Нийгэм
Дорнодод гарсан түймрийг унтраажээ
Огноо: 2018-02-13 13:30
Нийтлэгч: Цэвээнгэрэл

Дорнод аймгийн Баян-Уул сумын нэгдүгээр багийн нутаг Зүрхийн даваа гэдэг газар, сумын төвөөс хойд зүгт 50 км-т Хилийн 0275 дугаар ангийн “Ульхан” заставаас зүүн зүгт 4 км-т хээрийн түймэр гарсан байна. Түймрийн дуудлага өчигдөр өдрийн 16:26 цагт иржээ. Тиймээс  аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар  ангийн 12 алба  хаагч, Хилийн цэргийн 11 алба хаагч, орон нутгийн 4 хүн, нийт  27 хүн, 3 автомашинтай 18:10 цагт очиж ажиллан 19:40 цагт бүрэн унтраажээ. Түймрийн цурмыг бүрэн унтрааж, аюулгүй болгох ажлыг хилийн цэргийн 0275 дугаар ангийн “Ульхан” заставын хилчид хариуцаж байгаа юм байна.

Энэ жил Дорнод аймгийн ихэнх сумдад цас бага орж хараар өвөлжиж байгаа бөгөөд хаврын хуурайшилт эрт эхэлж магадгүй байгааг албаны хүмүүс сануулж байна. Цас бага унасан сумд, ялангуяа ойт хээрийн бүсийн сахлаг өвстэй тал, нуга, хөндийд авто машины яндан, тамхины цог, гэрийн яндан зэргээс оч хаяж түймэр гардаг.  Тиймээс малчид, иргэд, зорчин явагсдыг гал түймрийн аюулаас сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөж байна.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа