Эдийн засаг
Б.Ангар: Бид санхүүгийн зах зээл дээрх зээлийн хүү зохиомол гэдгийг батлахыг зорьсон
Огноо: 2019-02-26 11:16
Нийтлэгч: Б.Наранчимэг

 

Эдийн засагч Б.Ангартай ярилцлаа.

-“Нова лизинг” гэдэг байгууллага банк бус санхүүгийн байгууллагаас бага хүүтэй зээл гаргасан гэдэг гомдол Санхүүгийн зохицуулах хороон дээр ирсэн гэж сонслоо. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Би нийгэмд хөрөнгийн зах зээлийн ач тусын талаар их ярьдаг хүн. Энэ талаар  зөвхөн ярих нь хангалтгүй юм гэж бодоод үйлдлээрээ таниулахыг зорьж байна.  Монголын санхүүгийн зах зээл дээр байгаа зээлийн хүү маш өндөр байдаг. Үүнийг бууруулах нэг арга нь хөрөнгийн зах зээл юм. Үүнийхээ хүрээнд “Нова лизинг” компанийн үйл ажиллагааг эхлүүлээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Манай компанийг хууль эрх зүйн талаас нь харвал зүгээр нэг ломбард гэж хэлж болно.  Барьцаат зээлийн үйлчилгээ үзүүлэх чиглэл бүхий ХХК гэсэн үг. Анхны хөрөнгийн эх үүсвэрээ иргэд олон нийтээс төвлөрүүлсэн.   Нэг жил орчим хугацаанд бид 20 орчим тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй болоод байна. Бид ломбардтай адил сарын 10-20 хувийн хүү, банк бус санхүүгийн байгууллага шиг сарын 4-6 хувийн хүүтэй зээл гаргахыг хүсээгүй. Бид санхүүгийн зах зээл дээр шинэ боломж байгаа гэдгийг харуулахын тулд 2.5 хувийн хүүтэй ломбард байгуулсан. Энэ маань иргэдэд маш их таалагдсан. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооноос хоёр гурав хоногийн өмнө бичиг ирсэн. “Танай байгууллага дээр банк бусын холбооноос гомдол ирсэн байна. Энэ талаар тайлбар тавина уу” гэсэн утгатай. Үүний хариуг түрүүхэн /өнгөрөгч баасан гаригт/ бичиж явуулчихаад сууж байна. Бидний олж мэдсэнээр банк бусуудын холбоо “Нова лизинг” гэдэг компани гарч ирээд тоглоомын дүрэм бусниулаад хаячихлаа. Зээлийн хүүг буулгачихлаа. Тэгэхээр энэ компанийн үйл ажиллагааг зогсоож өгөөч гэж гомдол гаргасан юм шиг байна.

-Санхүүгийн зохицуулах хороо танай байгууллагын үйл ажиллагааг шалгах, зогсоох эрхтэй юу?

- Санхүүгийн зохицуулах хороо бол өөрөөс нь тусгай зөвшөөрөл авсан этгээдүүдийг л шалгадаг. Ломбард буюу барьцаат зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг ямар ч компани Санхүүгийн зохицуулах хороо болон Монгол банкнаас зөвшөөрөл авдаггүй. Тайлан гаргаж өгөх шаардлагагүй. Зөвхөн хуулийн хүрээнд татвараа төлөөд явж байхад болно. Тийм болохоор бид хуулийн дагуу энэ гомдлыг хүлээж авахгүй. Нэгдүгээрт, манай компани Монгол улсын компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан. Барьцаат зээлийн үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй компани юм. Хэн ч хийж болно. Бидэнд хууль зөрчсөн нэг ч үйлдэл байхгүй гэж тайлбарласан. Банк бусын холбоо ч бидэнд гомдол гаргах эрхгүй. Түүнийг нь санхүүгийн зохицуулах хороо шалгах бүр ч эрхгүй юм.

-Ломбардын зээлийн хүү 2.5 хувьтай байна гэдэг үнэхээр шинэ зүйл болж байна л даа?

-Бид монголын санхүүгийн зах зээл дээр байгаа зээлийн хүү бол зохиомол юм гэдгийг батлахыг л зорьсон. Ломбардууд, банк бусынхан монголд ийм өндөр хүүтэй зээл байх ёстой, монголын зах зээлтэй уялдсан, хэзээ ч буулгаж болохгүй зүйл гэж ярьдаг. Банк бус санхүүгийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж эхлээд арав гаруй жил болж байна. Гэтэл ганцхан жил үйл ажиллагаа явуулсан ломбард тэднээс 2-3 дахин бага зээлийн хүүтэй бүтээгдэхүүн гаргаад эхэлсэн. Тэгэхээр энэ бол урьд нь ч, одоо ч боломжтой зүйл юм гэдгийг харуулж байна. Бид зохиомол зээлийн хүүтэй орчинд арав хорин жил явсан байна шүү дээ. Ингээд бодохоор бид зорилгодоо хүрчээ. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Удахгүй, хоёр жилийн дараа бид банкнаас бага хүүтэй зээл гаргадаг болно.

-Таныг анзаараад байхад урсгал сөрж яваа хүн шиг санагддаг. Монголын хөрөнгийн бирж ном ёсоороо яаж ажиллах ёстойг санхүүгийн бирж гэдэг байгууллагаар нийгэмд таниулж байна шүү дээ?

- Энэ бол Англи, Америкт байхдаа сурсан зүйлийн маань л нэг хэсэг юм. Урсгал сөрөөд байгаа ч зүйл биш. Би зохиочихсон ч юм биш. Хөрөнгийн зах зээл гэдэг чинь л энэ байхүй юу. Монгол улсад хэрэгжих боломжтой гэдгийг харуулахыг зорьсон. “Нова лизинг” өөр дээрээ мөнгө босгож үйл ажиллагаа явуулж байгаа бол санхүүгийн бирж бусад компаниудад мөнгө босгож өгдөг юм. Өнөөдөр хөрөнгийн бирж дээр ямар нэг компани хувьцаа гаргая гэхээр Санхүүгийн зохицуулах хороонос зөвшөөрөл авах хэрэгтэй болдог. Гэтэл энэ процессд маш том хуулийн гажуудал үүсчихээд байна. Санхүүгийн зохицуулах хороо гэдэг институци гажуудчихсан, шийдвэр гаргаж чаддаггүй, зах зээлийнхээ хурдыг гүйцэж чаддаггүй. Ажлыг явуулах биш хойш нь татдаг газар болчихоод байна. Тийм болохоор аж ахуйн нэгжүүд хөрөнгийн бирж рүү явж чадахгүй байна. Хөрөнгийн бирж хичнээн уриад, манай дээр хувьцаа гаргаач, бонд гаргаач гээд нэмэргүй. Санхүүгийн зохицуулах хороо зөвшөөрөл өгдөггүй. Бүртгэлийг нь хийх гэж дөрөв таван сар, хагас жил, бүтэн жил болдог.

-Хөрөнгийн бирж сүүлийн үед нилээд идэвхтэй ажиллаж байх шиг харагддаг?

- Хөрөнгийн бирж сайн ажиллаж болно. Санаачлагатай ажиллаж болно. Дээшээ Санхүүгийн зохицуулах хороон дээр очоод бүх ажил гацчихдаг байхгүй юу. Би өөрөө захирал нь байсан хүн, мэдэлгүй яахав. Санхүүгийн зохицуулах хороо ямар ч ажлыг явуулдаггүй юм. Дарга цэрэг нь ойлгохгүйдээ биш, хүсээгүйдээ биш. Хуулийг нь буруу бичсэнээс болоод байгууллагын менталит нь тийм болчихсон. Ерөөсөө ямар нэг шинэ бүтээгдэхүүн гаргавал эрсдэл үүснэ гэж бодоод дарж байдаг. СЗХороо нэг ч муу юм гаргахгүй гэсэн үнэт зүйлтэй гэх юм уу баригдмал хандлагатай болчихсон гэсэн үг. Тэгэхээр санхүүгийн зохицуулах хорооны хуулийг өөрчлөхөөс нааш хөрөнгийн биржэд ямар ч ахиц гарахгүй.

-Таван толгойн 1072 хувьцаа хэзээ амилж, иргэдэд үр өгөөжөө өгөх бол?

-1072 хувьцаа бол одоо тодорхойгүй болчихлоо. Үүнийг хэрэгжүүлэх ёстой төр засаг нь  бужигнаад, Улсын их хурал нь ямар ч асуудал шийдэхээ больчихлоо. Үүн дээр ярих зүйл алга. Иргэд 1072 хувьцаанаас 2020 он хүртэл юу хүсэн хүлээхийг би хэлж мэдэхгүй юм. Уг нь Улсын их хурал, Засгийн газар, Уул Уурхайн Яам, Сангийн яам маань энэ чиглэлээр ажиллаж байх ёстой. Хийх ёстой хүмүүс нь ажлаа хийхгүй байхад хөндлөнгийн шинжээч хүн юу мэдэх вэ дээ.

-Та өнгөрсөн жил иргэдэд хувьцаа, хөрөнгийн бирж дээр хувьцааг хэрхэн арилжих, хувьцаанаас яаж ашиг хүртдэг талаар сургалт, семинар орж байсан. Нэг удаагийн сургалтад нь ч би сууж байсан юм байна. Үүний үр дүн танд хэрхэн мэдрэгдэж байна вэ?

-Бараг бүтэн жил тасралтгүй сургалт орсон. Нэг сургалтад дунджаар 50 хүн ирдэг гээд бодоход 3000 гаруй хүнд хувьцааны ач холбогдлын талаар ойлголт өгчээ.  Тодорхой үр дүн гарч байна. Урьд нь иргэд олон нийтээс мөнгө босгох гэдэг зүйл маш хүнд, хүрч болшгүй зүйл шиг бодогддог байсан. Гэтэл одоо “НВЦ” гэдэг компани дээр зар гаргахад гуравхан цагийн дотор 1.5 тэрбум төгрөг босч байна. “НВЦ” компанийнхан өөрсдөө гайхаж байна. Банкнаас зээл авна гэж хоёр гурван өдрийн ажил болдог байсан. Иргэд олон нийтээс зээл авах чинь ямар амар юм бэ гэж байна.

Саяхан мах бэлтгэдэг компаниудад мөнгө босгож өглөө. Бизнесийн ажил гэдэг дандаа цаг нартай уралдаж байдаг. Мах бэлтгэлийн ажлын оргил үе 11, 12 сард явагддаг. Тэд банкнаас зээл авах гэхээр судалж байна, тийм материал дутуу, ийм юм авчир гэсээр байгаад хамаг ажлыг нь нураачихдаг гэнэ. Тэдэнд хэдхэн цагийн дотор иргэдээс шаардлагатай санхүүжилт нь орж ирсэн. Тэгэхээр одоо иргэд маань банкнаас зээл авах гэдэг зүйлээс бага багаар салж байна. 20-30 компани банкнаас биш иргэд олон нийтээс зээл авч эхэллээ. Банк бусаас бага хүүтэй ломбард гарч ирлээ. Үүнийг бусад хүмүүс харж байгаа байх. Монголд ийм зүйл байж болдгийг харуулж чадлаа. Миний зорилго бол энэ зах зээлд бусад хүмүүсийг орж ирээсэй гэж хүссэн. Түүнээс ганцаараа энд ажиллаад хамаг өрөм тосыг нь авья гэж бодоогүй. Тийм боломж ч байхгүй, надад сонирхол ч алга. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа