Нийгэм
Эрхтэн шилжүүлэх зөвшөөрлийг иргэн бүр биедээ авч явдаг болъё
Огноо: 2019-03-01 11:42
Нийтлэгч: Б.Наранчимэг

 

Хавдар судлалын үндэсний төвийн элэг шилжүүлэн суулгах багийн эмч нар энэ өдрүүдэд өвчтөн, ард түмэнд зөвлөгөө өгөх нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна. Рентген зураг, шинжилгээний хариугаа барьсан хүмүүс энэтхэг, монгол эмч нарт хандахаар дугаарлаж зогсоцгооно. Дарханаас ирсэн ээж охин хоёр Мөнхзаяа эмчид үзүүлэх гэж байхтай нь таарлаа. Охин маань гурван настай байхдаа хоёр удаа шарласан юм. Түүнээс хойш халдвартын хяналтад явсаар өнөөдөр элэг шилжүүлэхээс өөр аргагүй байдалд орчихоод байна. Донорын хувьд 29 настай эрэгтэй дүүгээс нь авахаар болсон. Одоо санхүүгийн асуудал дээр гацчихаад байна. Манай Дарханаас урьд нь нэг хүн орж байсан гэсэн. Хагалгаанд орсон хүмүүс донор болон мөнгөний асуудлаа яаж шийдсэн талаар давхар туршлага судалж явна гэж ээж нь хуучиллаа. Хавдар судлалын үндэсний төвд өнгөрөгч зургадугаар сард хагалгаанд орсон Ц.Батсүх тэдэнд туршлага хуваалцаж байна. Тэрбээр сурагч байхдаа шарлаж, түүнээс хойш элэгний асуудалтай яваад байсан гэнэ. Сүүлдээ элгэнд нь хавдар үүсч элэг шилжүүлэх хагалгаанд яаралтай орох хэрэгтэй болжээ. Ингээд л монголдоо хагалгаанд орохоор шийдсэн байна. Эх орондоо хагалгаа хийлгэхийн давуу тал нь зардал бага, буух эзэнтэй буцах хаягтай байдаг. Ойрын хамаатан минь донор болж, 70-80 сая төгрөгөөр хагалгаанд орсон. Одоо ажилдаа орчихсон, биеийн байдал хэвийн байгаа гэлээ.  

Манай улсын хувьд 2006 оноос хойш 147 хүнд бөөр, 43 хүнд элэг, найман хүнд ясны чөмөг суулгах хагалгааг амжилттай хийсэн туршлагатай. Энэ талаар ХСҮТ-ийн элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч Р.Мөнхбат ингэж ярьсан юм. “Бид өнгөрсөн жил долоон хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн. Он гараад хоёр хүнд хийчихээд байна. Тийм болохоор одоо монголчууд элэгний өвчнөөс айх, зугтах шаардлагагүй болсон. Бидэнд хандахад л болно. Өнөөдөр манай эмнэлэг дээр ОХУ-ын Эрхүү хотын хавдар судлалын төвийн эмч нар ирж, биднээс туршлага судалж байна. Тэд ирэх гуравдугаар сард Эрхүү хотод элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийнэ. Тэр үед манай баг очиж туслах юм. Манай эмнэлэг Энэтхэгийн “Jaipee” болон Солонгосын “Самсунг” эмнэлэгтэй хамтран ажилладаг” гэлээ. Түүнээс “танай эмнэлэгт жилд хичнээн хүн элэг шилжүүлэх хагалгаанд орох хүсэлт гаргадаг вэ” гэхэд, “ Жилд 200 хүн элэг шилжүүлэх хагалгааг хийлгэх шаардлагатай байдаг. Эдгээр хүмүүс бол зөвхөн элэгний хавдартай хүмүүс юм. Тэднээс гадна элэгний хатуурал зэрэг оноштой, элэг солих шаардлагатай маш олон хүн бий. Гэтэл өнгөрсөн жил нэгдүгээр эмнэлэг 20 гаруй хүнд, манайх долоохон хүнд элэг шилжүүлэх хагалгаа хийсэн байна. Өвчтөнүүдэд тулгардаг хамгийн гол асуудал бол донор. Цусны бүлэг ижил биш, В, С вирусгүй, өөрийн төрөл садангийн хүн байхгүйн улмаас энэ олон хүн хагалгаанд орж чадахгүй байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд Монгол Улс донорын тухай хуулийг шинэчилж баталсан.  Хуулийн дагуу тархи нь үхэжсэн донороос эрүүл элэг, бөөр зэрэг эрүүл эрхтэнүүдийг авч бусдад амьдрал бэлэглэх боломж бүрдсэн. Нэгдүгээр эмнэлэг дээр ийм хоёр хүнээс эрхтэн шилжүүлж, хагалгаа хийгээд байна. Бидний хувьд энэ ондоо багтаж ийм төрлийн хагалгааг хийхээр төлөвлөж байгаа” гэсэн юм.

Мөн тэрбээр “Элэг бүтэн монгол хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил Засгийн газраас элэг шилжүүлэн суулгах мэс засалд 100 сая төгрөг төсөвлөсөн. Харин энэ жил 65 сая төгрөг болж буурсан байгаа. Тэгэхээр бидэнд одоо 30 сая төгрөгийн асуудлыг яаж шийдэх вэ гэдэг дээр ажиллаж байна. Үүн дээр хувийн хэвшлүүд туслаад өгвөл сайн л байна” гэсэн юм.

Цусны бүлэг өөр хүнээс эрхтэн шилжүүлэх хагалгаа хийдэг болжээ

Өдөрлөгт ирсэн хүмүүс дотор Ц.Батсүх шиг масктай хүн цөөнгүй байна. Эдгээр хүмүүс элэг шилжүүлэх хагалгаанд орсон, зовлон нэгт нөхдөдөө туслах чин хүсэл тээж ирцгээсэн байлаа. Тэдний нэг болох Чингэлтэй дүүргийн иргэн Чимгээ өнгөрөгч аравдугаар сард Энэтхэг улсын “Jaipee” эмнэлэгт хагалгаанд оржээ. Тэрбээр нэгдүгээр бүлгийн цустай бөгөөд ижил бүлгийн цустай донор олдоогүйн улмаас бүлэг өөрчилж, хагалгаанд орсон байна. Цусны бүлэг шилжүүлэх хагалгааг одоохондоо манай улсад хийх боломжгүй байгаа юм билээ. Үүний тулд цус шүүх технологи хэрэгтэй болдог гэсэн. Би Энэтхэг улсад бүлэг өөрчилж хагалгаанд орсон хоёр дахь хүн болсон гэв. Мөн цааш нь, “Эрхтэн шилжүүлэх хагалгаанд орж байгаа хүмүүст хамгийн түрүүнд донорын асуудал тулгамддаг. Мөнгөтэй байсан ч донор олдохгүй байх тохиолдол их. Донор олдсоны дараа санхүүгийн асуудал гарч ирнэ. Миний хувьд Энэтхэгт хоёр сар болсон. Донор, асран хамгаалагч нарын зардал, байр хоол, эм тариа, эмчилгээний зардал нийлээд 200 гаруй сая төгрөг болсон. Үүнийг ах дүү, хамаатан садныхаа хүчээр давж гарлаа. Монголчуудын хувьд донор болно гэхээр хүнд амьдрал бэлэглэж байна гэж ойлгодоггүй. Хүний эд эрхтнийг авч зарах, мөнгө олох хэрэгсэл гэж ойлгодог юм шиг санагдсан. Гадаадад автомашины осолд орсон болон тархины үхэлтэй өвчтөнүүд өөрийн эд эрхтэнээ бусдад өгч болно гэсэн зөвшөөрөл биедээ авч явдаг гэж сонссон. Ийм өвчнөөр нас барсан хүний эд эрхтэнээр 5-7 хүнд амьдрал бэлэглэх боломжтой гэж байгаа. Тэгэхээр манайхан энэ зүйлийг дор бүрнээ ухамсарлаж, өөр хэн нэгэнд амьдрал бэлэглэх сайхан сэтгэлтэй байгаасай гэж хүсч байна” гэсэн юм.

Хавдар судлалын үндэсний төвд жилд 2000-2500 хүн хавдар гэсэн оноштой ирдэг бөгөөд тэдний 80 хувь нь өвчний хожуу үе шат буюу элэгний хатуурал болсон үедээ эмнэлэгт ханддаг байна. Харамсалтай нь эдгээр оношлогдсон хүмүүсийн 1500 орчим нь донор олдохгүйн улмаас энэ өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг ажээ. Шинэчлэн найруулсан Донорын тухай хуулийн 15.2-т “Амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа нас барагчийн гэрээслэл түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, хамтын амьдрал бүхий гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг бичгээр авна” гэсэн  байдаг. Үүнийг иргэн бүр санаж, эрхтэн шилжүүлэх зөвшөөрлийг биедээ авч явж хэвшээсэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа