Нийгэм
Амжилтад хүрсэн хүмүүст байдаг нийтлэг зургаан шинж
Огноо: 2018-06-07 15:26
Нийтлэгч: read.mn

"HUB Innovation" төвийн нээлтийн үеэр MLC Training багш, “Бизнес Өрөг” нэвтрүүлгийн хөтлөгч Б.Болорчимэг амжилтад хүрсэн хүмүүст байдаг нийтлэг зургаан шинжийн талаар хуваалцсан юм.  

Амжилтад дүрэм байдаг уу?

Би амжилттай яваа маш олон хүнтэй уулздаг. Хүмүүсээс ихэвчлэн “Тэд нарын амжилтын нууц юу юм бол?” гэсэн асуулт ирдэг. Ихэнх хүн бусдыг манлайлж байгаа хүмүүсийг баян чинээлэг, аз тохиосон, боломжтой байдлаараа бусад жирийн хүмүүсээс ялгаатай хэмээн дүгнэдэг. Гэхдээ энэ бодол бол буруу. Үнэндээ тэд нар бүх зүйлийг тэгээс эхэлсэн байдаг. Манлайлагч хүмүүсийг анзаарахад маш олон шинжээрээ хоорондоо төстэй байдаг. Би өнөөдөр зургаан шинж чанарыг дурдах хэрэгтэй гэж бодлоо.

1. Эргэлтийн цэг

Амжилттай явж байгаа бүх хүнд эргэлтийн цэг гэж зүйл байдаг. Амьдралд нь ямар нэгэн томоохон үйл явдал тохиож, бүх зүйл дээр илүү хичээх хэрэгтэй болсон мөч нь тэдний эргэлтийн цэг болж өгсөн байдаг.

2. Сорилттой тулгарах

Би шууд л зочдоосоо асуудаг. “Таны хамгийн том сорилт юу вэ. Шүүсийг тань шавхаад, ард нь гарахад өөртөө итгэлтэй болж байсан зүйл юу вэ?” гэх мэтчилэн. Амжилттай яваа хүн зайлшгүй сорилттой нүүр тулгарч, даван туулж гарсан байдаг. Түүний үр дүнд хүн өөртөө итгэх итгэлийг олж, өөр сорилттой тулгарах эрч хүчтэй болдог.

3. Хувийн ялалт

Амьдралынхаа хэв маягт шинэ зүйл оруулах, өөрийгөө сорих явдлыг хэлнэ. Амжилтад хүрсэн хүмүүс ихэвчлэн хувийн сонирхолтой байдаг ба түүндээ чамгүй амжилт болон цаг завыг гаргаж чаддаг. Бас түүнээсээ шинэлэг мэдрэмж, эрч хүчийг авч, хувийн ялалт байгуулснаар ажилд нь амжилт гарахад нөлөө үзүүлдэг.

4. Философич

Философи гэдэг бол өөрөөсөө асуулт асууж, түүнийхээ хариултыг дотогшоогоо эрэлхийлдэг байх юм. Энэ таны үнэт зүйлийг сэргээж өгч, өөрийгөө олоход тань туслах болно.

5. Сахилга бат

Амжилтад нууц гэж байхгүй. Амжилтад хүрсэн хүмүүс сахилга баттай байдаг. Сахилга бат гэх зүйлд харин нууц гэж байхгүй.  Маш энгийн. Хийе гэсэн зүйлээ хийж чаддаг, төлөвлөсөн зорилгодоо хүрч чаддаг байхыг сахилга бат гэж нэрлэдэг. Энэ зүйлсийг амьдралынхаа хэв маягт оруулж өгснөөр таны дадал хэвшил болж өөрчлөгдөх болно. Энэ бол амжилтын нууц юм.

6. Ажил хийж үзэх

Амжилтад хүрсэн хүмүүс ихэвчлэн оюутан байхдаа ажил хийж үзсэн байдаг. Энэ нь дан ганц мөнгө олохдоо чухал биш. Ажил хийснээр хувийн зохион байгуулалттай болох, баг хамт олонтой ажиллаж сурах гэх мэт маш олон давуу талыг олж авна.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа