Нийгэм
Буруу талдаа хүрдтэй автомашин эзэмшигчдийн анхааралд
Огноо: 2018-02-13 10:11
Нийтлэгч: Цэвээнгэрэл

Авто тээврийн үндэсний төвөөс баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн их гэрлийн ойрын тусгалыг өөдөөс ирж буй жолоочийн нүдийг гялбуулахгүй, бусад хөдөлгөөнд оролцогчдод таагүй байдал үүсгэхгүй байх техникийн шийдлийг олж, энэхүү ажлыг орон даяар эхлүүллээ. 1990 оноос хойш жолооны хүрдний байрлал харгалзахгүйгээр замын хөдөлгөөнд оролцох болсон ба зөвхөн 2016 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан 500 гаруй мянган тээврийн хэрэгслийн талаас илүү хувь нь буруу буюу баруун талдаа жолооны хүрдтэй гэсэн судалгаа байдаг.

Шөнийн цагаар гарч байгаа зам тээврийн осолд баруун  гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгал нөлөөлдөг байж болзошгүй гэж үздэг. Мөн 18:00-00:00 цагуудад  гарсан ослын дийлэнх нь буруу рультэй машин эзэлсэн тоо бий. Иймд Монгол улсад ашиглагдаж байгаа баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчилж зөв тусгалтай болгох шаардлага гараад байна. Энэ онд Автотээврийн үндэсний төвөөс 100 мянган тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчлөхөөр болжээ. Мөн үлдсэн тээврийн хэрэгслүүдийн гэрлийн тусгалыг өөрчлөх ажлыг жил жилээр төлөвлөн хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Иргэд, жолооч нар автомашиныхаа тохиргоог хийлгэсэн талаарх мэдээллийг автомашины салхины шилэн дээр наалт хийнэ. Ингэснээр автомашинаа үзлэгт хамруулж, гэрлийн тохиргоогоо хийлгэсэн эсэхэд хяналт тавих юм. Энэхүү ажлыг хийж хэрэгжүүлэхэд АТҮТ өөрийн хөрөнгөөс 229 сая төгрөг зарцуулсан бөгөөд дээрх тохиргоог хийлгэхэд жолоочоос 1650 төгрөг шаардагдах аж.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа