TIME OUT
"Гэрэл ба сүүдэр" яруу найргийн наадмын хоёрдугаар шат маргааш зохион байгуулагдана
Огноо: 2-9
Нийтлэгч: Б.Наранчимэг

"Архи" хэмээх хар тахлын эсрэг тэмцэх зорилготой "Гэрэл ба сүүдэр" найргийн наадам нэгдүгээр сарын аравнаас II  сарын 10-ны хооронд зохион байгуулагдаж байна. Тус наадамд цахим ертөнцөд уран бүтээлээрээ танигдсан хот хөдөөгийн 165 яруу найрагчид уран бүтээлээ ирүүлжээ. Зохион байгуулагчдын зүгээс дараагийн шатанд 33 яруу найрагч шалгаруулсан бөгөөд хоёрдугаар шатны шалгаруулалт маргааш буюу Төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойномын төрсөн өдөр зохион байгуулагдахаараа онцлогтой ажээ. Тус наадмын хоёрдугаар шатанд шалгарсан яруу найрагчдын шүлгээс хүргэж байна. 

Баян хүний өмнө биеэ үнэлдэг
Башир хүний өмнө нэрээ худалддаг
Хоосон толгойтонд хошуугаа дэвсдэг
Ховдог шуналтанд зүрхээ мэдүүлдэг
Үгийн сайхныг худлын золиос болгосон
Үнэний гэрчийг мөнгөний солио болгосон
Би хэмээх хэнхэг өвчинд нэрвэгдсэн
Бийр үзгийг хоосон магтаалд зориулсан
Яруу сайхан найргийг янагын салтаанд хавчуулсан
Ядруухан үгийн хэлхээгээр цаас зовоож мутарласан
Шүлэгчийн үнэн төрхийг сүйрлийн мананд төөрүүлсэн
Сүнс айлгам үг овоологчид олширсон нь нэн бэрх. . .
Зориглож хэлсэн үг минь хурцлаж ирлэх болтугай
Зохиож бичсэн бүхэн минь ухаарал өгөх болтугай
Надаас илүүд өвдөг сөгдөж мэлмий мялаахад би 
бэлэн
Найраг шүлгийн төлөө хэсэгхэн жаргалаа зольж
зогсоход би бэлээн

Д.Батцэцэг

Сайхан дуу сонсоход
Сэтгэл нэг л яруу болдог
Сайн хүнтэй нөхөрлөхөд
Зүрх нэг л амгалан байдаг
Өөрөө өөрөөрөө байхад
Инээмсэглэл минь үнэн байдаг
Өчигдөрийн зовлонг маргаашийн сайхнаар 
солиход
Амьдрал нэг л дулаахан санагддаг
Амнаас унах үг минь зөв байхад
Амьсгалах агаар минь үнэн байхад
Амьд орших минь утгатай байхад
Аз жаргалыг би олохгүй гээд яадаг юм
Бардамхан сэтгэл минь өөртөө л зөв
Бадагхан шүлэг минь өөртөө л нандин
Омогшсон зүрх минь өөртөө л хүчтэй
Огшсон үг минь харин амьд бүхэнд үнээн.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа