Нийгэм
Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг гүйцэтгэх компани энэ сард тодорно
Огноо: 6-10
Нийтлэгч: read.mn

 

Төв цэвэрлэх байгууламжийг үнэргүйжүүлэх ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн. Ажлын үр дүнтэй өчигдөр холбогдох албаныхан танилцсан аж. Тус байгууламжийг шинэчлэн барих ажлыг Барилга хот байгуулалтын яам болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хариуцаж байгаа юм. Хятадын Экзим банкнаас 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар болсон бөгөөд бүтээн байгуулалтын ажил удахгүй эхлэх аж. 

Түүнчлэн мэргэжлийн хяналтын газраас Төв цэвэрлэх байгууламжийн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг өлөн боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт хийжээ. Шалгалтын дараа гурван сарын хугацаанд багтаан үнэргүйжүүлэх, техник технологио сайжруулах шаардлага хүргүүлсэн байна. Өлөн боловсруулах хоёр үйлдвэрийн үйл ажиллагааг наймдугаар сар хүртэл хаах шийдвэр гаргасан аж. Учир нь төв цэвэрлэх байгууламжийн үнэр харьцангуй багассан ч өлөн боловсруулах үйлдвэрийн үнэр арилахгүй байгаа юм. Мэргэжлийн байгууллагын зүгээс төв цэвэрлэх байгууламжийн үнэрийг багассан гэж мэдээлжээ.

Харин лагийг халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд зориулж 2.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж байршуулан ашиглаж байна. Мөн цэвэршүүлэлтийн хувийг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр тунгаагуур, био цөөрөм барьж байгаа ажээ. Эдгээр нь энэ оны долдугаар сард ашиглалтад орсноор Туулд голд нийлүүлэгдэх усны чанар сайжрах юм байна.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа