Нийгэм
Б.Хэрлэн: Монголчуудын үнэт зүйл “Бусдад санаа тавих”
Огноо: 2019-02-26 11:19
Нийтлэгч: Б.Наранчимэг

 

“Монгол хүний үнэт зүйл” сэдвээр судалгаа хийж буй Удирдлагын академийн Сэтгэл судлал, судалгааны аргазүйн тэнхимийн багш доктор, дэд профессор Б.Хэрлэнтэй ярилцлаа.

-Манай нийгэмд үнэт зүйл гэдэг зүйл алга болжээ гэж олон хүн ярих боллоо. Та яг энэ чиглэлээр судалгаа хийсэн хүний хувьд тоймтой хариулт өгөхгүй юу? -Амьдралдаа эрхэм болгосон итгэл үнэмшил, үзэл баримтлал бол бидний үнэт зүйл юм. Ер нь улс орон, нийгмийн бүлэг, хувь хүний түвшинд үнэт зүйлийг авч үздэг. Хандах зүг чигийг зааж, зөв бурууг ялгасан нэгдмэл, нийтлэг итгэл үнэмшил, үзэл баримтлал аль аль түвшиндээ алдраад байна. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Ялангуяа сүүлийн үед улс төр, эдийн засаг, нийгэм, оюун санааны хүрээнд хүмүүсийн үзэл бодол өөр хоорондоо адилгүй болохын хирээр бие биенээ өөнтөглөх, үгүйсгэх, буруутгах байсаар байтлаа зөрчилдөх байдал газар авах боллоо. Тэгээд ч нийгэмд өрнөж байгаа шийдэл хүлээсэн олон асуудлын зөв, бурууг тодорхой ялгаж салгаж өгөхөө болилоо, хэвлэл мэдээлэл хэн нэгний эрх ашигт үйлчилсэн мэдээллээр бөмбөгдөж байгаа энэ үед зөв буруугийн хэмжүүрээ алдахад хүрч байна. Нөгөөтэйгүүр, монголын иргэдийн дийлэнх нь өр зээлэнд дарагдаж өнөө маргаашийн амь амьжиргаагаа хэрхэн залгуулах вэ гэдгийг л бодож явна. Ийм нөхцөлд хүн өөрийн итгэл үнэмшил, үзэл бодлоос нэг удаа, хоёр удаа няцах нөхцөлд ч орж болзошгүй явааг үгүйсгэх аргагүй. Энэ бүх байдал оюун санаа, үзэл баримтлалын хувьд төөрөлдөж, хөл алдахад хүргээд байна.

-Таны судалгаа “монголчууд үнэт зүйлийн төөрөгдөлд орсон” гэдгийг илтгэж байсан. Тэгэхээр энэ байдлаас бидэнд гарах гарц, шийдэл юу байна ?

-Нийгмийн бүлгүүд оюун санаа, үзэл бодлоороо өөр хоорондоо ялгаатай байх нь ардчилсан нийгэмд байх зүйл. Гэвч өнөөгийн байдлаас харахад манайд шашин шүтлэг, намын харъяалал, нутаг ус, гарал угсаа, хөрөнгө чинээ, хөдөө хотоороо ялгарах байдал хэр хэмжээнээсээ хэтэрч байна. Үнэндээ манайхан, танайхан болж талцах байдал илтэд газар авлаа. Энэ нөхцөлд нийгмийн зөвшилцөл, тэр тусмаа улс Монголынхоо эрх ашгийг тэргүүндээ тавьж харилцан зөвшилцөж чаддаг болох явдал хамгийн их хэрэгтэй байна. Нам, бүлэг фракц, хувь хүний эрх ашгийг улс орны эрх ашигт нийцүүлэх чадвар ус агаар мэт үгүйлэгдэж байна. Тэгэхээр нийгэмд зөвшилцлийг бий болгохын тулд эхлээд харилцан ярилцаж үзэл бодлоор ялгаатай хүмүүсээ сонсдог, авах гээхийн ухаанаар хүлээцтэй, тэвчээртэй, хүндэтгэлтэй хандах чадварыг хаа хаанаа хичээн хэрэглэмээр байна.

-Улс төрчид массд өөрсдийн хүссэн үнэт зүйлсийг санал болгож, дагуулахыг оролдож байна. Монголчууд ч зүг чигийг заагч “алтан гадас од” шиг хэн нэгнийг хүсэн хүлээж байх  шиг санагддаг?

-“Монгол хүн эх орондоо эзэн нь байж, хийж бүтээе” гэсэн нийгмийн хүсэл, тэмүүллийн илрэл юм. Үүнийг бид дор бүрнээ мэдэж байгаа. Энэ уриа дуудлагыг хүлээж авахад хүмүүс сэтгэлзүйн хувьд бэлэн байгаа нь улс орноо хөгжүүлэх тодорхой бодлого, зорилгын дор нэгдэн ажиллах их эрч хүч энэ нийгэмд хуримтлагдаж байна гэж би боддог. Өөрөөр хэлбэл, оюун санаа, үзэл баримтлалын ялгарал ихсэхийн зэрэгцээ өөр хоорондоо эвсэн нягтрах хэрэгцээг ухамсарлах нь нэмэгдэж байна.

-Таны судалгааны үр дүнгээс монголчуудын хувьд “бусдад санаа тавих” гэдэг үнэт зүйл нэгдүгээрт жагссан байсан. Гэвч энэ үнэт зүйл эргээд биднийг нялцгай, сул дорой ард түмэн болгох сөрөг талтай юм шиг санагдлаа?

-Бусдад санаа тавих буюу ойр дотны хүмүүстээ туслах, хайрлах, халамжлах, сэтгэл зориулах явдал бол бидний өдөр тутмын ажил амьдралдаа нэн тэргүүнд анхаарч явдаг үнэт зүйл гэж 2017 онд хийсэн бидний судалгаанд гарч ирсэн. Сонирхолтой нь 2016 онд дэлхийн 149 орныг хамарч хийсэн World Prosperity Index судалгаанд монголчуудыг ойр дотны хүмүүстээ санаа их тавьдаг гэж дүгнэсэн байдаг юм билээ. Тэр судалгаанд хамрагдсан монгол хүмүүс жилд 2-3 хүнд хариу нэхэлгүй тусалсан. Энэ утгаараа нийгмийн капитал үзүүлэлтээр 30-д эрэмбэлэгдсэн байгаа юм. Магадгүй гудамд гараад захын таарсан хүнээс та хэдэн хүнд өөрийн сэтгэлээрээ тус болов гээд асуувал үүнээс олон тоо гарах байхаа. Энэ бол бид өөрсдөө анзаарч үнэлдэггүй монгол хүний хүнлэг сэтгэл, хүний мөс чанар. Хэцүү хүнд үед тулаад түшээд авах хүмүүс байгаа гэдгийг мэдэрч байна гэдэг сайхан биз дээ. Гэхдээ энд нэг зүйлийг тэмдэглэх хэрэгтэй. Энэ өгөөмөр чанар хэтийдээд ирэхээрээ бусдын гарыг харах, амыг дагах, бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлдэг талтай. Нөгөө талаараа бас л амьдарлын хэв маяг, амьжиргааны түвшинтэй холбоотой. Өнөөдөр бидний ахуй амьдрал уламжлалт ахуйгаас холдон хотжихын хирээр, мөн хувь хүний эдийн засаг, үзэл бодлын хувьд бие даасан байдал нэмэгдэхийн хирээр бусдад санаа тавих энэ чанар өмнөхөөсөө суларч байж болох юм.

-Та судалгаагаа үргэлжлүүлж байна уу. Шинэлэг зүйл юу байна?

-Бид өнгөрсөн онд төрийн албаны үнэт зүйлс сэдвээр судалгаа хийсэн. Урьд жилийн судалгаануудыг бататгасан санаа оноонууд олон байна. Гарсан үр дүн дээр бид ажиглалт хийгээд явж байгаа. Монголчуудыг хэт аминч үзэлтэй. Тийм болохоор багийн спортод амжилт гаргаж чаддаггүй гэдэг байлаа. Харин өнөөдөр байдал өөрчлөгдсөн байна. Коллективист буюу хамт олонч сэтгэлгээ аминч үзлээс илүү хүчтэй болж байгаа нь сайшаалтай.

-Шударга хүн тэр доор үлдчихээд, овжин зальтай хүмүүс дээшээ гарч ирж байна гэж ярих болжээ?

- Хүмүүсийн ажил хөдөлмөрөө хийж, амьдрал ахуйгаа авч яваа энэ байдал үнэндээ бидний бий болгосон энэ нийгэм, тогтолцооноос шууд хамаарч байдаг болохоор энд хэн нэг шударга хүний тухай ярих боломжгүй юм. Учир нь шударгыг шударга бусаас ялгадаг, шударгыг хөхүүлэн дэмжиж, үлгэр дуурайл болгодог эсвэл шударга бусыг илрүүлж хариуцлага тооцдог институцийн чадавхитай холбоотой. Хууль журам, хариуцах байгууллага, албан тушаалтнууд өнөөдөр бүгд байгаа ч, тэдний арга ажиллагаа нь биш байна. Дээр нь харсаар мэдсээр байж буруугийн хажуугаар дуугүй өнгөрч байгаа бидний нийгмийн ухамсар, бидний зарчмын шаардлага тавиад түүндээ тууштай байх идэвх санаачлага сул байгаатай холбоотой гэж бодож байна. Ахиад л нөгөө амьжиргааны түвшинтэй холбоотой. Амьдарлын баталгаа муу байгаа үед үнэндээ ажлаа, амьдарлаа алдахгүйн тулд шударга бустай эвлэрэхээс аргагүй байдалд орж байгаа тохиолдол элбэг байгаа байж болох юм.

-“Өөрийгөө яая гэж байхад” гэсэн бодолтой хүмүүс их байна л даа?

-Тэгэхээр үнэт зүйл нь улс орон, нийгэм, хувь хүний амьжиргааны түвшинтэй ихээхэн холбоотой байдаг.  Үнэт зүйл судлаач Инглехарт улс орон хөгжиж, амьдарлын түвшин дээшлэхийн хирээр иргэд нь амьдарлын материаллаг бус, оюун санааны талуудыг эрхэмд тооцож, тэдний оюун ухаан нь өөрчлөлт, хөгжил дэвшилд чиглэж байдаг гэж дүгнэсэн байдаг. Үүний яг эсрэг дүр төрх манайд бий болоод байна. Учир нь өнөөдөр гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна. Ийм нөхцөлд нутаг орны сайн сайхан аж байдал, улс орны хөгжил дэвшлийн тухай гэхээсээ өөрийн амиа аваад явах тухай л бодох нь элбэг байгаа. Түрүүн дурьдсанчлан бие даах байдлыг эрхэмлэх хандлага нэмэгдэж байгаатай бас холбоотой.  

Зарим хүн хүн бүр дор бүрнээ хичээгээд, амь амьдарлаа өөдтэйхэн аваад явбал болчихно гэж хэлдэг. Үүнийг бусдын хэрэг над хамаагүй гэсэн аминч үзлийн улмаас хэлээгүй гэж би боддог. Хүн бүхэн бурууг үйлдэхгүй, өөрийн үг, үйлдлийн төлөө хариуцлага хүлээдэг, бусаддаа үлгэр дуурайл болжүр хүүхдээ зөв хүмүүжүүлээд, ажил хөдөлмөрөөрөө улс орондоо хувь нэмрээ оруулаад явж байтал “дээдэх нь суудлаа олох бол уу” гэж найдаж хэлдэг бол уу. Дээдэх нь суудлаа олох үйл явц хурдан бүтээсэй гэж дор бүрнээ харж хүлээж байгаа олон хүний нэг нь бас би өөрөө шүү дээ.

-Бидний үе ингээд дууслаа гэхэд ирээдүйн үр хүүхэддээ үнэт зүйлсийг яаж төлөвшүүлэх вэ?

- Үнэхээр бодууштай асуулт. Бидний итгэл үнэмшил, үзэл баримтлал амьдарч байгаа орчны нөлөөн дор төлөвшиж байгаа. Гэр бүлдээ ээж ааваасаа ямар үлгэр дууриалыг харж, ямар захиас сургаал сонсож өсч байгаас, багш, үеийн тэнгийнхэн, сургуулийн орчиндоо ямар сорилтуудтай тулгарч хэрхэн даван туулж байгаагаас, хэвлэл мэдээллээр ямар мэдээллээр оюун санаа нь эзэмдүүлж байгаагаас бидний үр хүүхдүүд хэн болохыг тодорхойлоод байна. Бурууд нүд дасгахгүй, сэтгэл автуулахгүй байхад эх эцэг юугаар ч орлуулашгүй чухал үүрэг гүйцэтгэдэг. Үр хүүхдийг нь эцэг эхтэйгээ гэр бүлдээ хамт сайн сайхан амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх тал дээр төрийн оновчтой бодлого үгүйлэгдэж байна.

 -1900 оны эхэнд монголчууд “уужуу тайван сэтгэл, шогч нөхөрсөг, ажигч гярхай, үнэнч шударга зан чанартай байсан” гэж түүхч Д.Өлзийбаатар гуай ярьж байсан. Энэ зан чанарууд өнөөгийн залууст, бидэнд хадгалагдан үлдэж чадсан болов уу?

-Өөрөөр хэлбэл энэ бол уламжлалын тухай асуудал юм. Монгол хүмүүст байсан эдгээр үнэт чанарууд бидний ахуйд хадгалагдаж байсан гэж хэлж болно. Ахуйгаар дамжиж үнэт зүйл гэдэг юм хүнд биежиж ирдэг. Хотын амьдрал уламжлалт ахуйгаас холдохын хэрээр хөдөөний хүн, хотын хүний ялгаа ихэссээр байна. Уламжлалт сэтгэлгээ, уламжлалаа дээдлэх, ах захаа хүндлэх, бие биедээ анхаарал халамж тавих, уужуу хандах, цагаан цайлган, шооч зан хөдөөд илүү байгаа нь үнэн. Тэгэхээр уламжлал, шинэчлэлийн тэнцвэрийг олох зайлшгүй шаардлага тулгарч байна. Монголчууд амьдралыг үзэх үзэл, итгэл үнэмшлийн хувьд их өөр болсон. Хооллолт, шашин шүтлэг, үзэл баримтлал өөр болохын хэрээр үл ойлголцол, нэгнээ үгүйсгэх үзэл хүчээ авсаар байна. Зарим хүмүүс социализмаас ардчилалд шилжих шилжилтийн үе дууссан гэж үздэг. Гэвч оюун санааны хувьд шилжилт бүрэн дуусаагүй байгаа юм. Энэ өвөрмөц байдал хэзээ цэгцрэх вэ гэвэл нийгэмд зонхилох итгэл үнэмшил, үзэл баримтлал тодорч, түүнийг цөмөөрөө дэмжиж, нягтраад ирэхээр эмх цэгцтэй болно. Америкчууд “эрх чөлөө” гэсэн нэг үнэт зүйл дээр цөм нэгдэж чадсантай адил юм.

Үндэстний хувьд үнэт зүйлээ бий болгох, хадгалах тал дээр үлгэр жишээ болохуйц улс гүрнүүдийн жишээнээс сонирхуулна уу? 

-Нийтлэг үнэт зүйлээр үндэстнээ удирдаж хөгжлийн өндөр түвшинд хүрч чадсан орнууд олон. Үүнээс Сингапур, ХБНГУ хоёрыг дурьдмаар байна. Олон үндэстэн ястнаас бүрдсэн буурай орныг Ли Куан Ян хэрхэн нэгдмэл үзэл санаатай, дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэгтэй болгож 26 жилийн дотор өндөр хөгжилтэй орны эгнээнд оруулсныг дэлхий даяараа мэднэ.

Мөн хэдэн арван жилээр дундуураа ханаар тусгаарлагдан хоёр өөр тогтолцоо, хоёр өөр үзэл суртлаар амьдарч ирсэн баруун зүүн Германы ард түмэн нэгдэж, өнөөдөр дэлхийн хүчирхэг гүрнүүдийн нэг болж чадсан туршлага бас бий. 

Ер нь нийгмийн харилцаа, нийгмийн үнэт зүйлийг залж чиглүүлж ирсэн туршлагыг нь сайтар судлах, өөрийн байгаадаа дүн шинжилгээ хийх шаардлага бидэнд тулгараад байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа