Халуун сэдэв
Долоон настай хүүгийн амийг дөрвөн сая төгрөгөөр үнэлжээ
Огноо: 2019-02-21 19:00
Нийтлэгч: Б.Наранчимэг

 

Долоохон настай бяцхан үрээ бусдын гарт алдсан жирийн монгол аав ээж хоёр өнөөдөр аргаа барж, дөрөв дэх засаглалд хандлаа. Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Д.Мягмар, Н.Оюунцэцэг нар “Хууль журам гэдэг чинь мөнгөтэй хүний талд үйлчилдэг болчихжээ. Бидний дунд хүү М.Түвшинбаатарын амийг авч одсон М.Мөнхтулгад монголын шүүх анх нэг жилийн тэнсэн, жолоодох эрхийг нь гурван жил хасах ял шийтгэж байсан. Үүнээс хойш бид давж заалдах шатанд гурван удаа, сум дундын шүүхэд дөрвөн удаа, Улсын дээд шүүхэд нэг удаа хандаж, нийт найман удаа шүүх хуралд оролцсон. Хамгийн сүүлд болсон шүүх хурлаас М.Мөнхтулгыг эрүүгийн хуулийн 27.10-ыг үндэслэн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж тогтоогоод, жолоодох эрхийг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан. Мөн гэмт хэрэгтнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг барагдуулсан гэж үзсэн тул бид Давж заалдах шатны шүүхэд хандчихаад хариуг нь хүлээж байна. Яллагдагчийн тал өнгөрөгч хоёр жилийн хугацаанд бидэнд нөхөн төлбөр гэж дөрвөн сая нэг зуун мянган төгрөг өгсөн. Нэг ёсондоо миний хүүгийн амийг дөрвөн сая төгрөгөөр үнэлчихээд байна” гэсэн юм. Хэрэг явдлыг тодруулбал, 2017 оны зургаадугаар сарын 7-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн 22 настай М.Мөнхтулга машинаараа долоон настай  М.Түвшинбаатарыг мөргөөд зогсохгүй хааз, тоормосыг андууран гишгэж, 50 метр газарт  чиржээ. Тухайн үед хүү ухаангүй Гэмтэл согог судлалын үндэсний төвд ирсэн боловч ослын хүндрэлээ даалгүй нас барсан байна.

Мөрдөн байцаагч Г.Мөнхсүх нотлох баримтыг устгажээ

Хэрэг явдал болох үед хохирогчийн аав Д.Мягмар Зүүнхараад ажлаар явсан байж. Хэргийн талаар сонсоод “М.Мөнхтулгыг согтуу байсан болов уу” гэж таамаглаж байсан ч хүүгийнхээ царайг хараад шоконд орж хаана юу болж байгааг мэдэхгүй болсон байна. Энэ тухай Д.Мягмар ярихдаа “Тэр үед маш олон цагдаа ирсэн байсан. Г.Мөнхсүхийг байсан эсэхийг сайн санахгүй байна. Хэрвээ М.Мөнхтулга эрүүл байсан бол хүүхэд мөргөчихөөд шууд зогсох байсан. Гэтэл дээгүүр нь дайрч гараад 50 метр газарт чирсэн байсан” гэв. Үүнээс гадна мөрдөн байцаагч Г.Мөнхсүх хохирогч талтай уулзаж, хэргийн явцыг танилцуулдаггүй, хөөж явуулдаг байжээ. Хохирогч тал энэ хугацаанд гурван өмгөөлөгчтэй хамтран ажилласан байна. Эхний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нэг удаа мэдүүлэг өгөөд энэ хэргээс татгалзсан аж. Түүний дараа өмгөөлөгч Б.Энхтуяаг авснаар хохирогчийн ээж Н.Оюунчимэг мөрдөн байцаагчтай анх удаа уулзсан гэдэг. Өмгөөлөгч Б.Энхтуяа мөрдөн байцаагч Г.Мөнхсүхийг хэргийн материалыг дутуу бүрдүүлсэн, нотлох баримтыг устгасан, ослын үед хэргийн газар очоогүй мөртлөө очсон мэт ярьсан, жолоочийн архи хэрэглэсэн эсэхийг шалгаагүй гэж нотолж байжээ. Гэвч Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүх хуралд оролцохдоо дээрх байр сууринаасаа ухарч, яллагдагч талаас авсан өмгөөллийн хөлсөө хэлээгүй байна. Шүүх хурлын дараа мөрдөн байцаагч Г.Мөнхсүх өмгөөлөгч Б.Энхтуяад “Ахынхаа арван жилийн хөдөлмөрийг баллах гэж байна ш дээ” гэж хэлсэн нь цаанаа учиртай гэж хохирогчийн аав Д.Мягмар ярьсан юм.

Шүүх эмнэлгийн дүгнэлт хүүг үхэлд хүргэх өвчин эмгэггүй гэж гарчээ

Хэрэг шалгах явцад мөрдөн байцаагч Г.Мөнхсүх хохирогч М.Түвшинбаатарыг "тархины саа өвчтэй хүүхэд" гэх худлаа дүгнэлт эмнэлгээс гаргуулж, хэргийг хөнгөн хэрэг болгосон. Гэтэл шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн дүгнэлтээр тархины баруун тал бөмбөлгийн эд доторх цус хуралт, няцралт, эрүүний хугарал, хэвлийн зүүн тал ташаа цавины тархмал зулгаралт гэх мэт гэмтэл нь доргих, үрэгдэх үед буюу авто ослын үед үүссэн. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй гэж гарсан байна.

Прокурор Э.Энхбат эрүүгийн хуулийг буруу хэрэглэж ял шийтгэжээ

Мөрдөн байцааг Г.Мөнхсүхийн шалгасан дутуу бүрдэлттэй хэргийн материалыг шилжүүлэн авч хянасан хүн бол хяналтын прокурор Э.Энхбат. Тэрбээр хэргийн нарийн ширийнтэй танилцаж, хаана ямар алдаа гарсныг тогтоох ёстой байтал эрүүгийн хуулийг буруу хэрэглэж ял шийтгэсэн байна. Хохирогч тал давж заалдах бүрийд дээд шатны шүүхээс дээрх шийдвэрийг буруу гэж анхааруулдаг ч Мандал сумын шүүх, прокурор, цагдаагийнхан үл ойшоосоор өдийг хүрчээ. Энэ талаар хохирогч Д.Мягмар “сум дундын шүүхийг Сэлэнгэ аймгийн шүүх хянаж баймаар байна. Ямар ч хяналт байхгүй. Монголын хууль мөнгөтэй хүнд үйлчилдэг юм байна гэдгийг биеэрээ мэдэрч байна” гэсэн юм.   

Яллагдагч тал хоёр давхар, хоёр худалдааны төвтэй

Яллагдагч М.Мөнхтулга нь сүрьеэ өвчний оноштойгоор 70 хувийн группт байдаг. Авто машин жолоодох эрхгүй ч сумандаа мотоцикль унаж, өндөр хурдтай давхидаг сагсуу нэгэн байжээ. Тэрбээр хэрэг болдог өдөр 4882 УНР улсын дугаартай Хонда пит загварын авто машинтай явсан бөгөөд хашааныхаа үүдэнд тоглож байсан хүүг мөргөжээ. Энэ хугацаанд яллагдагч М.Мөнхтулгын ах М.Мөнх-Эрдэнэ хүүгийн ээж аав хоёрт удаа дараа дарамталсан үгтэй мессеж явуулж байсан гэнэ. Мөн яллагдагчийн тал хоёр давхар, хоёр худалдааны төвтэй, сумандаа нилээн мөнгөтэй айл аж. Хохирогчийн талын өмгөөлөгч Б.Энхтуяа Сэлэнгэ аймаг руу шүүх хуралд явахдаа М.Мөнхтулгын өмгөөлөгч Оюунцэцэгтэй нэг вагонд явсан бөгөөд бууж ирээд өөрийн байр сууринаасаа ухарсан гэж хохирогч Н.Оюунчимэг ярьсан юм.

 

 

 

 

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа