Улс төр
"Жаст"-ын Ш.Батхүүг үргэжлүүлэн 15 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ
Огноо: 2018-06-13 13:59
Нийтлэгч: read.mn

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр“Жаст групп” ХХК-ийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ.

Цагдан хорих хугацаа нь дуусч байгаатай холбогдуулан прокуророос Ш.Батхүүгийн цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгах хүсэлт гаргасан ч шүүх 15 хоногоор сунгаж шийдвэрлэсэн байна.

"Эрдэнэт үйлдвэр"-ийг барьцаалж их хэмжээний зээл авсан гэх Ш.Батхүүд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж энэ оны гуравдугаар сарын 12-нд баривчилсан юм.

Одоо тэрбээр ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид саатуулагдаж байна.

“Жаст групп” ХХК-ийн Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан нийт зээлийн хэмжээний талаар Засгийн газраас гаргасан мэдээлэлд:

2009-2010 онд “Жаст групп” ХХК-ийн Өмнөд Африкийн Стандарт банк /цаашид “Стандарт банк” гэх/-аас авсан зээлийн нийт хэмжээг Лондонгийн Олон улсын Арбитрын шүүх дээр үүссэн арбитрын хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан гаргавал,

  •  2009 оны 7 дугаар сарын 8-ны өдөр “Жаст групп” ХХК нь Стандарт банктай 36,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулсан бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Нэмэлт гэрээ” байгуулан зээлийн хэмжээг 75,000,000 ам.доллар болгож нэмэгдүүлсэн;
     
  • 2010 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Жаст групп” ХХК нь Стандарт банктай дахин 27,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулсан бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Нэмэлт гэрээ” байгуулан зээлийн хэмжээг 34,000,000 ам.доллар болгож нэмэгдүүлсэн.

Дээрхийг нэгтгэвэл, 2009-2010 онд “Жаст групп” ХХК Стандарт банкнаас нийт 109,000,000 ам.долларын зээл авсан байна.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа