Халуун сэдэв
АТГ зургаан шүүгчийг шалгуулах талаар дээд шатны прокурорт санал гаргах эрхтэй
Огноо: 2019-02-27 10:13
Нийтлэгч: Б.Наранчимэг

 

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс “Нэр бүхий зургаан шүүгчид үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх асуудлаар 2019 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Улмаар тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ШЕЗ-д уламжлуулахаар Нийслэлийн прокурорын газарт хүсэлт гаргасан билээ.

Тэгвэл Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай ШЕЗ болон Улсын Дээд шүүхийн Тамгын газарт зургаан шүүгчийг яллагдагчаар татахаас татгалзсан, түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэнээ мэдээлэл хүргүүлэх тухай 1/1117 тоот бичгээр мэдэгдсэн байна.

Уг бичигт “...Халдашгүй эрх эдэлж байгаа зургаан шүүгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж дүгнэх боломжгүй, хангалттай үндэслэл бүхий үйл баримт тогтоогдоогүй байх тул албан үүргийг одоогоор түдгэлзүүлэх шаардлагагүй гэж дүгнээд хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн” гэж мэдэгдсэн байна.

Болсон явдал нийгэмд бухимдал үүсгэж, хардалт дагуулаад байна. Уг нь энэ хэргийг түдгэлзүүлж байгаад шалгаад үнэхээр үндэслэлгүй хөрөнгөжөөгүй гэдгийг баримтаар тогтоогоод хаасан бол нийгэм ойлгох байсан мэт. Саяхан улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Хэнийг ч хариуцлагаас мултлахгүй, хууль шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй, шударга ёс эндээс эхэлнэ” гэж мэдэгдэж байсан. Гэтэл нийслэлийн прокуророос тэднийг шалгахаас татгалзаж байгаа нь амиа хорлосон шүүгчтэй холбоотой гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм. Шүүгч нар ямар ч асуудалгүй байсан бол шалгуулаад үнэн зөвөө баталж нэрээ цэвэрлээд гарч ирж болох байлаа.

Нийслэлийн прокуророос дээрх шүүгчдийг шалгахаас татгалзсан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2.12-ын дагуу АТГ дээд шатны прокурорт бичгээр санал гаргах эрхтэй юм байна. Үнэхээр зургаан шүүгчид асуудал байгаа бол АТГ эхлүүлсэн ажлаа дуусгах боломж байгааг энд сануулъя. Үгүй бол “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэдэг хуулийн заалтаа авч хаяж болох юм.

АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан зургаан шүүгийн ХОМ.

  • Ч.Хосбаярын хувьд прокуророор ажиллаж байгаад 2015 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдож байжээ. Тэрбээр жилийн орлого нь  248 сая төгрөг, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 75 сая төгрөг хэмээн мэдүүлсэн бөгөөд таван автомашин (Land rover 1, Range rover 1, Toyota  Highlander 1, Nissan Murano 1), дөрвөн орон сууцтай. Даянпан ХХК, Үнэнч Итгэл ББСБ ХХКомпаниудад хувьцаа эзэмшдэг, 118 сая төгрөгийн үнэ бүхий мал аж ахуйтай гэжээ.
  • Ц.Амарсайханы хувьд 1999 оны аравдугаар сарын 25-нд Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон. Түүний жилийн орлого 72 сая 680 мянган төгрөг, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 17 сая, 300 сая 500 мянган төгрөгийн үнэ бүхий гурван орон сууц, 40 сая төгрөгийн үнэ бүхий Toyota Land Cruiser-100 автомашин нэг, 21 сая төгрөгөөр үнэлэгдэх газар, 10 сая төгрөгийн хадгаламжтай гэжээ.
  • Улсын дээд шүүгч Д.Мөнхтуяа нь 2013 оны 12 сараас Дээд шүүхэд ажиллаж эхэлсэн. Жилийн орлого 49 сая, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 53 сая, 650 сая төгрөгийн үнэ бүхий гурван орон сууц, 50 сая төгрөгийн үнэ бүхий Lexus,RX-350 автомашин, 25 сая төгрөгийн үнэ бүхий газар, 16 сая төгрөгийн үнэ бүхий үнэт зүйлтэй. “Дашдорж Консалтинг” ХХК, “Эрдэнэс ТТ” ХК, “Говь” ХКомпаниудад хөрөнгө оруулсан гэж мэдүүлжээ.
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Э.Халиунбаяр нь 2014 оны тавдугаар сард томилогдсон. Жилийн нийт орлого 38 сая, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 20 сая, 274 сая төгрөгийн үнэ бүхий гурван орон сууц,  “Toyota Prius автомашин, хурдан удмын адуу тус бүр нэг ширхэг бий гэжээ.
  • Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүгч С.Төмөрбат нь 2014 оны долдугаар сард томилогдсон.  Жилийн орлого 41 сая төгрөг, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 29 сая, 478 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, хоёр автомашинтай гэжээ. Мөн “ТРЗ ХХК, Эрдэнэт ТТХК, УИД ХКомпаниас хувьцаа эзэмшдэг юм байна.  
  • Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Н.Хангал 2016 оны таван сард томилогдсон. Жилийн орлого 33 сая, 809 сая төгрөгийн үнэ бүхий таван орон сууц, барилга байгууламжтай, 49 сая төгрөгийн үнэ бүхий автомашинтай гэжээ.

 

Б.Наран

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа