Эдийн засаг
Д.Тамир: Хууль эрхзүйн талаасаа хувь лизинг гэдэг ойлголт байхгүй
Огноо: 2019-02-20 18:32
Нийтлэгч: Б.Наранчимэг

 

Хуульч Д.Тамиртай Санхүүгийн түрээс буюу лизингийн хуулийн талаар ярилцлаа.

-Санхүүгийн түрээсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэдэн жилийн өмнө яригдаж байсан. Энэ хуульд сайжруулах хэрэгтэй, асуудалтай зүйл байна уу?

-Эрхзүйн зохицуулалтын хувьд бид одоо байгаа хууль журмаа бүрэн хэрэглэж чадахгүй байна гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл иргэдийн хууль эрхзүйн мэдлэг төдийлөн сайн биш, мэргэжлийн хуульчаас зөвлөгөө авах тал дээр хангалттай биш байна. Өнөөдөр хуулиар зохицуулагдаагүй харилцаа гэж бараг байхгүй. Хуулиар зохицуулаагүй зүйлсийг гэрээгээр зохицуулна гэсэн заалт ч бий. Тэгэхээр нэгдүгээрт эхлээд хуулиа сайн унших хэрэгтэй. Гэрээг талуудын хүсэл зоригийн үндсэн дээр чөлөөтэй тохиролцож хийдэг. Гэрээ бүр өөрийн гэсэн үр дагавартай. Монголчууд гэрээг уншиж, ойлгохгүйгээр шууд гарын үсэг зурдаг. Өнөөдөр л болж байвал болоо, яаж ийж байгаад төлнө гэсэн ойлголттой байдаг. Гэтэл зээлийн, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах, барьцааны, санхүүгийн түрээсийн гэрээг заавал бичгээр хийнэ гэж заасан байдаг. Ямар нэг асуудал болжээ гэхэд шүүх хуулийг, талуудын хооронд байгуулагдсан гэрээний заалтыг барьж шийдвэрлэдэг.

-Хууль эрхзүйн мэдлэг дутмаг, гэрээний зүйл заалтыг нарийн ойлгоогүйгээс болж иргэд хохирох тал цөөнгүй гардаг. Яг ямар тохиолдолд ийм асуудал үүсдэг вэ?

-Би таван жилийн өмнөөс санхүүгийн түрээсийн тухай хууль буюу лизингийн талаар судалгаа хийж байна. Энэ хугацаанд гэрээний үүргээ биелүүлж чадаагүй дөч гаруй хүн надад хандсан. Миний анзаарснаар хүмүүс зээл, лизинг, зээлээр худалдан авах гэдэг нэр томьёонуудыг ялгаж ойлгож чадахгүй байна. Зээл гэдэг бол банк иргэдийн дансанд шууд бэлэн мөнгө хийж өгдөг, барьцааны гэрээ байгуулдаг зүйл. Энэ тохиолдолд иргэд худалдаж авсан машин, байраа өөрийн нэр дээр өмчлөх эрхтэй болдог. Харин лизинг бол санхүүгийн түрээсийн гэрээ байгуулдаг. Хэрэглэгч хаанаас, ямар бүтээгдэхүүн авахаа сонгоно. Түүнийг лизингийн компани худалдаж аваад тухайн харилцагчид түрээслүүлдэг гэсэн үг. Энэ хоёроос гадна зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж нэг юм бий. Энэ гурван гэрээний үр дагаврыг сайн ойлгоогүйгээс иргэд хохирдог. Жишээлбэл, санхүүгийн түрээсийн гэрээ нь цуцлагдаад лизингээр авсан автомашин нь зарагдчихлаа. Зарахаасаа өмнө надаас зөвшөөрөл авах ёстой байсан, зөрүү мөнгөө авмаар байна гэдэг. Ямар гэрээ байгуулснаа ч сайн мэдэхгүй ирдэг. Хэрвээ барьцааны гэрээ байгуулсан бол барьцаанд байгаа зүйлийг худалдан борлуулаад зээлээ хааж, илүү гарсан мөнгөө буцааж шаардах эрх үүсдэг. Харин санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан, ном журмынхаа дагуу явсан тохиолдолд буцааж шаардах эрхгүй байгаа.

-Тэгэхээр лизингээр авсан эд зүйлийг тухайн компаниас түрээсэлж хэрэглэж байгаа гэсэн үг үү?

- Тийм. Санхүүгийн түрээсийн тухай хуульд та нар гэрээ байгуулсан бол гэрээний туршид мөнгөө төлж барагдуулсны дараа өмчлөх эрх нь түрээслэгчид шилжинэ гэж заасан байгаа. Төлбөр барагдуулаагүй тохиолдолд тухайн компанийн өмч байдаг. Үүнээс гадна түрээслэгч иргэн төлбөрөө гурван удаа төлөөгүй тохиолдолд гэрээ цуцлагдах үндэслэл ч бий.

-Сүүлийн үед хувь лизингээр орон сууц зарна гэдэг ойлголт дэлгэрээд байна. Энэ хуулиар зохицуулагдсан харилцаа мөн үү?

- Практикаас харахад зээлээр худалдах, худалдан авах гэрээг хувь лизинг гэж ойлгоод байна. Энэ бол иргэдийн яриан дундаас үүссэн монголчилсон нэр томьёо юм. Хууль зүйн утгаасаа хувь лизинг гэдэг зүйл огт байдаггүй. Ихэнх тохиолдолд барилгын компани орон сууц бариад түүнийгээ хүмүүст хувь лизингээр өгнө гэж байна. Энэ бол санхүүгийн түрээсийн үйлчилгээ биш, зээлээр худалдах, худалдан авах гэрээг санал болгож байгаа хэлбэр юм. Миний байрыг ав, хүүтэй ч бай, хүүгүй ч бай төлбөрийг нь төдий хугацаанд төлөөрэй гэдэг. Өмчлөх эрхээ төлбөр барагдуулсны дараа эсвэл гэрээ хийгээд шууд авах уу гэдгээ хувь хүмүүс хоорондоо тохиролцчихдог юм билээ.

-Хувь лизингээр байр, машин авч байгаа хүмүүс гэрээний үүргээ биелүүлж чадахгүйд хүрвэл яах вэ?

-Ямар гэрээ байгуулсан, ямар харилцаа үүссэн бэ гэдгийг үндэслэж шүүх шийдвэрлэнэ. Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулчихсан бол тухайн хүний эд хөрөнгийг хурааж авдаг. Тэгэхээр иргэд миний барьцааны эд хөрөнгийг авчихлаа гэж андуурдаг. Шүүх дээр очоод авья гэхээр гомдолтой тал шаардах эрхгүй байх жишээтэй. Тэгэхээр лизинг гэдэг үгийг болгоомжтой зөв хэрэглэх хэрэгтэй.

-Лизингээр авсан зүйлээ алдсан, хаяж үрэгдүүлсэн, ашиглах боломжгүй болсон тохиолдолд иргэд яах ёстой вэ?

-100 хувь иргэн өөрөө хариуцна. Лизингийн компани танд өгсөн бараа бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг хариуцах, ийм эрсдэлийг удирдах боломжгүй. Тэгэхээр та лизингээр машин авсан бол нэгдүгээрт даатгуулж болно. Ямар нэг асуудал үүсэхэд даатгалаас нөхөн төлбөр авна гэсэн үг. Лизингээр авсан гар утсаа алдсан бол хулгайчаар нөхөн төлүүлэх боломжтой. Тийм эрхзүйн зохицуулалт бий.

-Оны дараахан банкинд төлж буй зээлийн төлбөрөөсөө иргэд и-баримт, НӨАТ-ын буцаан олголт авах эсэх талаар маргаан явж байсан. Эрхзүйн үндэслэл бий юу?

-Хэрвээ та банкнаас бэлэн мөнгө зээлээр авсан бол НӨАТ байхгүй. Банкны тухай хуулиар банкны үйл ажиллагаа НӨАТ-аас чөлөөлөгддөг. Лизингээр бараа бүтээгдэхүүн авсан бол тухайн эд хөрөнгийн үнийн дүнгээс НӨАТ авна. Харин лизингийн хүүнээс авахгүй. Харин барилгын компаниас зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж орон сууц худалдаж авсан бол төлбөр хийх бүрдээ НӨАТ-ын баримт авч болно. Эд хөрөнгө борлуулах үйл ажиллагаа учраас тэр юм. Тухайн компани НӨАТ төлөгч биш байсан ч сугалаанд оролцох боломжтой и-баримт өгөх ёстой. Хэрвээ НӨАТ төлөгч байгууллага мөн бол НӨАТ-ын буцаалт авах боломжтой и-баримт өгөх үүрэгтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа