Нийгэм
Ж.Цолмонгоос найман багшийг ажлаас халсан үндэслэлээ тайлбарлахыг хүсэв
Огноо: 2018-09-02 17:49
Нийтлэгч: read.mn

 

Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарыг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед нь ажлаас чөлөөлөх тушаал гаргаж, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг томилсон билээ.

Ийнхүү ажлаас чөлөөлөх болсон шалтгаанаа АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарыг Үндэсний аудитын газрын 2018 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 07\182 тоот албан шаардлагыг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн хэмээн тайлбарлаж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан АШУҮИС-ийн эрдэмтэн багш нар “АШУҮИС-Тогтвортой хөгжил” түр хороо байгуулан хууль бус намын томилгоог эсэргүүцэн, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны  дөрөвдүгээр сарын 11-ний 60 дугаар тогтоолын дагуу нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, АШУҮИС-ийн захирлыг сонгохыг хүсч, удаа дараа жагсаал зохион байгуулан, Төрийн гурван өндөрлөг болон БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад мэдэгдэл хүргүүлсэн хэдий ч тайлбар авч чадаагүй байгаа юм.

Тэгвэл өнөөдөр мөн  “АШУҮИС-Тогтвортой хөгжил” түр хорооныхон АШУҮИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлттэй холбогдуулан зарласан багш нарын хурлын үеэр эсэргүүцлээ илэрхийллээ.

Энэ талаар “АШУҮИС-Тогтвортой хөгжил” түр хорооны дарга Б.Ангармөрөн “Бид хууль бус томилгоог эсэргүүцэж байна. Түүнээс биш Ж.Цолмонг эсэргүүцээгүй. БСШУС-ын сайдыг эсэргүүцээгүй. Зөвхөн Төрийн албаны зөвлөлийн 2013 оны  дөрөвдүгээр сарын 11-ний 60 дугаар тогтоолын дагуу нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, АШУҮИС-ийн захирлыг сонгохыг л хүссэн. Өнөөдөр бид найман багшийг ажлаас халсан талаар тайлбар сонсохыг хүссэн хэдий ч Ж.Цолмон хариулсангүй” гэв.

АШУҮИС-ийн багш нарын хэлж байгаачлан тэд нээлттэй сонгон шалгаруулалт зарлан томилгоо хийхийг хүсч, удаа дараа жагсаал зохион байгуулан, Төрийн гурван өндөрлөг болон БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад мэдэгдэл хүргүүлжээ.

Мөн тус сургуулийн захирлын үүргийг гүйцэтгэгч Ж.Цолмон нь үүрэгт ажлаа авсанаас хойш тус сургуулийн 2 багшийг ажлаас халж, 8 багшийг үүрэгт ажлаас нь түр чөлөөлөөд байгаа аж. Энэ талаар АШУҮИС-ийн багш Ц.Батхуяг “Биднийг үргэлж дарамталж байна. Бид хууль бус томилгоог эсэргүүцэж БСШУСЯ-ны гадаа жагсаал зохион байгуулсан. Энэхүү жагсаалд оролцсон хоёр багш руу залгаад “Жагсаалд оролцсон байна. Халагдах тушаал чинь гарсан. Маргааш 13:00 цагт ирж халагдах тушаалаа аваарай” хэмээн сүрдүүлсэн. Үүрэгт ажлаа авсанаасаа хойш намайг бас ажлаас халсан. Миний халагдах тушаал өрөөнд маань байгаа. Та бүхэнд харуулсан ч болно. Ажлаас халах үндэслэлээ ёс бус харьцсан гэж тайлбарласан. Мөн ажлын байранд архидан согтуурсан хэмээн намайг гүтгэсэн. Би ажлын байрандаа архидан согтуурдаг хүн биш. Би шүүхэд хандсан байгаа” гэв.

Манай сурвалжлах хэсэг хурлын үеэр АШУҮИС-ийн захирлыг үүргийг гүйцэтгэгч Ж.Цолмонгоосэнэ талаар яриа авах гэсэн боловч тэрбээр хурлын танхимыг орхин гарсан юм.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа