Нийгэм
АШУҮИС-ийн багш нар “60 тэрбум”-ын асуудлаар төрийн гурван өндөрлөгт мэдэгдэл хүргүүллээ
Огноо: 2018-08-27 21:54
Нийтлэгч: read.mn

 

АШУҮИС-ийн багш нар өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн хуралд Анагаах ухааны академийн гишүүн, академич, МУ-ын гавьяат багш, доктор профессор И.Пүрэвдорж,Анагаах ухааны академийн гишүүн, академич, МУ-ын гавьяат эмч, доктор профессорГ.Цагаанхүү, Анагаах ухааны академийн гишүүн, академич, МУ-ын гавьяат эмч, доктор профессор Х.Гэлэгжамц тэргүүтэй багш нар оролцлоо.

            Хэвлэлийн хуралд оролцогчид АШУҮИС-ийн Тогтвортой хөгжил багш ажилчдын түр хорооноос төрийн гурван өндөрлөгт хандан мэдэгдэл хүргүүлж буй талаараа онцолсон юм.

Энэхүү мэдэгдэлд намын томилгоо гэх нэрээр хамт олны хүсэл сонирхолыг үл ойшоон, төрийн нэр барьж хүч түрэн танил тал, найз нөхрөө албан тушаалд томилсон  бусармаг үйлдлийг нэн даруй зогсоох, боловсролын байгууллагын хуулиар олгогдсон хараат бус академик эрх чөлөөг хангах, эрдэмтэн багш нар, ажилтан, ажилчид, оюутан залуусын хүсэлтийг хүндэтгэн үзэхийг шаардсан байна.

Мөн 2018 оны 9 дүгээр сард багтаан их сургуулийн удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох хүртэл  их сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөхгүй байхыг мэдэгдэлд тусгажээ.

Б.Ангармөрөн: Төрийн томилгоог сонгон шалгаруулалтгүй хийсэн

            Хурлын үеэрАШУҮИС-ийн Тогтвортой хөгжил багш ажилчдын түр хорооны дарга Б.Ангармөрөн “Манай АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтан, албан хаагчид, оюутан, судлаачид биднийг амарч байсан баяр наадмын үеэр буюу долдугаар сарын 10-ны өдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа их сургуулийн удирдлагыг хууль зөрчин, хулгайн аргаар өөрчлөх шийдвэр гарган,  МАН-ын томилгоо гэх нэрийн дор Ж.Цолмонг томилсон явдлыг эсэргүүцэж энэхүү хэвлэлийн бага хурлыг хийж байгаа юм. Их сургуулийн тогтвортой хөгжлийг хангах эхлүүлсэн төсөл, хөтөлбөрийг дуусгахын тулд одоогийн удирдлагыг тодорхой хугацаанд тогтвортой ажиллуулахыг хүссэн хүсэлтийг бид удаа дараа тавьж байсан. Гэвч манай хамт олны хүсэлтийг үл ойшоон намын бодлого нэрийдлээр Ж.Цолмонг сургуулийн захирлаар томилсон. Энэ нь эрх баригч МАН-ын албан тушаал наймаалах 60 тэрбумын сүлжээг манай их сургуульд хэрэгжүүллээ хэмээн ойлгож, эсэргүүцэж байгаа юм” гэв.

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны  дөрөвдүгээр сарын 11-ний 60 дугаар тогтоолд төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилохдоо нээлттэй сонгон шалгаруулалт явуулна хэмээн заасан байдаг аж. Гэвч БСШУС-ын сайд  Ц.Цогзолмаа дээрх тогтоолыг зөрчиж, хууль бусаар шууд томилгоо хийсэн байна.

 

Жагсаалд оролцсон багш нарыг “ажлаас нь халсан” гэв

Мөн хуралд оролцогчид “БСШУСЯ-наас гаргасан тушаалд 2017 оны аудитын шалгалтыг үндэслэн Г.Батбаатар захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн байсан. Гэтэл манай сургуульд 2017 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр АШУҮИС ямар нэгэн зөрчилгүй гэсэн аудитын дүгнэлт ирсэн байдаг. Өөр он, сартай хуурамч аудитын дүгнэлт үйлдэн ажлаас нь хална гэдэг бол хууль бус явдал гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Би дөнгөж сая БСШУСЯ-ны гаднах жагсаалаас ирлээ. Жагсаалын үеэр манай сургуулийн хоёр албаны дарга руу утасдаад “Та нар жагсаалд оролцлоо. Нэг цагт ирж тушаалаа аваарай. Ажлаас халагдсан” гэж хэлсэн. Мөн манай эрдэмтэн багш нар 2017 оны хоёрдугаар сард АШУҮИС-ийн сургуулийн захирлаар Ж.Цолмонг томилох тухай нууц тушаал гаргасныг мэдээд эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн албан бичгийг төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн. Ж.Цолмон албан тушаалд томилогдсон даруйдаа тэр албан бичигт гарын үсэг зурсан хүмүүсийг өрөөндөө дуудаад “Та нар миний эсрэг гарын үсэг зурсан. Та нартай хамтарч ажиллахгүй” гэх мэтчилэн дарамталж байна” хэмээн ярьсан юм.

 

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа