд ямар уриалга гаргаж мэдээлэл хийж байна вэ?

-Манай нам дээр дурдсан нөхцөл байдлыг үндэслэн улс орны хойч ирээдүй, үндэсний эрх ашиг, эв нэгдлийг эрхэмлэн  үзэж ШХАБ-д элсэх эсэх тухай асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж эцэслэн шийдвэрлэхийг Ерөнхийлөгч, Улсын Их хурал, Засгийн газарт хандан уриалж байна. Мөн Хөдөлмөрийн Үндэсний Намын зүгээс ШХАБ-ын зорилго, сайн мууг шинжлэн дүгнэх, асуудлын шийдлийг чиглүүлэх, Монгол Улсын гадаад бодлогыг шүүн хэлэлцэх зорилгогүй. Гагцхүү, энэхүү шийдвэрт ул суурьтай хандаж, маргаангүй шийдвэрлэхэд анхаарах шаардлагатай гэж үзэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа