Нийгэм
“Монкорд” ХЗХ-ны үйл ажиллагаанд доголдол гарч, 2000 харилцагч хохирох эрсдэл үүсээд байна
Огноо: 2019-02-26 10:59
Нийтлэгч: Б.Наранчимэг

 

Арав гаруй жилийн өмнө 26 хадгаламж зээлийн хоршоо шил даран дампуурлаа зарлаж, найман мянган хүн хохирч, монголчуудын зүрхэнд “шар ус” хуруулсан түүх бий. Тэгвэл өнөөдөр энэ салбарт хориод жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан “Монкорд” хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаанд доголдол гарч, гишүүдийнхээ хадгаламжийг өгч чадахгүйд хүрсэн байна. Дээрх мэдээллийн мөрөөр Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах “Монкорд” хадгаламж зээлийн хоршоог зорилоо. Биднийг очиход Баянгол дүүргийн иргэн Д.Нарантуяа охины хамт мөнгөө нэхэмжлэхээр ирсэн бололтой нэлээд бухимдалтай байв. “Ганцхан сая төгрөг гаргаад өгөөч дээ, та нар хүний мөнгийг авчхаад хэрэг болохоор гаргаж өгдөггүй ямар цагаандаа гарсан хүмүүс вэ. Болохгүй бол ханддаг газарт нь хандана” гэж байна. Түүнээс юу болсон талаар тодруулахад “Би 2017.11.28-ны өдрөөс эхлээд долоо хоног бүр 21000 төгрөг хадгалуулж байсан. Ингээд хадгаламжийн хугацаа 2018.11.28-нд дуусч, мөнгөө авахаар ирэхэд “мөнгө байхгүй” гэдэг хариулт өгсөн. Түүнээс хойш би дөрвөн удаа өргөдөл өгч, ирж байна. Санхүүгийн шалгалт хийлгэж байгаа гээд биднийг аргалаад буцаагаад байсан. Өнөөдөр манай зээ охины сургалтын төлбөр нэхэгдээд, сургуулиасаа хөөгдөхөд хүрчхээд арга барагдаж явна” гэсэн юм. Д.Нарантуяагийн хувьд тэтгэвэртээ гарч, “Бөмбөгөр” худалдааны төвд лангуун дээр суух болсон бөгөөд өдрийн арван мянган төгрөгийн цалинтай. Түүнээсээ илүүчилж хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө хадгалуулж байжээ.  Хамт явсан охин нь “Хадгаламж зээлийн хоршоо осолтой юм биш үү” гэж анхааруулахад “Манайхан бүгд өгч байгаа болохоор гайгүй байх” гэж хэлж байсандаа харамсаж байна гэлээ. Түүний хэлснээр “Бөмбөгөр” худалдааны төвд хамт ажилладаг таван ч хүн энд мөнгөө хадгалуулж байсан. Нэг маань хугацаанаасаа өмнө мөнгөө нэхсээр байгаад авсан гэв. 

Хоршооны гүйцэтгэх захирал М.Дэлгэрмаа холбогдох хуулийн байгууллагад шалгуулж байгаа аж. Захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй н.Рита “Одоогоор та бүхэнд өгөх тодорхой мэдээлэл алга. Урьдчилсан байдлаар удирдлагуудын буруутай үйл ажиллагаанаас болж ийм нөхцөл байдал үүссэн гэж байгаа. Санхүүгийн зохицуулах хорооны сайт дээр тодорхой мэдээлэл гарсан байна лээ” гэв. “Харилцагч нарынхаа хохирлыг хэрхэн, яаж, хэзээ барагдуулах гэж байна” гэхэд “Нэгдүгээр сарын 20-нд бүх гишүүдийн хуралтай. Түүнээс ямар нэг шийдвэр гарах байх” гэсэн юм.

Давхар тайлан хөтөлж байсныг газар дээрх шалгалтаар илрүүлжээ

Манайхан “олон хавар нэгэндээ” гэж ярьдаг. Яг ийм зүйл “Монкорд” хадгаламж зээлийн хоршоонд тохиолджээ. 1996 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж буй ууган хоршоодын нэг “Монкорд”-ын санхүүгийн тайланд 2015 оноос эхлээд  зөрчил, дутагдал илэрч эхэлсэн байна. Тухай бүрт Санхүүгийн зохицуулах хорооноос үйл ажиллагаагаа сайжруулах үүрэг, даалгавар өгч байсан боловч санхүү, төлбөрийн чадвараа сайжруулах талаар үр дүнтэй ажил хийхгүй байсаар өнөөдрийн нөхцөл байдалд хүрчээ. Өөрөөр хэлбэл, “Монкорд” ХЗХ-ны удирдлагууд улирал тутам явуулдаг санхүүгийн тайлангаа өөрчилж явуулдаг байсан гэнэ. Үүнийг өнгөрөгч оны долдугаар сард хийсэн газар дээрх шалгалтаар илрүүлсэн байна. Хоршооны удирдлагууд 2012 оноос хойш хоёр тайлан хөтөлж СЗХ болон гишүүддээ танилцуулдаг, үйл ажиллагаа хэвийн явж буй мэтээр ойлгуулж байсныг хоршооны зарим гишүүд хурал дээрээ хэлж, анхааруулж байсан нь ч тогтоогджээ.

Гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илэрсэн гэв

Үүнээс гадна “Монкорд” ХЗХ гишүүдийнхээ хадгаламжийг анхны шаардлагаар буцаан олгоогүй гэх гомдол анх 2016 онд Санхүүгийн зохицуулах хороонд ирж байсан. Улмаар 2017 онд гурав, 2018 онд энэ тоо 43 болж, сүүлийн гурван жилийн хугацаанд гомдлын дагуу долоон удаагийн зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэсэн байх юм. Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар алдагдсан шалтгааныг тогтоох явцад гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал ч илэрсэн байна. Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд тус ХЗХ-ны эрх бүхий албан тушаалтнууд бичиг баримт хуурамчаар уйлдэж, нотариатаар баталгаажуулсан байх магадлалтай зээлийн гэрээнүүд, эрх бүхий албан тушаалтан буюу тухайн үед ажиллаж байсан гүйцэтгэх захирал нь санхүүгийн баримт, материалыг хуурамчаар үйлдэж, төрийн байгууллагаас зөрчлийг нуун дарагдуулж байсан эсэхийг шалгуулахаар ханджээ. Мөн “Монкорд” ХЗХ-ны зарим баримтыг харьяаллын дагуу Ерөнхий прокурорын газарт шилжүүлсэн гэж СЗХ-ны Хадгаламж зээлийн хоршооны газрын дарга Ц.Алтантуул хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байв.

Хадгаламж зээлийн хоршоонд 62 мянган иргэн гишүүнчлэлтэй байна

Дашрамд сонирхуулахад, 2018 оны гуравдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд нийт 288 ХЗХ үйл ажиллагаа явуулж байна. Тэдний нийт актив 192.3 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд ХЗХ- дын 62 000 гишүүн манай улсын эдийн засгийн идэвхтэй хүн амын 3.2 хувийг эзэлж байгаа аж. Салбарын хэмжээний үзүүлэлтийг авч үзвэл нэг тэрбумаас дээш хөрөнгөтэй 21 ХЗХ нийт хөрөнгийн хэмжээ, гишүүдийн тоо, татсан хадгаламж, олгосон зээлийн хэмжээгээрээ салбарын 80 хувийг бүрдүүлдэг. Өнгөрөгч онд эдгээрээс хамгийн томд тооцогдох найман ХЗХ-ны үйл ажиллагаанд хэсэгчилсэн хяналт шалгалт хийхэд "Монкорд" ХЗХ дээр илэрсэн шиг нөхцөл байдал ажиглагдаагүй байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа