Халуун сэдэв
KFC Дэлхийгээр нэг асуудалтай
Огноо: 2019-02-20 03:45
Нийтлэгч: read.mn

KFC-гийн энэ удаагийн алдаа бол зөвхөн бидний асуудал биш. Учир нь Монголд үүсээд буй нөхцөл байдлыг зарим нэр нөлөө бүхий хүн “Дэлхийн брэндийн нэрийг монголчууд унагаж байна, монголчуудын өөрсдийнх нь буруу“ гэх мэтээр зөрчлийг зөвтгөхийг хүсч тэр тухайгаа бичиж, нийтэлж байна. Мөн манайхны “Энэ бол гадны үйлдвэрлэл, худалдааг шахах гэсэн оролдлого, KFC олон монгол хүнийг “Ажилтай, орлоготой болгож байгаа“ гэх мэт ядмаг зөвтгөлүүд ч цуварч байна. Манайх ажиллуулж чадахгүй байгаа тул KFC-д өндөр төлбөр төлөх болно” гэсэн айлгалтын өнгө аяс мэр сэр цухуйж байгаа нь нууц биш.

Дэлхийн брэндийн нэр сүрээс монгол хүний эрүүл мэнд хямдхан байх ёсгүй. Хэрэглэгч эрүүл мэндээрээ хохирохгүй байх ёстой. Ажилчдын ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, бүтээгдэхүүний орц, найрлага, аюулгүй байдлыг бизнесийн байгууллага дангаараа хариуцах учиртай. Өөрөөр хэлбэл, бизнесийн хариуцлагыг бизнес өөрөө үүрэх бичигдсэн, бичигдээгүй хуультай.

 

Энэ асуудлыг зөвхөн Монголынх хэмээн дараад өнгөрөх сонирхолтой хэсэг бүлэг хүнд хэлэхэд, “Дэлхий нийтийн асуудлыг “Зөвхөн Монголдоо” хэмээн өнгөрөөх нь өөрөө “Асуудал”. Тухайлбал, энэ түргэн хоолны сүлжээ дэлхий даяар жилдээ тэрбум тахиа хоолондоо хэрэглэдэг гэнэ. Тэднийхтэй холбоотой гомдол, шүүхийн маргаан мөн л хаа сайгүй өрнөж байдаг. Өөрөөр хэлбэл бусад олон сүлжээ түргэн хоолны газруудынхаас давамгай гэсэн үг. KFC-г зургаан хөлтэй тахиа үржүүлдэг цээж, гуяыг нь химийн тариагаар томруулдаг хэмээх шуугиан дэгдэж байсан бол одоо мутант тахианы тухай аймшигт мэдээнүүд цуварсаар байна. KFC-гийн тахиа үржүүлгийн газар нь жижигхэн, харанхуй бөгөөд тэнд үржүүлж буй тахиа нь тахиа гэж хэлэхэд хэцүү. Хошуугүй, хөлгүй, ямар ч өдгүй, цусны эрхтний системийнх нь оронд гуурс байдаг гэхчлэн мэдээллүүд байдаг. Ингэснээрээ KFC тахиа үйлдвэрлэлийн олон дамжлагаа цөөлж зардлаа хэмнэдэг гэсэн таамгууд ч бий. Эдгээр үнэн эсэхэд итгэхэд хэцүү таамгууд тасрахгүй байдгийн учир нь KFC-гийн зүгээс тэрбум тахианы махны бэлтгэн нийлүүлэлт, хангалтын талаар баримттай мэдээ мэдээлэлгүй, хариу тайлбар хийдэггүйд оршино.

Тус сүлжээ ресторан ажилладаг улс орон бүрт л KFC-тэй холбоотой ямар нэгэн асуудал байсгээд л шуугиан дэгдээж байдаг. Энэ зөвхөн тухайн улс орны асуудал биш. Учир нь дэлхий дээр тархсан сүлжээ рестораны бизнесийн зарчим хийгээд хоолны орц, найрлага нэг стандарттай. Үндэстнүүдийн хэв маягт тохируулан орцоо нэмэх, хасах өөрчлөх эрхгүй.

2017 онд Англи улс дахь KFC-гийн хэд хэдэн сүлжээний хүнсэнд хэрэглэдэг мөснөөс хүний ялгадсанд байдаг бактери илэрч шуугиан дэгдээв. Энэ бүхнийг мөн л орон нутгийнхны асуудал гэж байсан ч Английн хоол хүнсний хяналтын мэргэжлийн байгууллагууд шинжилгээ хийж үзэхэд Бургер кингийн 10 сорьцноос зургаад нь, KFC-гийн 10 сорьцны долоод нь хүний ялгадсанд байдаг бактери илэрсэн байна. KFC шарсан тахианыхаа орцыг сайтар нууцалж ирсэн бөгөөд төрөл бүрийн соус, амтлагчтайгаар нь хүмүүс сайн мэддэг.

Харин шинжилгээний дүнг харвал KFC-гийн шарсан тахианы 29 төрлийн орцноос нь гурвыг нь химийн аргаар гаргаж аваагүй байдаг аж. KFC-гийн хоолны амтлагч болох excitotoxin monosodium glutamate (MSC) нь толгойн өвчин, саажилт, тархины хавдар, ой санамж муутгах, зүрхний гэнэтийн тасалданги зэрэг өвчнийг үүсгэх өндөр магадлалтай тухай americannutritionassociation.org сайтад бичсэн байна. Хэрэглэгч үүнийг хоолонд амт оруулагч, донтуулах дам нөлөөтэй гэж ойлгоход болно. Мөн энэ бодисыг хуурамчаар маш их үйлдвэрлэх болсон бөгөөд энэ нь хоол үйлдвэрлэгчдийн зардлыг бууруулахад тустай гэгдэж байна. Амт оруулагч нь өсвөр насны хүүхдийн тархи мэдрэлд сөргөөр нөлөөлдөг тухай дэлхийн эрүүл мэндийн эх сурвалжууд мэдээлжээ. Хоол хүнсний найрлагад оролцож буй excitotoxin хэр хэмжээнээсээ хэтэрсэн тохиолдолд үхлийн аюултай хэмээн судлаачид үзсэн байна. Энэ бодис нь мэдрэлийн системийг цочроох үйлчилгээтэй төдийгүй бидний хоолны дуршлыг хэт ихэсгэх буюу донтох үүслийг тавьдаг байна.

Реклам залгигч хүүхдүүдийн аюул

Дэлхий даяарх түргэн хоолны сүлжээнүүд KFC ч мөн адил реклам сурталчилгаандаа тэр тэрбум ам.долларыг зарцуулсаар байна. Эрүүл хооллолтыг хүмүүс эрхэмлэх болсон энэ цаг дор тэд реклам сурталчилгаагаа хүүхдүүд рүү чиглүүлжээ. Англид хийсэн судалгаагаар хүүхдүүд реклам үзсэнийхээ дараа түргэн хоол идэхийг хүсэх хандлагатай болдог бөгөөд рекламны нөлөөнд автсан хүүхдүүд таргалалтад өртөх нь элбэг гэжээ. Лондонгийн ЭЗ-гийн сургуулийн нийгэм судлаач Sonia Livingstone, “Түргэн хоолны телевизийн сурталчилгаа хүүхдийн хоолны сонголтод шууд нөлөөлдөг. Эцэг, эхчүүд ч хүүхдэдээ үүн шиг нөлөөлж чаддаггүй” гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Томчууд хүүхдүүдийн сэтгэлийг гонсгойлгохоос эмээх, үл ойлголцолд хүрэхгүйн тулд түргэн хоолонд “За” гэж хэлсээр байгаа тухай дурьджээ. Тухайлбал 8-18 насныхан долоо хоногт 45 цагаас илүү хугацааг дэлгэцийн өмнө өнгөрүүлж байна. Тиймээс оройн 21:00 цагаас хойш хүүхдийн идэх хүслийг өдөөх түргэн хоолны сурталчилгааг хориглосныг тэр зөв шийдвэр гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

Өсвөр үеийнхнээс 8-14 насныхан бол дэлгэцийн жинхэнэ фенүүд бөгөөд аливааг шууд хүлээн авч туршиж үзэхийг хүсэгчид. Мөн судалгаагаар хүүхдийн нэвтрүүлгийн 50 хувийг ямар нэгэн идэх, уух зүйлсийн реклам эзэлж байгаа нь бид ирээдүйгээ “Түргэн хоолны савууд” болгон бэлтгэж буй дүр зураг юм. Монголын телевизүүдийн хүүхдэд зориулсан агуулгууд ч реклам сурталчилгаагаар дүүрэн. Мөн түргэн хоолны сүлжээнүүдийн амжилттай хэрэгжүүлдэг “Арга заль” нь төрөл бүрийн урамшуулалт, шагналт уралдаан, тэмцээн, бэлэг, бонус, багцын хямдрал байдаг. Хэрэв ээ таны хүүхэд тахианы шарсан мөчний төлөө зургийн уралдаанд оролцохоор зурж суугаа бол түүний авьяасаар дамжуулж тэд “Хүссэндээ хүрч” байна гэсэн үг. Түрүүлвэл таны хүүхдийг хоолоор шагнана. Бусад хүүхдүүдэд нь “Үзүүлэн” болгож ашиглана. Энэ тухай эцэг эхчүүд бодох цаг болсон.

Эрүүл бус хоол хүнсний дайралтад маш олон хүүхэд хордож хохирч байна. KFC-гийн дэлхий даяарх хоол хүнсний аюулгүй байдлын асуудлаарх гомдлууд цахим ертөнцөөр дүүрэн бий. Тэдгээрээс дэлхий нийтэд цочрол өгч аюулын харангыг дэлдсэн нь Австралийн Сидней хотод амьдардаг Monica охины жишээ юм. KFC-гийн сүлжээ ресторанд чикен твистер идсэн долоон настай Monica Samaan хордлогод орж улмаар тархины хүнд хэлбэрийн саажилттай болсон юм. Охины эцэг, эх таван жил KFC-тэй заргалдсаны эцэст заргаа авсан ч охин тэргэнцэр дээр насаараа суух хувь тавиланг хүлээж авсан. Австралийн “Fairfax Мedia”-гийн мэдээлснээр 2010 онд болсон шүүх хурлын зардал болох хэдэн зуун мянган фунт стерлингийг KFC, охины эцэг эхээр төлүүлэхээр оролджээ. Monica Samaan охиныг KFC-гийн чикэн твистерээс илэрсэн salmonella болон бусад үүсгэгч бактерийн улмаас тархины бүрэн саажилтад орсныг эмнэлгийн шинжилгээнүүд баталж улмаар шүүхэд ялах үндэслэл болсон юм.

Шүүгч Стефен Ротман KFC-г 100 хувь буруутай гэж үзэн таван сая фунт стерлингийн торгуулийг ногдуулж чадсан байна. Олон жилийн заргын эцэст нөхөн төлбөр авч чадсан ч охин ярих чадвараа алдаж хүний асаргаанд орсон юм.

Эх сурвалж: Ардчилал таймс сонин А.Мөнхжин

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа