TIME OUT
Монгол Улс дэлхий нийтэд цоо шинэ сэдэв, сонирхолтой субьект хэвээрээ байна
Огноо: 2019-02-26 11:03
Нийтлэгч: Б.Наранчимэг

 

“Оскар”, “Нобель” мөрөөдөл хэвээрээ үлдэх үү?

“Монголчууд бид ойрын зуун жилд утгазохиолын салбарт Нобелийн шагнал авах эсвэл Оскарын шагнал хүртэх боломжтой юу” гэх оюутан залуугийн асуулт хүн бүхний анхаарлыг татлаа. Үүнд “Тагтаа паблишинг”-ийн үүсгэн байгуулагч Б.Баясгалан хариулахдаа “Нобелийн шагналыг ямар нэг зохиолчийн цор ганц суут бүтээлд олгодоггүй. Тэр зохиолч бүх насаараа зохиолчийн карьерийг яаж хийсэн, үндэсний уран зохиолдоо ямар шинэ зүйл нэвтрүүлж, өөрийн үндэстнээ дэлхий нийтэд хэрхэн таниулсан хийгээд энэ нь дэлхийн утгазохиолд ямар шинэ зүйлийг нээж өгсөн гэдэг шалгуур бий. Ийм хэмжээний арван мундаг романтай байж, түүнийг нь дор хаяж дэлхийн 46 орны хэл дээр орчуулагдсан байх хэрэгтэй. Өнөөдөр бидний дунд хараахан ийм хэмжээний зохиолч алга байна. Гэхдээ залуучууд нэг нэгээрээ туршиж үзэх, өөрсдийгөө сорих хэрэгтэй” гэсэн юм. Харин орчуулагч Ж.Тэгшзаяа “Кино урлагийн салбарт бид “Оскар” авна гэдэг боломжгүй зүйл. Гадаад хэл дээрх киног авна гэсэн үг шүү дээ. Бид энэ салбарт дэлхийтэй өрсөлдөхөөс нэгэнт өнгөрсөн. Хувь уран бүтээлчийн хувьд төсөв багатай технологиор зоддоггүй, арт, индепендент  кино хийж ялгарах боломжтой юм. Энэ төрөлд ойрын 30 жилд үнэхээр сайн хувь уран бүтээлч цойлж гарч ирэх боломж бол харагдаж байна. С.Бямбаа ах маань 2013 онд “Алсын удирдлага” киногоороо Бусаны кино наадмын дээд шагналыг авч байсан” гэлээ. Мөн зохиолч Б.Баясгалан “Бүхэл бүтэн ард түмний тухай ярьж байгаа болохоор энэ дунд ямар нэг онцгой тохиолдол гарч ирэхийг үгүйсгэх аргагүй юм. Аз дайрч ч магадгүй. Эсвэл бид “сүүлчийн нүүдэлчид” гээд моданд орж болох юм. Манай зохиолчид “Нобел” гэхээс өмнө зүгээр л “Man booker  болохыг хичээх хэрэгтэй. Тэр жилийн шилдэг зохиолд өгдөг шагнал шүү дээ. Солонгосоос анх удаа Хан Кан 2016 онд энэ шагналын эзэн болж байсан” гэдгийг онцолж байлаа.

Урлаг, утгазохиолын салбарын залууст олон боломж бий

“Тавдахийн оройг Тагтаатай хамт” эвентийн үеэр ийм уран бүтээлч халуун яриаг зохиолч Б.Баясгалан, орчуулагч Ж.Тэгшзаяа нар өрнүүлсэн юм. “Тагтаа паблишинг”-ийн үүсгэн байгуулагч Б.Баясгалангийн хувьд дэлхийн уран зохиолын төв болсон Айова их сургуулийн дэргэдэх зохиолчдын олон улсын хөтөлбөрт хамрагдаж ирсэн бол орчуулагч Ж.Тэгшзаяа Бусаны кино наадамд оролцоод саяхан  иржээ. Тэд монгол зохиолчид, кино уран бүтээлчдэд байгаа гарц, боломж, давуу талын талаар ингэж ярьсан юм. 

Б.Баясгалан: АНУ-ын Айова хот бол наян таван мянган хүн амтай хот юм. Эндхийн оршин суугчдын тавин мянга нь оюутан суралцагчид. Айовагийн их сургуулийн дэргэдэх олон улсын зохиолчдын хөтөлбөр 1967 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэхүү хөтөлбөрөөс Туркийн Орхан Памук, Хятадын Мо Янь, Солонгосын Хан Кан зэрэг алдартай зохиолчид төрөн гарч байсан юм. Энэ хөтөлбөр анх 2004 онд манайд анх цонхоо нээж, яруу найрагч Г.Аюурзана, зохиолч С.Бямбаа, жүжгийн зохиолч С.Дашням нар хамрагдаад ирсэн. Ингээд уг хөтөлбөрт хамрагдах англи хэлтэй, зохиолчийн карьертай монгол хүний нөөц дууссан тул энэ жилээс зохиолчдын дунд нээлттэй шалгаруулалт явуулдаг болсон. Ер нь урлаг утгазохиолын салбарын залууст хамгийн өргөн боломж бий. Сицилийн арал, Армяны ойн гүнд тэдний мөнгөөр газар үзээд зохиол бичих боломжтой байдаг. Ийм хөтөлбөр Шанхай, Солонгост ч бий.  Тэд зөвхөн зохиолоо л бич гэдэг. Гэрэл зурагчин, зохиолч, зураач, кино бүтээгчид ямар нэг байдлаар аль нэг резиденс хөтөлбөрт хамрагдаж, амьдралаа холбож чадвал дараа дараагийн алхмууд нээгддэг гэдгийг санах хэрэгтэй.

 

Канн, Берлинийг мөрөөдөхөөс илүү Бусаныг зорих хэрэгтэй

Ж.Тэгшзаяа: Бусаны кино наадам нь 23 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа харьцангуй залуу наадам юм. Солонгосын кино урлаг ерэн оноос хойш маш хурдацтай хөгжсөн болохоор Азийн хамгийн том кино наадам болчихоод байна. Энэ наадмыг зохион байгуулагчдын зүгээс Азийн уран бүтээлчдийг дэмжиж хамгийн том шагналаа өгдөг. Бусаны кино наадам дэлхий дахинд Азийн уран бүтээлчдийг сурталчлах зорилготой. Тийм болохоор монгол залуус, кино хорхойтнуудын хувьд Берлин, Канныг мөрөөдөхөөс илүү анхны алхмаа Бусанд тавих хэрэгтэй. Asian Film Academy, Asian Cinema Fund хөтөлбөрүүдэд хамрагдах боломж бидэнд бий. Asian Film Academy-д хамрагдахын тулд кино сонирхогч та өөрийн CV болон өөрийн ажиллаж байсан хоёр шортфилмийнхээ материалыг явуулах хэрэгтэй. Ингээд Бусаны кино наадмын үеэр үе тэнгийн 24 залуу уран бүтээлчидтэй хамт сургалтанд сууж, кино хийдэг. Үүний дараа та Asian Cinema Fund-д кино зохиол болон төслөө илгээгээд 10 сая воннын санхүүжилт авах боломжтой. Энэ мөнгө арт, индепендэнт кино хийж буй хүмүүст том дэмжлэг болдог. Үүнээс гадна энэ сан киноны зураг авалтаа хийгээд дууссан залуу уран бүтээлчдэд пост продакшн хийлгэх эрх өгдөг. Мөн баримтат кинонд 5-10 сая воннын тэтгэлэг олгодог. Ингэж Азийн уран бүтээлчид, киночдыг дэмжиж дэлхийд гаргахыг зорьдог хөтөлбөр, боломж бидэнд байна.

Дэлхийн хэмжээнд очихын тулд бид хоёр дахин илүү хөдөлмөрлөх хэрэгтэй

Б.Баясгалан: Жижиг орны зохиолчдын хувьд нэг зовлон байдаг. Бидний хэл соёлыг том гүрнүүд ойлгож, хүлээж авдаггүй. Мөн Америк, Европын зохиолч, яруу найрагчид Ази, Африкийн зохиолчдыг төдий л тоодоггүй. Дорд үзэх хандлагатай байдаг. Тэгэхээр Монгол, Армян, Гүрж, Литва, Солонгос, Хятад, Япон зэрэг орны зохиолчид дэлхийд өөрсдийгөө илэрхийлэх, байгаа гэдгээ мэдэгдэх хүсэлтэй байдаг юм билээ. Тийм болохоор бусдыг маш их уншиж судалдаг, бусдад нээлттэй, дэлхийн уран зохиолыг маш сайн мэддэг “гавал” хүмүүс нь Ази, Африкчууд байдаг юм байна. Монгол хүн болж төрсөн маань нэг талаар надад давуу тал, нөгөө талаар сул тал болж байлаа. Учир нь монголчууд бид дэлхийн мундагуудын эгнээнд очихын тулд англи хэл сурахаас эхлээд тэднээс хоёр дахин илүү хөдөлмөрлөх болж байна.  Нөгөө талаар монгол гэдэг улс, үндэстний талаар дэлхий нийт огт мэдэхгүй байна. Үүнийг бид олон улсын төвшинд бичээд дэлхий дахинд хүргэх асар том боломж байгааг олж харсан. Энэ талаар орчуулагч Ж.Тэгшжаргал, Азиуд амбицтай байхаас аргагүй юм. Бусаны кино наадмын гол зохион байгуулагчдын нэг Ким Ён Үг “Алтан хальс” кино наадмын үеэр монголд ирэхдээ “Бидэнд дэлхийн кино урлаг хамаагүй. Бусаны наадмын хувьд Азийн кино л чухал. Бид дэлхий дахинд Ази уран бүтээлчдийг таниулахыг гол фокусаа болгож байна. Азийн өсч яваа залуу уран бүтээлчдийг бид дэмжиж Канн, Берлиний наадамд очих хүртэл нь бойжуулж өгдөг. Бусаны наадамд амжилттай оролцох нь Канн, Берлиний наадамд амжилт үзүүлэхэд нөлөөлөх хүчин зүйл, нэг шат нь байх болно” гэж ярьсан. Тэгэхээр бид дэлхий дахинд огт нээгдээгүй, сонирхолтой ард түмэн юм байна л даа. Өнөөдөр дэлхий нийт биднийг нүүдэлчин ард түмэн гэж хардаг. Гэтэл яг ирээд харахаар маш өндөр хөгжилтэй, метрополитан хоттой орон байна гэдэг. Яг энэ амьдралын хэв маяг чинь л аймар сонин санагдаж байна гэж гадны уран бүтээлчид ярьдаг. Үүнийгээ л кино болгоход болно гэж байна шүү дээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа