TIME OUT
Үхлээс, мартагдахаас айдаггүй Хазел, Гас хоёр
Огноо: 2019-02-26 11:06
Нийтлэгч: Б.Наранчимэг

 

Надад хангалттай хэмжээний мөнгө, аз жаргалтай гэрлэлт байхгүй байна гэх юм уу эсвэл би амжилттай ажиллаж чадахгүй байна гэж өөрийгөө голж, гомдоллож суугаа хүмүүс байна уу. Үнэндээ бидний амьдралд тохиож буй асуудал, бэрхшээл, зовлон гэж боддог тэр зүйлс аз жаргалын өөр нэг нэр нь юм шүү дээ. Хэрвээ үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байвал "Зөрж харвасан одод" /The Fault in our stars/ киног үзээрэй. Эндээс та өөртөө маш том урам зориг авах болно. 

Жон Грийний ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн уг кино хорвоо дэлхийн бүх л хүнийг уярааж чадах тийм хүчтэй бүтээл болжээ. Уушгины хорт хавдартай Хазел Ланкестер хорт хавдартай хүмүүсийг сэтгэл санаагаар дэмжих бүлэгт очиж Гас Августустай танилцсанаар киноны үйл явдал эхэлдэг. Амьдралд дэндүү хайртай өсвөр насны хүүхдүүд хамтдаа өнгөрүүлэх багахан хугацааг утга учиртай, баяр хөөртэй өнгөрүүлж байгаа нь үнэхээр гайхалтай. Гас Августус Хазелтай учрах хүртлээ нэр алдартай хэн нэгэн болохыг хүсдэг, мартагдахаас айдаг олон мянган хүмүүсийн нэг л байсан. Хазел түүнд амьдралын утга учир бол өөрийн бяцхан хязгаартаа хамгийн чухал хүмүүсээ хайрлаж амьдрахыг ойлгуулдаг.

Энэ кинонд ямар ч хэтрүүлэг, гоё сайхан зүйл байхгүй. Хорт хавдартай залуус үнэнтэй нүүр тулж, эцсээ хүртэл сэтгэлийн хаттай байж, нэг нэгнийхээ оршуулган дээр хэлэх үгсээ бэлдэцгээж, хоёр биенийхээ мөрөөдлийг биелүүлэхэд тусалцгаадаг юм. Тэд мөн өвдөж, зовж байна гэж аав ээждээ ялархаагүй. Харин ч тэднийг өөрсдийг нь нас барсны дараа хэрхэн амьдрах бол гэдэгт анхаарал хандуулж, эцэг эхээ бусдын сайн сайхны төлөө амьдралаа зориулаасай гэж хүсэцгээдэг. 

Хазел, Гас хоёрын хамгийн дотны найз Исаак нүдний хорт хавдрын улмаас найз охиндоо хаягддаг. Энэ үед Гас, Исаакт өөрийн сагсан бөмбөгийн цомуудаа эвдэхийг зөвшөөрч, хамтдаа экс найз охиных нь машин руу өндөг шидэцгээх нь үнэхээр хөгжилтэй.

Энэ киног үзэж байхад жилийн өмнө ходоодны хорт хавдараар өөд болсон хамаатан минь санаанд орсон юм. Эмч нар түүнд өвчнийх нь талаар хэлэхэд маш их сэтгэлээр унаж, өөрийгөө хэзээ цус алдах бол, хэр зэрэг аймшигтай өвдөлт мэдэрч хорвоогоос одох тухай л бодож байлаа.  Хэн нь ч түүнтэй өвдөлт эсвэл химийн эмчилгээнийх нь талаар ярьдаггүй. Мөн үхэхээсээ өмнө юу хийж үзэхийг хүсч буйг нь асуудаггүй. Бид аав, ах, хайртай хүнээ зүгээр л өрөвдөж, хөөрхийлж харсаар байгаад хорвоогоос явуулдаг юм байна. Үүний оронд үнэнтэй нүүр тулж, хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлэх зоригтой, хүчтэй байцгаая.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа