Улс төр
Хүүхдийн хамгаалал, эрхийн асуудлаар Төрийн бүх шатанд төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхээр боллоо
Огноо: 8 өдөр
Нийтлэгч: read.mn

Хүүхэд хамгааллын талаар мөрдөгдөж буй хууль тогтоомж, хөтөлбөрийн хэрэгжилт, хариуцлагын асуудлаар Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн өргөтгөсөн хуралдаанаар хүүхдийн эрх аюулгүй байдлын тухай албан даалгаварыг гаргаж, гурван сар тутам хэрэгжилтийг нь танилцуулж байхыг холбогдох газруудад үүрэг болгож байна. 

Даалгаврыг ЦЕГ, ОБЕГ, МХЕГ, Нийслэлийн Засаг дарга, БСШУС-ын Сайд, ХНХ-ын Сайд, ХЗДХ-ийн Сайд, Шадар Сайд гээд бүхий л салбар чиглэлээр гаргасан. Даалгаврын гол зорилго нь хүүхдийн эрхийг хамгаалж, аюулгүй байдлыг хангахад оршиж байгаа. 

Сүүлийн үед хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирч байгаатай холбогдуулан улсын хэмжээнд үзлэг шалгалт явуулахыг мөн даалгаж байна.

Нэгдсэн үзлэг шалгалтын хүрээнд зам тээврийн хөдөлгөөнөөс авхуулаад сургууль, цэцэрлэгийн орчин, тоглоомын талбай, гудамж гэх мэт бүх орчинд үзлэг шалгалт хийж хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр иж бүрэн цогц төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхийг холбогдох яамд болон газруудад үүрэг чиглэл болгосон. 

Мөн хувийн хэвшил, ААН, иргэддээ хандан хүүхдийн эрхийг  хамгаалах, амьдрах суралцах орчинг аюулгүй  байлгах чиглэлээр үнэлгээ хийхийг уриалж байна.

Гурван сар тутам үүрэг даалгаварын биелэлтийг хянаж, шалгана. Биелэлтийг хангаагүй, эс үйлдэл гаргасан хүмүүст холбогдох хариуцлагыг тооцож ажиллахаар чиглэл гарсан" гэлээ. 

Дээрх мэдээллийг хийсний дараа  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Сургууль, цэцэрлэгүүд орчны аюулгүй байдлаа хангая, засвар үйлчилгээ хийе гэхээр хөрөнгө мөнгөний асуудал байгаагаа хэлж байгаа. Албан даалгаврын хүрээнд энэ чиглэлээр нэмэлт санхүүжилт гаргах уу?

- БСШУСЯ-нд өгч байгаа даалгаварт сургууль, цэцэрлэгүүдийн төсвийн бие даасан байдлыг хангах чиглэл багтсан. Жишээлбэл, Сургууль спорт заалаа түрээслээд олсон орлогыг яам нь татаад авчихдаг биш урсгал засвартаа зарцуулдаг байя гэж байгаа. 

Улс орны төсөв эдийн засгийн байдал хүнд байгаа ч гэсэн  нэгдсэн хөтөлбөр журмын дагуу санхүүжилтийг шийдээд явна. Мэдээж халгиад цалгиад бүгдийг нь шийдээд явах боломжгүй.  

- Ажлын хариуцлага алдсанаас болж хүүхдүүд эндэж байна гэх бухимдал иргэдийн дунд байна. Хариуцлага алдсан хүмүүст, холбогдох байгууллагуудын дарга нарт ямар хариуцлага тооцох вэ?

- Үүн дээр ажлын хэсэг гарган шалгалт явуулж байна. Жишээлбэл, Цахилгааны төлбөрөө төлөөгүй гэсэн шалтгаанаар цахилгааны утсыг тоолуураас нь салгаснаас болоод богино холбоо үүсэж, хүүхдийн  амь нас хохирох шалтгаан болсон байна гэх тайлбарыг нэг талаас өгч байгаа. Харин Эрчим хүчний яам болохоор байцаагч цахилгааны утсыг тоолуураас салгаагүй байна. Өөр шалтгаан байна гэсэн тайлбар өгсөн. Ажлын хэсэг дүгнэлт гарсны дараа буруутай этгээдэд хариуцлага тооцох болно.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа