Улс төр
Хэнтийд болох нөхөн сонгуульд хэн хэн нэр дэвших вэ?
Огноо: 2018-07-05 14:45
Нийтлэгч: read.mn

 

Улс төрийн барометр судалгааг “МЕК” судалгааны компаниас сар бүр хийж танилцуулдаг. Энэ удаагийн барометр судалгааны онцлог нь аравдугаар сарын 7-нд болон УИХ-ын сонгуулийн 42-р тойрогт болох нөхөн сонгуульд иргэд, олон нийтийн зүгээс нэр дэвшигчдийн хувьд ямар хүлээлт байгааг тандсан байна.

Судалгааг “МЭК” ХХК ямар нэг нам, байгууллага, хувь хүний захиалгаар бус, өөрийн санхүүжилтээр гүйцэтгэдэг гэдгийг тодотгодог. Судалгааны мэдээллийг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 800 иргэнээс квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж цуглуулсан байна.

Хэнтий аймгийн УИХ-ын нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвших эрхмүүдийг намын дарга, Ерөнхий Сайд У.Хүрэлсүх гэж иргэд нэрлэжээ. Гэвч Ерөнхий Сайд өмнө нь нөхөн сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд барометр гарах үеэр бид Ерөнхий Сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяртай холбогдон тодруулахад “У.Хүрэлсүх Сайд нэр дэвшихгүй гэдгээ хэлсэн, өөр шийдвэр гаргаагүй байгаа. Намын хувьд өөрийн дүрэм, журмын дагуу нэр дэвшигчээ тодруулах болов уу” гэсэн хариулт өгсөн юм. Тэгвэл МАН-ын Хэвлэлийн албанаас энэ тухай лавлахад “Ерөнхий Сайд нэр дэвшихгүй шалтгаанаа намын дарга, Засгийн газрын тэргүүний албыг давхар хашиж буй тул хангалттай ачаалалтай байна гэж өмнө нь хэлсэн. Тиймээс нөхөн сонгуульд хэн нэр дэвшихийг бид дотоод дүрмийнхээ дагуу шийдвэрлэх болно” гэлээ. Ямартай ч, Ерөнхий Сайдыг иргэд, олон нийт хувь улс төрчийн хувьд ч, Ерөнхий сайдын хувьд ч 42-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвших хэрэгтэй гэсэн хүлээлтээ илэрхийлсэн боловч тэрбээр үгүй гэдэг байр сууриа ийнхүү мэдэгдээд байгаа.


МАН-аас дэвших учиртай удаах эрхмүүдийн удаанд Хэнтий аймгийн Засаг дарга асан, мөн тус аймгаас УИХ-д сонгогдож байсан Н.Ганбямба нэрлэгджээ.

Нөхөн сонгуульд АН-аас нэр дэвшигчдийн хувьд өмнө нь тус аймгаас сонгогдож байсан Б.Гарамгайбаатар болон 2016 оны сонгуульд сая чөлөөлөгдсөн гишүүн Д.Гантулгатай өрсөлдөөд “шороодсон” Ж.Оюунбаатар нар тэргүүлж байна. Гэвч уг асуулгад оролцсон иргэдийн олонх нь “Хэн нь ч хэрэггүй” гэсэн хариулт өгсөн нь АН-аас одоогоор яригдаж буй дээрх эрхмүүд хангалттай дэмжлэг авч чадах уу гэдэгт эргэлзээ төрүүлж байгаа юм. Ямартай ч, АН-д энэ тухай яригдаж байгаа бөгөөд ойрын үед НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүг дэвших тухай сонсогдох болсон. Нутаг усаа дагавал тэрбээр Хэнтий аймгаас гаралтай аж. Харин тэрбээр “Дэвшихийг үгүйсгэхгүй. Гэхдээ нам дотроо санал хураалт явуулах гэхчлэн дүрэм, журам бий” гэдгийг онцоллоо.

МАХН-ын хувьд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нэр дэвших магадлал хамгийн өндөр бөгөөд бусад өрсөлдөгчдөд хамгийн “халгаатай” хүнээр Н.Энхбаярыг нэрлээд байсан. Түүнийг дэвших ёстой гэж уг асуулгад оролцсон иргэдийн олонх нь нэрлэсэн ч, түүнтэй тун ойрхон дүнг өнгөрсөн зуны сонгуульд хүчтэй өрсөлдөөн үзүүлсэн С.Ганбаатар харуулж байна.

Нөхөн сонгууль яригдахтай зэрэгцэн сошиал орчинд нийтлэлч Болушкаг нэр дэвших эсэх талаар олон яриа өрнөсөн. Тэрбээр энэ тухайд “Дэвш гэсэн дэмжлэг байвал болно” гэлээ. Харин аль намаас дэвших эсэх нь сонирхол татсаныг хэлэхэд “Ямар ч гэсэн хоёр том намаас лав биш” гэсэн юм.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа