Нийгэм
Зургаан иргэний эцэг, эх байх эрхийг хасчээ
Огноо: 2018-09-02 17:55
Нийтлэгч: read.mn

Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2018.8.30/ хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзлаа.

Томчуудын хайхрамжгүй байдлын улмаас хүүхэд хүчирхийлэлд өртөх, эндэх тохиолдол нэмэгдсээр байгаа. Үүнтэй холбоотойгоор, Ерөнхийлөгч хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудад зургаан зүйлтэй үүрэг даалгав өгсөн. Үүнд, Хүүхэд хамгааллын тухай хууль, стандартыг боловсруулж,  хэрэгжүүлэх журмыг мөрдүүлэх, сургууль цэцэрлэг, сургалтын орчин, хүүхдийн тоглоомын талбай, хүүхдэд хамаатай бүх орчинд үзлэг хийж, аюулгүй байдлыг хангах зэрэг багтаж байгаа юм. Үүргийг 11 төрийн байгууллага авснаас найм нь тайлангаа ирүүлжээ.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч “Ирсэн тайланг нэг бүрчлэн уншихад санаанд нийцсэн, үнэхээр арга хэмжээ авчээ гээд энэ асуудалд тайвшрах тайлан ирсэнгүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар улсын хэмжээнд ажиллаж байгаа 798 сургуулиас 44-т нь буюу  18 хувьд, 1418 цэцэрлэгээс 60-д нь буюу 23.6 хувьд нь шалгалт хийсэн байна. Орон нутгийн сургууль, цэцэрлэгийг шалгасан тайлан нь энд дурдагдаагүй байна. Тайлангаас харахад, шалгалтаар зөрчил ирүүлсэн тухай л бичсэн байна. Зөрчлийг арилгуулж, түүнийгээ биечлэн шалгасан тухай дурдаагүй байна” гэлээ.

Мөн тэрбээр төрийн байгууллагуудын удирдлагуудад хүүхдийн асуудлаар нэгдсэн хамтын ажиллагаатай ажиллахыг сануулав.

Уулзалтын үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхээс хүүхэд алга болох, хүчирхийлэлд өртөхөөс хэрхэн сэргийлж байгаа талаар тодруулахад “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/181 тоот тушаалаар 32 албан хаагчид Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх олгосон. Ингэснээр 2017 онд 26, 2018 оны эхний хагас жилд 181 зөрчлийг илрүүлсэн. Үүнээс 55 хэргийг шийдвэрлэж, 54 хэргийг шалгаж байна. Мөн зургаан иргэний эцэг эх байх эрхийг хязгаарлаж, 24 иргэнд 2 сая 650 мянган төгрөгийн шийтгэл ноогдуулсан. Мөн энэ онд хурдан морины уралдаанч хүүхдийг био сканаар бүртгэж, мэдээллийг цахим бүртгэлд оруулах ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулсан. Хурдан морины уралдаанч хүүхдийн сайн дурын гэнэтийн ослын даатгалын  нөхөн олговрын хэмжээг 20 сая хүртэлх төгрөг, суурь хураамжийг 100 мянган төгрөг болгон өсгөх саналыг даатгалын байгууллагуудад тавьж, “Номин даатгал”, “Миг даатгал”, “Практикал даатгал” зэрэг компаниудтай хамтран ажиллаж эхэлсэн. Мөн хүүхэд хамгаалалд эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг, хариуцлага чухал. Үүнийг сайжруулах хүрээнд “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” үндэсний аяныг 21 аймаг, есөн дүүрэгт өрнүүлсэн. Аяны хүрээнд 75 удаагийн арга хэмжээ зохион байгуулахад давхардсан тоогоор 200 гаруй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж оролцож 53 мянга 650 эцэг, эх, 3500 хүүхдүүд аянд нэгдсэн. Мөн аяны хүрээнд 855 удаагийн сургалт зохион байгуулж, 1628 сургагч багш  бэлтгэж, 8240 боловсролын байгууллагын ажилтан,  53 мянга 650 эцэг эхчүүдэд хүүхэд хүмүүжлийн эерэг аргын сургалтыг зохион байгуулж, хүмүүжлийн эерэг аргын талаар зөвлөгөө мэдээлэл, нөлөөлөл сурталчилгааны ажлыг тогтмолжууллаа” гэлээ.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа