TIME OUT
Азарга: Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат Б.Баттөрийн халиун азарга түрүүн магнайд орж ирлээ
Огноо: 2018-07-11 16:08
Нийтлэгч: read.mn

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын азарганы уралдаан уралдаанд 201 азарга бүртгүүлж, 153 азарга гараанаас гарч уралдсанаас Төв аймгийн Угтаал сумын Баянжаргалын Баттөрийн халиун азарга түрүүллээ. Энэ азаргыг 218 дугаартай А.Буянжаргал хурдлууллаа.

Харин аман хүзүүнд Монгол Улсын Тод манлай уяач Ононгийн Батбилэгийн зээрд халзан хурдаллаа. Айргийн гуравт Монгол Улсын Алдарт уяач Д.Баянбатын наран хонгор азарга, айргийн дөрөвт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат сумын Алдарт уяач Нэргүйн Атарбаярын зээрд, айргийн тавд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, аймгийн Алдарт уяач Доржпүрэвийн Ганхуягийн хээр хурдалж, уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулан наадамчин олныг баясгалаа.

Зургаад Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат, аймгийн алдарч уяач н.Бүрэнбаатарын сартай хээр азарга, долдугаарт Төв аймгийн Алтанбулаг сумын Самдангийн Дамбажавын хээр азарга, наймдугаарт Монгол Улсын манлай уяач Түвдэндоржийн Болдбаатарын халиун азарга, есдүгээрт Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Батбаатарын цагаан хул азарга, аравт Говь-Алтай амйгийн Дарви сумын Содномрэнцэнгийн Мөнхнасангийн бор азарга хурдаллаа.

Азарганы уралдаанд гэмтсэн хүүхэд байхгүй. Нэг хүүхэд уралдааны замд мориноос унасан ч  бэртэл аваагүй. Энэ жилийн уралдаанд 18 эрлийз азаргыг уралдаанаас хассан. Шүдээр хассан азарга бүртгэгдээгүй. Харин хязаалан насны морьд уралдахаар бүртгүүлсэн байсан.  Уралдааны явцад азарга эндсэн осол гэмтэл гараагүй.  Азарга 11.40 цагийн орчимд  барианд орж ирсэн гэж Баяр наадмын комиссоос мэдээллээ.

Мөн өнөөдөр их насны морьдын уралдаан 14.00-17.00 цагийн хооронд болно. 

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа