Халуун сэдэв
Онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж байна
Огноо: 2-13
Нийтлэгч: Цэвээнгэрэл

Ан-148 онгоцны ослоор олон хүн амиа алдсантай холбогдуулан Оренбург мужид гашуудал зарлан, гэнэтийн гамшиг бүхий л Орос орныг цочроогоод байна. Онгоц сүйрсэн ослын газар дээр орон нутгийн оршин суугчид 71 ширхэг лаа асаан, амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэжээ.

Нисэхийн сургууль төгсөгчдийн уулзалт таван жилд нэг удаа болдог бөгөөд дэлгэц дээр зургуудыг нь үзүүлж буй эрхэмд хамгийн халуун дулаан үгсээ зориулдаг аж. Ингээд нэг минутын чимээгүй байдал ноёрхон, сэтгэл зүрхэндээ зөвхөн түүнийг дурсацгаана. Мөдхөн болох уулзалт дээр тэд Валерий Губановыг дурсах болно. Тэрээр Москва-Орск чиглэлийн нислэг үйлдэж явсан Ан-148 онгоцны дарга байсан юм. Тэр бол туршлагатай нисгэгч, найдвартай анд нөхөр, Афганистанд тулалдаж байсан дайчин эр байлаа. Өндрөө алдсан хөлгөө аврахын тулд Губанов боломжит бүхий л зүйлсийг хийсэн гэдэгт түүнийг мэддэг бүх хүмүүс итгэлтэй байгаа аж.

Эмгэнэлт осол болсон газарт асаж буй 71 ширхэг лаа цагаас урьтан хорвоог орхисон 71 амь амьдралыг илтгэн гунигтайяа сүүмэлзэнэ. Тэдний ард олон арван хувь тавилан, амьдралын түүх, урсах нулимс үлджээ.

Екатерина Закладная энэхүү ослоор ээжийгээ алдсан байна. Харин одоо амьжиргааны мөнгө олж чадахгүй бол дүү охиноо ч алдаж болзошгүй, түүнийг асрамжийн газарт өгөхөөс аргагүйд хүрнэ. Ээж Наталья Мещерякова нь бүхий л гэр бүлээ ганцаараа тэжээдэг байжээ. Тэрээр Москва руу явж ажиллаж байсан бөгөөд жилдээ хоёр удаа гэрийнхэнтэйгээ уулздаг байж. Энэ удаад гэр рүүгээ, хайртай хүмүүстэйгээ уулзахаар нисч явжээ.

Амь  үрэгдэгсдийн овог нэрс. 65 зорчигчид дотор гурван хүүхэд байлаа. Тэдний амьдрал дөнгөж эхлээд л тасарчээ. Илья Полетаевын зураг сургуулийнх нь танхимд тавигдан, өмнө нь лаа асааж, цэцгэн эрхи өргөжээ. Ангид хоосон, хүүхдүүд 11-ийн Б ангийн талийгаач хүүгийн ойр дотныхныг сэтгэл санаагаар дэмжихээр явцгаасан аж.

Дуучин Ульяна Сон саяхан уран бүтээлийн замналаа эхэлжээ. Тэрээр бүхий л баярын арга хэмжээнүүдийн үеэр хотын төв талбай дээр дуулдаг байж. Харин одоо тэнд төрийн далбаа гунигтайгаар буусан харагдана. Залуухан, цоглог дуучин бүсгүй онгоцны сүйрлээс хэдхэн долоо хоногийн өмнө нэгэн шинэ дуу зохиожээ. Одоо тэр дуу намуухнаар эгшиглэн, дуучин бүсгүйн хар-цагаан зургууд хөвөрнө.

Галина Сергеевна хайртай хүүгээ үүрд алдсан гэдэгтээ одоо хүртэл итгэхгүй байсаар. Хаалга нь гэнэт онгойн, хүү нь инээмсэглэн зогсож байх мэт санагдана. Хүү нь бортмеханикаар ажилладаг байжээ. Харин номин цэнхэр тэнгэрт нисч явах туйлын дуртай хүү нь сүүлийн үед нисэхээс татгалзахыг хүртэл хүсч байсан аж.

Онгоцны үйлчлэгч Виктория Коваль 22 настай байлаа. Тэрээр өөрийн энэ ажилдаа үнэнхүү дуртай, аз жаргалыг бүрэн дүүрэн мэдрэхэд ганцхан гэр бүл, үр хүүхэд л дутуу байна хэмээн ярьдаг байж. Гэвч одоо түүний хүсэл мөрөөдөл биелэгдэхээс өнгөрчээ, харамсалтай...

Оросын Гавьяат нисгэгч, Петербургийн Иргэний нисэхийн Их сургуулийн багш Борис Александрович Кармалеев нисэхийн аюулгүй байдлын тухай лекц уншихаар Оренбург муж руу нисчээ. Уг нь өөр багш явахаар томилолт авсан байсан боловч нөгөөгийнх нь хичээлийн хуваарь яагаад ч зохицуулах боломжгүй байсан учраас тэрээр түүний оронд Орскийг зорьсон аж, үнэхээр азгүй тохиолдол.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа