Улс төр
УИХ-ын 26 гишүүн хөрөнгө орлогоо АТГ-д мэдээлжээ
Огноо: 2-13
Нийтлэгч: Цэвээнгэрэл

УИХ-ын 26 гишүүн өөрийн хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-д мэдүүлсэн байна. Авлигын эсрэг хуульд заасны дагуу жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй. Хуулийн хугацаа дуусахад дөрвөн хоног үлдээд байна. Өнөөдрийн байдлаар буюу энэ онд мэдүүлгээ гаргавал зохих нийт 40.000 орчим албан тушаалтнаас  33.542  мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлсэн бөгөөд улсын хэмжээнд явц байдал 86 хувьтай байгаа гэж байна.

Харин Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 282 албан тушаалтнаас тухайн албан тушаалдаа ажиллаж байгаа 272 албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргах ёстойгоос УИХ-ын гишүүн 26, Засгийн газрын гишүүн 12, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга 38, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд, ерөнхий консул 29  бусад 51, нийт 156 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлжээ. Энэ нь нийт хүмүүсийн 57,3 хувь гэсэн үг.

АТГ-аас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажлын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байгаа. Мөн хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг тус газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа