Эрүүл мэнд
Ж.Амарсанаа: Элэгний вирусийн халдварыг гол дамжуулагч нь эрүүл мэндийн байгууллагууд өөрсдөө байдаг
Огноо: 2018-02-08 13:25
Нийтлэгч: Б.Наранчимэг

Манай улсад жилд 2700 хүн элэгний өвчнөөр тэр дундаа 1000-1200 хүн элэгний хатуурлаар, 1500-1700 хүн элэгний хорт хавдараар нас бардаг байна. Тэгвэл элэгний өвчлөлийн хэтийн төлвийн талаар Монголын элэгний эмгэг судлалын холбооны хүндэт тэргүүн, анагаах ухааны доктор, хүний их эмч Ж.Амарсанаатай ярилцлаа.

-Элэгний В, С вирусийн эсрэг манай улс хэр чадлаараа тэмцэж байна. Элэгний өвчтэй хүмүүсийн хэдэн хувь нь оношлогоонд хамрагдаад байгаа вэ?

- Элэгний өвчлөл гэдэг бол тун удахгүй түүх болж үлдэх юм. Гэхдээ тун удахгүй гэдэг  нь тийм амар биш, тийм ойр ч биш. С вирусын хувь тавилан бол тун тодорхой. Ойрын таваас арван жилийн дараа гэхэд С вирустэй хүн хайгаад олдохгүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл эмийн үнэ хямд, гаж нөлөө харьцангуй бага учраас хүмүүс эмчилгээндээ маш сайн хамрагдаж байгаа. Одоо бидний гол толгой өвтгөж байгаа зүйл юу гэхээр С вирустэй мөртлөө эмчилгээнд орохгүй, тоохгүй яваад байгаа хүмүүсийг яаж эмчилгээнд хамруулах вэ гэдэг асуудал. Өөрт нь ямар ч зовиур, шинж тэмдэг илэрдэггүй учраас энэ өвчнөө тоодоггүй, эмчилгээнд орох сонирхолгүй, хэнэггүй, гэнэн хүмүүс их байна. Гэтэл элэгний вирустэй хүн бүхэнд элэгний хорт хавдар үүсэх боломжтой гэдгийг ойлгодоггүй.  

Өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал хандуулж, элэгний вирусийн оношлогоо эмчилгээнд сайн дураараа орьё гэж байгаа хүмүүс ер нь дуусч байна. Удахгүй бид араас нь хөөцөлдөж “хөөе нөхөр Доржоо чи вирусээ устгуулаач ээ” гэж чихдэж ирдэг вирус устгах ажил эхлэх болов уу.

- Элэгний хорт хавдар өвчнийг эрт илрүүлэх үндэсний стратегийн хэрэгжилт ямархуу явцтай байна вэ?

-Би эрүүл мэндийн яаманд ажиллаж байхдаа элэгний хорт хавдар болон хатуурлыг бууруулах зорилго бүхий “элэгний хорт хавдар өвчнийг эрт илрүүлэх үндэсний стратеги”-ийг боловсруулах ажлын хэсгийг ахалж байсан.  Энэ стратегийн ач холбогдол нь монгол улсын хэмжээнд элэгний В, С вирустэй болон элэгний хорт хавдар үүсэх өндөр эрсдэл бүхий архи их уудаг хүмүүсийг бүгдийг нь бүртгэлжүүлж, тодорхой мэдээллийн нэгдсэн сан үүсгэх юм. Ингэснээр тэдгээр хүмүүсийг тогтмол ЭХО-д хардаг, элэгний хорт хавдарын маркерийн шинжилгээг тогтмол авна гэсэн үг. Ийм хяналтын тогтолцоо тухайлбал Япон улсад хэрэгждэг. Элэгний хорт хавдарыг эрт үед нь оношилж чадах юм бол  хорт хавдартай хүний урт наслах магадлал нь илүү өндөр болно. Жишээлбэл, манайд элэгний хорт хавдараар өвчилсөн хүн таван  жил амьдрах магадлал 19 хувь байдаг бол эрт илрүүлгийн тогтолцоо бүрдсэн Япон улсад  таван жил амьдрах магадлал 47 хувьтай. Элэгний В вирустэй хүн 40-45 насандаа байнга хяналтын  эход хамрагдах, элэгний С вирустэй хүн 50 наснаас хойш байнга хяналтын ЭХО-д хамрагдах ёстой. Элэгний хорт хавдараар нас барсан хүмүүсийн нэгдүгээр үеийнхэн буюу эхнэр, нөхөр хүүхэд нь хяналтад орох ёстой. Үүнийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх талаар стратеги төлөвлөгөөнд тусгасан.  Мөн таваас дээш жил наслах магадлалтай хүмүүсийн тоог 2018 он гэхэд 21.9 хувь болгох зорилт тавьсан. Хяналтын тогтолцоог бүрдүүлж чадаагүй учраас  энэ зорилтдоо хүрч чадахгүйд хүрээд байна. Элэгний хорт хавдарын эрт илрүүлгийн үзлэгт зорилтот бүлгийн В, С вирустэй, архи уудаг хүмүүсийн 30 хувийг 2018 он гэхэд  хяналтад хамруулахыг зорьж байгаа.  Үүнээс гадна элэгний хорт хавдар, эрт илрүүлгийн чиглэлээр мэргэшсэн эмч мэргэжилтнүүдийн тоог 100 болгох зорилт тавьсан. Хэрэгжсэн эсэх нь эргэлзээтэй байна.

-Элэгний өвчлөлийн хэтийн төлвийг та яаж харж байна?

-С вирусийн талаар дээр дурдсан. Бүрэн устгах боломжтой өвчин.  Харин В вирус бол тоглоом биш. В вирусыг бүрэн устгах гэдэг амаргүй ажил. В вирусын эсрэг эм хямдарч эрүүл мэндийн даатгалаар 6000 төгрөгөөр авах боломжтой. Гэсэн ч энэ эм зөвхөн үржлийг зогсоох үйлчилгээтэй юм. Эмчилгээ нь хүрч болох дээд хэмжээндээ хүрсэн ч түүнээс илүү гарч чадахгүй нөхцөл байдалд орчихоод байна. Гэхдээ В вирусын хувьд нэг дэвшилттэй зүйл нь монголчууд 1990 оноос хойш төрсөн хүүхэд бүртээ В вирусын эсрэг вакцин хийдэг болсон. Тийм учраас шинээр халдвар авагчид багасаж байна. Монголчууд дөчин жил элэгний В вирустэй зууралдах болно. Учир нь  90-ээд оноос өмнө төрсөн бүх хүмүүс нас бартлаа В вирусийн тээгч байна гэсэн үг. Бүрэн устгаж чаддаггүй.

-Элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юу?

- Хувь хүнээс шалтгаалах зүйл бараг байхгүй учраас эрүүл мэндийн салбар элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд маш зөв алхам хийх ёстой.  Яагаад гэвэл энэ вирусийн халдварыг гол дамжуулагч нь эрүүл мэндийн байгууллагууд өөрсдөө байдаг. Ялангуяа шүдний эмнэлгүүд, мэс ажилбар хийгдэж байгаа газрууд, эмэгтэйчүүдийн эмнэлэг, зарим гоо сайхны салонууд халдвар тараадаг. Тэд аборт хийж байхдаа, цус юүлэхдээ вирустэй хүний цусыг юүлэх, шивээс  хийхдээ, батга шахах үедээ вирус дамжуулдаг. Энэ өвчин цусаар, багажнаас цус руу халддаг юм.

- Элэгний С вирусийн эсрэг Харвонигоос хойш хоёр ч эм худалдаанд гараад байна. Үнийн хувьд ч нилээд хямдарч байгаа гэж сонсогдох боллоо. Хямд зарагдаж буй эмүүдийн чанар хэр бол?

-Надад Харвони болон түүний дараа гарсан Ледивер дээр хийсэн судалгаа байна. Вирусийг устгах тал дээр, үр дүнгийн хувьд ялгаа байхгүй. “Монос”-оос  орж ирсэн эм 300 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд хамрагдвал 40 хувь хөнгөлөх боломжтой гэж яригдаж байгаа. Харин өвчтөнд үзүүлэх гаж нөлөөний  хувьд жаахан ялгаатай. Харвони эмийг хэрэглэж байгаа хүмүүс дээр дөчөөд төрлийн гаж нөлөө илэрч байна. Нас ахих тусмаа гаж нөлөө нь арай хүнд тусдаг. Мөн эрэгтэй хүнд гаж нөлөө гарах магадлал дөрвөн хүний нэгд тохиолддог бол эмэгтэйчүүдийн тал хувьд илрэх магадлалтай.  Илрээгүй 57 хувь, илэрсэн 43 хувь байна. Харвониг хэрэглэж буй өвчтөнүүдийн хувьд 43 хувьд нь гаж нөлөө илэрсэн бол дуураймал эм ледиверийн гаж нөлөө 54 хувьд нь илэрсэн байх юм.  

-Тухайлбал, ямар гаж нөлөө илэрдэг вэ?

- Аль ч эмэн дээр ялгаагүй хамгийн элбэг тохиолдож буй гурван гаж нөлөө нь толгой өвдөх, сульдах, дотор муухайрах юм. С вирусийн эсрэг эм хэрэглэж буй нийт хүмүүсийн 78 хувьд нь нэг төрлийн гаж нөлөө, 23 хувьд нь хоёр гаж нөлөө, гурван хувьд нь гурав ба түүнээс дээш гаж нөлөө илэрч байна.

-Элэгний өвчнөөр өвчлөгсдийн нас залуужиж байна гэж яригдах боллоо?

Энэ бол элэгний В вирустэй хүмүүст илүү хамааралтай юм. В вирус хамгийн өндөр эрсдэлтэй. Нэгдүгээрт бүрэн устахгүй, хоёрдугаарт элэг хатууралгүй ч гэсэн гэв гэнэт хавдар үүсэх магадлал өндөр.

С вирустэй хүмүүсийн 95-99 хувь нь хатуурлын дараа хавдар үүсдэг. Элэгний В, С вирус авсан хүнд вирусийн халдварын дараа, архаг үрэвсэл үүснэ. Үрэвслийн дараа соривжилт явагдана, соривжилт явсаар байгаад хатуурал үүсгэнэ, хатуурлын дараа хавдар гарч ирдэг.  Харин В вирусын хувьд үүнээс гадна халдвар авсны дараахан шууд хавдар үүсэх тохиолдол 30 хувь байдаг. С вирустэй хүний өвчлөл дээрх замналаар явсаар байгаад хавдарын хэмжээнд хүрэхэд тухайн хүн 60-аас дээш настай болдог. Харин В вирустэй залуу хүн зүв зүгээр явж байгаад гэнэт том хавдартай болчихдог.

-Элэгний хатуурлаар жилд 1000-1200 хүн нас бардаг гэж байна. Энэ өвчний оношлогоо эмчилгээнд ямар дэвшил гарч байгаа вэ?

-Элэгний хатуурлыг үүсгэхгүйн тулд В, С вирус болон согтууруулах ундаа хэрэглэх асуудлыг таслан зогсоох хэрэгтэй. Элэгний хатуурал нэгэнт үүсчихсэн тохиолдолд буцааж зөөлрүүлэхэд тун хэцүү. Элэгний хатуурлыг нэгэн үе эдгэрдэггүй өвчин гэж үздэг байсан ч шинжлэх ухаан, технологи хөгжсөн учраас эдгэрдэг өвчин гэж үзэх болсон. Гэхдээ 100 хувь биш. Элэг хатуурсан шалтгааныг зөв тогтоочих юм бол тэр шалтгаантай тэмцэнэ, устгана. Тэгж чадвал элэг буцаад зөөлөрнө. Гэхдээ бас анхаарах зүйл бий. Жишээн дээр тайлбарлая. Элэгний С вирусээс хатуурал үүссэн хүн байлаа гэхэд С вирусыг устгасан тохиолдолд хатуурал арилах магадлал 50-80 хувь. Вирусээ устгасан ч үлдсэн 20-50 хувьд нь хатуурал хэвээрээ байх магадлалтай. Хатуурлаас хавдар үүсэх аюул байсаар байна. Өөрөөр хэлбэл амь нас нь эрсдэлтэй хэвээрээ шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Хатуурал үүсэхээс өмнө вирусээ устгуулсан хүмүүс бол тайван байж болно. Хатуурал үүссэн хойно вирусээ устгуулсан хүмүүс тайвшраад насан туршийнхаа өвчнөөс салчихлаа гэж бодож ерөөсөө болохгүй. Тэр хүмүүс хатуурал арилж байна уу, үгүй юу гэдгийг байнга хянаж байх ёстой. Хатуурал арилчих юм бол элэгний өвчнөөр нас барахгүй байх магадлал өндөр.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа
Санал болгох