Эрүүл мэнд
Цусны донорыг нэмэгдүүлэх ажил эхэллээ
Огноо: 2 сарын 12
Нийтлэгч: Цэвээнгэрэл

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд өнөөдрөөс эхлэн “Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх хэвлэл мэдээллийн кампанит ажил” үндэсний хэмжээнд эхэлж байна. Энэ төөл нь “Цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх” зохилгтой бөгөөд Цус сэлбэлт судлалын үндэсний төв болон орон нутгийн 26 цусны салбар төвүүдэд нийтдээ 21.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.  Мөн 197 нэр төрлийн 3000 гаруй эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмжөөр ханган, шинээр 15 төрлийн технологийг нэвтрүүлснээр гурван жилийн өмнөхтэй харьцуулахад цус цусан бүтээгдхүүний нэр төрөл нэмэгдэж, үйлдвэрлэл 46 хувиар өсч, цус цусан бүтээгдэхүүний нөөц 5.5 дахин нэмэгдсэн байна.

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Эрүүл мэндийн яам “Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх хэвлэл мэдээллийн кампанит ажлыг “Монгол Контент” компани Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Монголын улаан загалмайн нийгэмлэг (МУЗН) зэрэг байгууллагуудын оролцоо, дэмжлэгтэйгээр  зохион байгуулж байгаа юм. Кампанит ажлын хүрээнд найман сарын түршид сайн дурын, авлагагүй цусны донорын талаарх мэдлэг олгох, мэдээлэл хүргэх сэтгүүл зүйн бүтээлүүдийг олон нийтийн телевиз, сонин, сайт, нийгмийн сүлжээгээр олон нийтэд хүргэх юм. Уг ажлын нээлтэд Эрүүл мэндийн яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд , Азийн хөгжлийн банкны Эрүүл мэнд, нийгмийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Цус Сэлбэлт Судлалын Үндэсний төвийн захирал, дэд профессор Н.Эрдэнэбаяр болон хүндэт донорууд, оролцлоо.

Манай улсын цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ жилээс жилд нэмэгдсээр байна. Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны дотор хорт хавдар, осол гэмтэл эхний байрыг эзэлж, төрөлхийн болон олдмол цусны өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Мөн эхийн эндэгдлийн шалтгааны дотор цус алдалт үндсэн шалтгаан байсаар байна.

Үүнээс гадна манай улсын эрүүл мэндийн салбарт шинэ техник технологи эмчилгээний арга, тухайлбал, бөөр, элэг, ясны чөмөг, бусад эд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын аргууд нэвтэрч, төрөл, тоо хэмжээ нь нь жилээс жилд нэмэгдсээр байгаа нь цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг нэмэгдүүлэх шалтгаан  болж  байна. Манай улс 1994 оноос хойш сайн дурын авлагагүй цусны донорын тогтолцоонд шилжиж, 2000 онд үүнийг хуульчлан баталгаажуулсан. Цус сэлбэлт судлалын үндэсний төв улсын хэмжээнд цус цусан бүтээгдэхүүний хангамж, цус сэлбэлт судлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тус төв улсын хэмжээнд 26 салбар төвтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.

Хүн амын дунд нас, хүйс, амьдран суугаа газар нутгаас үл хамааран сайн дурын, байнгын авлагагүй донор байх талаарх иргэдийн мэдлэг, хандлага, дадал сул байгааг “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5” төслийн хүрээнд хийсэн “Сайн дурын авлагагүй цусны донорын талаарх хүн амын мэдлэг, хандлага, дадал тогтоох судалгаа”-аар тогтоожээ. Судалгааны үр дүнд, судалгаанд хамрагдсан 3851 оролцогчдын 58.0 хувь, эрэгтэйчүүдийн 61.2 хувь, эмэгтэйчүүдийн 56.8 хувь нь цусаа бэлэглэдэг донорыг “огт мэдэхгүй” гэж хариулжээ. Мөн судалгаанд хамрагдсан гурван оролцогчийн нэг нь сайн дурын авлагагүй цусны донорын талаар буруу мэдлэгтэй байдаг нь асуулгаар тодорчээ.

Цусны донорын талаарх зарим мэдээлэл Ямар ч бүлгийн цустай хүн цусны донор болох боломжтой. Гагцхүү та 18-аас дээш настай, 45-аас дээш кг жинтэй, эрүүл хүн байх шаардлагатай. Эдгээр шаардлагыг хангасан эрэгтэй хүн хоёр сар тутамд, эмэгтэй хүн гурван сар тутамд цусаа бэлэглэх боломжтой.

Сурталчилгаа
Санал болгох