Халуун сэдэв
Авлигатай тэмцэх газар авлигачид, албан тушаалтнуудыг хаацайлдаг газар гэв
Огноо: 2 сарын 7
Нийтлэгч: Саранчимэг

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

 И.МӨНХЖАРГАЛ: АТГ ШИГ ХЭВЛЭЛЭЭР ШАНТААЖИЛДАГ БАЙГУУЛЛАГА БАЙХГҮЙ

АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн И.Мөнхжаргал мэдээлэл хийлээ. Тэрбээр “АТГ ажлаа хийхгүй, хийсэн ч буруу зөрүү хийснээс болж Монгол Улсад учирч буй хор хохирлыг бүхэл бүтэн ард түмнээрээ харж байна. Тодруулбал Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг стандарт банкинд барьцаанд тавьсан асуудал. Тухайн үед Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавихад гарын үсэг зурсан нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байсан. Хуурамч гэдгээр нь Ш.Батхүү гэдэг хүн хэргээ хүлэгээд ял аваад, өршөөлд хамрагдсан. Өнөөдөр Стандарт банкинд 51 сая долларын үндсэн төлбөр дээр нэмээд 40 гаруй сая долларыг хүү, торгуульд төлөхөөр болчхоод байна. Тухайн үед АТГ-аас энэ гарын үсгүүд хуурамч биш, энэ албан тушаалтнууд оролцсон, эрх мэдлээ хэтрүүлсэн цагаан захтнуудын хийсэн хэрэг байна гэж илрүүлж чадсан бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байсан.  Энэ хэргийг хийсэн хүмүүс хаана юу хийж явна. Монголын шилдэг хуульчид, улс төрийн том албан тушаалтнууд, элчин сайдууд хүртэл байсан. АТГ энэ хүмүүсийг шалгахгүй нөхцөл байдал үүсчихээд байна. Энэ төлбөрийг Эрдэнэт үйлдвэрээс гаргуулах шийдвэрийг Арбитрын шүүхээс гаргачхаад байна.

АТГ-ын Олон нийтийн зөвлөлийнхөн бид цаашдаа эрхзүйн байдалдаа санаа зовж байна. Яагаад гэвэл АТГ-аас бидний үг, үйлдэл бүрийг бичиж байна. Дараа нь “Г.Баасан чи манай өрөөнд орж ирсэн ярьсан бичлэг чинь байна шүү” гээд хэвлэлийн хурал хийгээд сууж байдаг. АТГ шиг хэвлэлээр шантаажилж байдаг байгууллага байхгүй. Өмнөх хэвлэлийн хурал дээр Төрийн байгууллагын нэр хүндэд халдсан учраас Г.Баасанг шүүхэд өгнө гэж АТГ-аас мэдээлэл хийсэн. Тиймээс бид АТГ-ыг авлигачид, албан тушаалтнуудыг хаацайлдаг газар юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Г.БААСАН: АТГ-ЫН ДАРГА Х.ЭНХЖАРГАЛ ӨӨРӨӨ АВЛИГЫН ГЭМТ 
ХЭРЭГТЭН БАЙХ МАГАДЛАЛТАЙ

АТГ-ын дарга Х.Энхжаргал гэж хүн өөрөө авлигын гэмт хэрэгтэн байх магадлал өндөр байна. Төмөр замын нэгдсэн холбооноос Д.Жигжиднямаа гэдэг хүнийг шалгаж өгөөч гэж асуудлыг өнгөрсөн нэгдүгээр сард АТГ-т тавьсан. Гэтэл Х.Энхжаргал гэж хүн тавдугаар сард өөрийнхөө төрсөн эгчийн хүүхдийг Зүүнхараагийн вагон депогийн газрын даргаар томилуулсан байна. Энэ ашиг сонирхлын зөрчил мөн биз дээ. Энэ хүн авлигачидтай хуйвалдаж, авлигачдыг орогнуулдаг, хадгалдаг, бөөцийлдөг, хамгаалдаг газар болчхоод байна. Би АТГ-ын хамт олныг ажлаа хийж чадахгүй байна гэж хэлэх цаг арай эрт байна. Харин энэ байгууллагыг удирдаж байгаа албан тушаалтан ажлаа хийж чадахгүй байна гэж хэлж чадахад хүрээд байна. Х.Энхжаргал гэж хүн би М.Энхболд гэж хүний хамгийн сайн найз гэж хэлээд гэрт нь очоод золгож байгаа зураг байна. Олон улсын статусаар АТГ-ын удирдлага хүн төрийн байгууллагын удирдлага хүний гэрт очиж хүндэтгэл үзүүлэх ёсгүй.” гэв.

Э.БАТСУУРЬ: М.ЭНХБОЛДЫН ХОМ-ИЙГ ШАЛГАЖ ӨГӨӨЧ ГЭЖ 
ИРГЭН ГОМДОЛ ГАРГАСАН

Олон нийтийн зөвлөлийн гишүүн Э.Батсуурь “Төрийн албан хаагчдын ХОМ-ийг 10 жил авч байна. Хэн хэрхэн үндэслэлгүй баяжсан, хөрөнгө орлого нь яаж өөрчлөгдсөн зэргийг АТГ-аас хянах ёстой ч ажлаа огт хийхгүй байна. гэм бурутай бол хариуцлага тооцох үүрэг нь АТГ-т байдаг. Төрийн өндөр албан тушаалтан өндөр үнэтэй цаг зүүж байна, том том хаустай гээд л хэвлэлүүдээр өчнөөн бичдэг.

 УИХ-ын дарга М.Энхболдын ХОМ-ийг шалгаж өгөөч гэсэн гомдол иргэнээс ирсэн. Тэр хүн үндэслэлдээ М.Энхболд дарга “Бүрэн зураглал” нэвтрүүлэгт орохдоо хэзээ ч бизнес эрхэлж байгаагүй гэж ярьсныг нь нотлох баримтаар өгсөн. Гэтэл ХОМ-тээ гурван тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Үүний тэрбум гаруй нь адуу. Яаж ийм хөрөнгөтэй болсныг шалгаж өгөөч гэсэн хүсэлт ирсэн.Мөн Улаанбаатар хотын газар олголтын асуудлаар М.Энхболдыг шалгаж өгөөч гэсэн хүсэлт ирүүлсэн. Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр “Ам нээвэл” гэдэг ярилцлагад орохдоо Централ товерын газрыг 200 саяар өгөөд намынхаа орон нутгийн сонгуулийн зардлыг гаргасан гэдгийг ярьсныг энэ хүн баримт болгож ирүүлсэн байна. Нэгдүгээр сарын 30-нд ирсэн энэ гомдлыг АТГ-аас шалгаж байгаа үгүй нь одоо болтол тодорхойгүй байна.

60 тэрбумын хэрэг байна.  Гэмт хэргийг тогтооход шинжээчийн дүгнэлт зайлшгүй шаардлагатай байдаг. Гэхдээ гэмт хэрэгт оролцсон этгээд өөрөө гэмт хэргээ хүлээвэл шинжилгээний дүгнэлт хэрэггүй байдгийг олон эх сурвалж хэлдэг. Ц.Сандуй өөрөө хэргээ хүлээсэн бичлэгийг энэ хүн бас ирүүлсэн байна. А.Ганбаатар гэж хүн мөн хэвлэлийн хурал хийх үедээ “Тэр үеэр М.Энхболд дарга байгаагүй” гэж хүлээн зөвшөөрсөн. М.Энхболд дарга мөн нэг ярилцлагадаа “2016 оны сонгуулиас хойш ажилд томилогдсон хүмүүсийн 50 хувь нь шахааных шүү” гэж хэлсэн. Энэ үндэслэлүүдээр АТГ шалгаад өгвөл уг нь 60 тэрбумын хэрэг илэрчих ёстой юм. Даанч АТГ-аас энэ хэргийг шалгахгүй байгаа. 60 тэрбумын илрүүлэхгүй байхын хор уршиг нь дараа нь өөр нэг нам дараагийн сонгууль гарахдаа Монголын төрийг хэдээр зарах бол гэсэн асуудал яригдана.” гэв.

Сурталчилгаа