Улс төр
Г.Баасан: АТГ УИХ-ын дэргэд байгаа тохиолдолд өөрчлөгдөж шинэчлэгдэнэ гэдэг хэцүү
Огноо: 2019-02-20 11:23
Нийтлэгч: Б.Наранчимэг

 

Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн тэргүүн Г.Баасантай ярилцлаа.

-АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд та бүхэн ямар ажил амжуулав. Эндээс яриагаа эхэлье гэж бодлоо?

- Монгол Улсын авлигын асуудал өнөөдөр хэрээс хэтэрч, АТГ-ын ажлын үр дүн нийгэмд тэг хувьтай үнэлэгдэж байна. Ганцхан жишээ татахад, өнгөрсөн арван жилийн дотор АТГ  127-хон гэмт хэрэг шийдсэн, иргэдийг хүлээж авдаггүй байгууллага байсан. Харин олон нийтийн зөвлөл ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн дотор 130 гэмт хэрэг шийдэж, мянга гаруй иргэдийн гомдлыг хүлээж авлаа. Энэ бол олон нийтийн зөвлөлийн гавьяа гэж би хэлнэ. Бас олон нийтийн зөвлөл байгуулагдаад сар бүр мэдээлэл хийгээд эхлэхээр АТГ эрхэтгүй ичсэн байх. Сар бүрийн 25-ны өдөр мэдээлэл хийдэг болсон. Бидний зүгээс “Хий” гээд ташуурдах үүргээ сайн гүйцэтгэж байгаа гэж бодож байна. Олон нийтийн зөвлөлийг ард иргэд харахдаа хүчтэй санхүүжилттэй, өндөр цалин хөлстэй байгууллага гэж хараад байх шиг. Авлигын эсрэг хуулинд батлахдаа олон нийтийн зөвлөлийг 15 хүний бүрэлдэхүүнтэй, орон тооны бусаар баталж өгсөн. Гэхдээ энд нэг том зохицуулалт бий. Монголын ард түмний эв нэгдэл болсон Ерөнхийлөгч тэр 15 хүнийг баталдгаараа л ялгаатай. Бусдаар олон нийтийн зөвлөлийн ажиллах нөхцөл, эдийн засгийн болон нийгмийн баталгаа их муу байна.

-Олон нийтийн зөвлөлийн үндсэн үүрэг юу вэ?

- 2012 онд Авлигын эсрэг хуулинд нэмэлт заалт оруулсан. Олон нийтийн зөвлөл нийтийн нэрийн өмнөөс хянаж байгаа учраас мөрдөн шалгах, хэрэг бүртгэлт, гүйцэтгэх ажлаас бусдыг нь хяналт тавих өргөн боломжтой гэж заасан байгаа. Энэ өргөн боломжийн дагуу бид их хичээж байна. Харамсалтай нь АТГ байгуулагдсанаасаа хойш арваад жилийн хугацаанд хянуулж байгаагүй. Хэн нэг хүнээс шаардлага хүлээн авч байгаагүй, хэн нэгэн хүн үзье, харья гэдэггүй, талд давхиж байгаа зэрлэг адуу шиг явж ирсэн учраас манай олон нийтийн зөвлөлөөс их жийрхэж, цочирдож байна. Шударга хэлэхэд хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Бид ард иргэдийн дуу хоолойг сонсоод өргөдөл гомдол хүлээж ажилласныхаа үр дүнд АТГ бол авлигатай тэмцдэггүй газар юм байна. Эсрэгээрээ албан тушаалын давуу байдлыг өөртөө бий болгож, хүмүүсийг айлгаж цочоодог, улстөрийнхнийг халаасандаа хийдэг, эрх барьж байгаа улс төрийн дуу хоолой, өнгө аясыг илэрхийлдэг, яв гэсэн газарт явдаг, зогс гэсэн газарт нь зогсдог ийм хэмжээний байгууллага болжээ гэдгийг олон тал дээр харж байна. Энгийн жишээ татахад, АТГ-д ажиллаж байгаа хүмүүс төрийн албаны шалгалтад ордоггүй, өөрсдөө төрийн албаны шалгалт өгөөгүй байх юм. Ямар сайндаа шударга бусын хонгил гэдэг нэр авлаа. Энэ үнэн байна. Ийм хонгил гэж байдаг юм байна, энэ хонгилыг АТГ хийдэг юм байна гэдгийг бид хоёр нүдээрээ хараад сууж байна.

-Сүүлийн үед АТГ-ыг загасчлалын спорттой зүйрлэж бичиж, ярих боллоо. Төрийн өндөр албан тушаалтнуудыг барилаа, тавилаа гээд л мэдээлэл яваад байх юм?

- Авлигатай тэмцэх газарт үндсэн хуулийн зохицуулалт алга. Тэгсэн хэрнээ цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албатай адил урьдчилан шалгах, гүйцэтгэх албатай байна. Хоёрдугаарт, АТГ өөрөө хаанаас үүсч бий болдог, санхүүждэг, тэр газрыг хаана хянах вэ гэдэг нь ойлгомжгүй байгаа юм. Өнөөдөр АТГ-ын орон тоо, төсөв хөрөнгийг УИХ баталж байна. Мөн түүнчлэн АТГ-д ажиллаж байгаа хүмүүсийн ХОМ шударга эсэхийг шалгадаг газар УИХ. Тэгэхээр АТГ өөрөө энэ хүмүүсээс хөрөнгө мөнгө, эх үүсвэрээ авдаг учраас тэр хүмүүсийнхээ хувь заяаг шийдэж чадах уу, үгүй юу, тийм хүчин чадал, эр зориг байна уу, түүн дээр ард иргэд хараагаа тусгаж чадаж байна уу гэдэг нь учир дутагдалтай болчихоод байгаа юм л даа. Тийм болохоор өнөөдөр ажил хийсэн болж харагдахын тулд АТГ улстөрийн өндөр алба хашиж байсан хүмүүсийг сүр дуулиантай баривчилдаг. Долоо, арав хонуулаад тавиад явуулдаг болсон. АТГ-ын дарга Т.Энхжаргал гэдэг хүнийг өөрийг нь хар л даа. Төмөр замын асуудал 17 оны арван сараас эхлээд яригдангуут 18 оны дөрвөн сард өөрийнхөө төрсөн эгчийн төрсөн хүүхдийг төмөр замд Зүүнхараад депогийн даргаар тавьж байна. Энэ чинь албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа гэмт хэрэг мөн үү, мөн. Хорих 461-дүгээр ангид Ерөнхий сайд байсан С.Баярыг хорьчихоод дараа нь өрөөндөө хоол цайгаар дайлж байна. Энэ эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа, бусдад давуу байдал бий болгож байгаа гэмт хэрэг мөн үү, мөн. Олон түмний нүдэн дээр улаан цагаан гэмт хэрэг хийгээд байгаа АТГ-ын дарга байна шүү дээ.

-Өнгөрсөн хавар Монгол Улсын Ерөнхийлөгч АТГ-ын даргыг ажлаас нь чөлөөлөх тухай хүсэлт УИХ-д өргөн барьсан. Гэвч өдийг хүртэл ажлаа хийсээр явааг та юу гэж хардаг вэ?

- Монгол Улсын Ерөнхийлөгч өөрт байгаа бүрэн эрхийнхээ хүрээнд ажилласан. Үүнээс цааш нэг ч эрх мэдэл байхгүй. АТГ-ын дарга, орлогч дарга нарын ажил үүргээ гүйцэтгэх хуульд заасан хугацаа 2017 оны 11 сарын 18-нд дууссан. Х.Энхжаргал бол нөхөн сонгуулийн хүн. Зургаан жилээр томилогдсон хүн биш. Нөхөн томилгооны хугацаа дуусаад хоёр дахь жил рүү гээ ороод явж байна. Энэ хүн ажлаа хийсээр л байна. Тэгэхээр АТГ-ын дарга өөрөө хууль бусаар энэ байгууллагыг удирдаж байгаа нь өөрөө гэмт хэрэг шүү дээ.

-Х.Энхжаргалыг УИХ-ын дарга М.Энхболдын хамгаалалтад байдаг гэсэн хардлага бий?

-Энэ бол хардлага биш. Бодит үнэн. М.Энхболд огцорсон. Монгол төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой, Монгол Улс хөгжиж дэвших ёстой, муу муухайгаас салах ёстой. Сайн зөв зүйлийг нэг минутын өмнө ч гэсэн эхлүүлэх ёстой. Энэ утгаараа Х.Энхжаргалд хариуцлага тооцох хугацаа ойрхон байгаа гэж найдаж байна.

-АТГ-ын даргыг солиод энэ байгууллагын асуудал бүрэн шийдэгдэх боломжтой юу?

-АТГ УИХ-ын дэргэд байгаа тохиолдолд өөрчлөгдөж шинэчлэгдэнэ гэдэг бол хэцүү. Энэ байгууллагыг УИХ-ын дэргэд байхыг нь болиулах хэрэгтэй. Ард түмний хараа хяналтад байх ёстой.

-Олон улсад АТГ ямар жишгээр үйл ажиллагаа явуулдаг юм бол?

-Шийдвэр гаргах түвшний төрийн албан тушаалтнууд авилгал хийж, энэ төрлийн асуудалд өртдөг. Энэ утгаараа олон улсад АТГ гэж ямар байгууллагыг хэлдэг вэ гэвэл үндсэн гол цөм нь тэр албан тушаалтнуудыг хөндлөнгөөс хянаж байдаг, нийгэмдээ ард иргэдийн төлөө явж чаддаг иргэний нийгмийн байгууллагаар хийлгэдэг ажил болохоос биш албан тушаалтнууд өөрийгөө шалгуулах гэж байгуулдаг энэ байгууллагыг АТГ гэдэггүй. Харин ч энэ чинь өөрийгөө хамгаалдаг, үүгээр дамжуулж бусдыг дээрэмддэг, гэмт хэргээ нуун дарагдуулдаг байгууллага болгочихоод байна. Тийм болохоор авлига ингэж цэцэглэж байна. Европд анх АТГ үүсэхдээ иргэний нийгмийн байгууллага хийх ёстой гэж үзсэн. Гэтэл манайд эсрэгээрээ болчихоод байна. Манай ард иргэд сонор соргог байдаггүй, мэдээлийг нягталдаггүй, оюуны хөдөлмөр сайн хийдэггүй, зөвхөн өнөө маргаашд анхаарлаа хандуулаад байдагтай ч мөн холбоотой.

-АТГ саяхан УИХ-ын нэр бүхий 23 гишүүнийг шалгаж байна гэсэн. Хэн гэдэг гишүүдийг шалгаж байгаа талаар танд мэдээлэл байна уу?

-АТГ өөрөө маш их хууль зөрчдөг. Тийм болохоор би Баярмагнай прокурорт орж хэлж байсан. “Шүүхээр эцэслэн шийдээгүй байхад хэнийг ч гэмт хэрэгтэн гэж зарлахгүй” гэсэн зарчим хаачсан бэ. АТГ шүүхээр эцэслэн шийдээгүй хүмүүсээс хэлэхийгээ хэлчих юм, хэлэхгүйгээ хэлэхгүй юм. Үүний цаана юу нуугдаж байна. Хэлмээр байвал бүгдийг нь хэлээч ээ. Үгүй бол бүгдийг нь хэлэхгүй байх зарчмаа бариач ээ. Энэ ашигтай хэлэхгүй, энэ ашиггүй хэлье гэдэг зарчмаар явж байна.

-Нийгэмд дуулиан тариад байгаа ЖДҮ-чин гишүүдийн хэрэгт АТГ хэрхэн анхаарал хандуулж байна вэ?

-ЖДҮ бол Монгол Улсын газар шороог зарж байгаа, монголын бүх салбарын техник хэрэгсэлд хятадын тагнуулын байгууллагын төхөөрөмж суурилуулсан байгаа, хил гаалиар Монгол Улсын эрдэнэсийн зүйл хараа хяналтгүй гарч байгаа, хүнсний бүтээгдэхүүн хяналтгүй орж ирж байгаа, үндэсний аюулгүй байдлын тоо хэмжээнд зааснаас илүү харийн иргэд орж ирж байгаа, энэ олон шашин хараа хяналтгүй байгаа гэх мэт том том гэмт хэргүүдийн дэргэд ЖДҮ бол зээл аваад буцаагаад өгөх л асуудал юм. Дэндүү жижиг юм даа. Хүү нь бага нь үнэн. Албан тушаалтнууд авсан нь үнэн. Монгол Улсад угаасаа сүүлийн 30 жилд ийм хүмүүс төрийн өндөр албан тушаал хашиж ирсэн. Түүнээс маш шударга нийгэмд хэдхэн ЖДҮ-чид гарч ирээд ийм зүйл хийсэн гэсэн үг биш. Төрийн эрх мэдлээ хууль бусаар алдчихаад байгаагийн хажууд ЖДҮ бол гайгүй. 110 тэрбум төгрөг төлөөгүй Хятадын Шин шин гээд компани байна. Үүний дэргэд ЖДҮ юу вэ. Аливаа юманд эрэмбэ дараа шатлал байх ёстой. Би ЖДҮ-чдийг өмөөрөөгүй шүү. Тэд нар гэмт хэрэг хийсэн. Зохион байгуулалттай гэмт хэрэг мөн. Гэхдээ өндөр түвшний авлигыг арилгаж байж доод түвшний авилга нь арилдаг. Манай АТГ болохоор дунд шатны авилгатай хатуу тэмцэнэ гээд зогсож байдаг. Өндрийг нь өршөөнө гэсэн үг.

-Олон нийтийн зөвлөл 2019 онд хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?

-АТГ-ын 2019 оны ажлын төлөвлөгөөг бид нэхээд сууж байна. Түүнийг харж байж бид ажлынхаа төлөвлөгөөг гаргана. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр дээр олон нийтийн зөвлөлд 118 сая төгрөг зоосон юм билээ. Гэвч өнгөрсөн онд бид түүнээс авч чадаагүй. Мөнгөгүй мөртлөө ингэж ажиллаж байгаа юм чинь мөнгөтэй бол бид нарыг алах юм байна гэж бодсон байх. АТГ өнөөдөр “Та нар иргэдийн санал гомдлыг битгий ав” гэдэг асуудал тавьж байгаа. Хууль ёсны олон нийтийн зөвлөлийн ажилд садаа болдог мөртлөө “Иргэний хяналтын зөвлөл” гээд 168 хүнийг хууль зөрчөөд ажиллуулж байгаа. Цалин өгч байна. Ямар хүмүүс ажиллаад, юу хийж байна гэхээр нууц гэдэг. АТГ хуулийн дээгүүр гараад гишгэчихсэн үйл ажиллагаа явуулж байгаагийн бас нэг жишээ юм даа.

-Х.Энхжаргал дарга таныг өөрийнх нэр хүндэд халдсан хэргээр шүүхэд өгсөн. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн бэ?

-Манай АТГ намайг шүүхэд өгнө гэж зарлаад жил болж байна. Авлигыг таслан зогсооё, авлигаас урьдчилан сэргийлье гэж хууль ёсны шаардлага тавьсны төлөө намайг айлган сүрдүүлсэн. Зөрчлийн хуулиар би өнөөдөр дөрвөн сая төгрөгийн торгуульд орчихоод байна. Нэг ёсондоо Х.Энхжаргалын сайхан нэр төрийг гутаасан хэрэгт орсон. Төрийн институтийг удирдаж байгаа хүнд нэр төр гэж байж болохгүй. Төрийн ажил хийж байгаа хүн алдсан ч, оносон ч төрд өргөсөн тангарагтаа үнэнч явж байгаад дуусах ёстой. Түүний зөв бурууг цаг хугацаа л харуулдаг. Түүнээс зөрчлийн хуулиар шийдүүлнэ гэж явж болохгүй шүү дээ.

 

 

 

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа