TIME OUT
Д.Отгонжаргал: “Хайрлахын жаргал” тоглолтонд маань асар олон уран бүтээлчдийн хүч хөдөлмөр шингэж байгаа
Огноо: 2-26
Нийтлэгч: Өнөрцэцэг

“Хайрлахын жаргал” тоглолтоо хийх гэж буй дуучин Д.Отгонжаргалтай ярилцлаа. Тоглолт гуравдугаар сарын 6-нд “Бөхийн өргөө”-нд  болно.  Сүүлийн үед түүний  “Миний ээж тэмээчин” дуу нь хит болоод байгаа. Энэ дуучныг мөн “Voice” хамтлагийн гишүүн байсан гэдгээр нь хүмүүс андахгүй.

-Удахгүй болох гэж байгаа “Хайрлахын жаргал” тоглолтын тань талаар ярилцъя. Үзэгчдэд ямар бэлэг бэлдсэн бэ, тоглолтын бэлтгэл ямар түвшинд явж байна вэ?

-Яг тоглож уран бүтээл хийх 80-90 хүн миний ард байна. Энэ бол миний үзэгчдэд барьж байгаа маш том бэлэг. Асар олон уран бүтээлчдийн хүч хөдөлмөр шингэж байгаа. Тэгээд мэдээж зочин уран бүтээлчид оролцоно. Надтай дуэт хамтран дуулсан, одоо ч дуулж байгаа уран бүтээлчид маань орно. Маш сайхан бүжгийн хамтлаг оролцож байгаа. Концертон дээр миний дуунуудтай хамт бүжгэн жүжиг давхар тоглогдоно. Энэ утгаараа гуравдугаар сарын 06-нд “Бөхийн өргөө”-нд болох “Хайрлахын жаргал” тоглолт маань өргөн бүрэлдэхүүнтэй, бэлтгэл ид дундаа ороод ажиллаж байна даа. Ерөнхий зохион байгуулагчаар нь “B sound” продакшин, тайзан дээрх найруулга, бүх зүйлийг “ACE" интертаймент” хариуцан ажиллаж байгаа.

-Та уран бүтээлийн гараагаа “Voice” хамтлагаас  эхэлсэн  байх аа?

-2006 онд О.Ичинхорлоо багшийн удирдлаган дор СУИС-ийн дуурийн гоцлол дуулаачаар төгсөөд хоёр найзтайгаа нийлэн поп опера чиглэлийн “ Voice” хамтлагийг байгуулсан. Энэхүү хамтлагтаа дуулж байгаад Улсын Филармонийн гоцлол дуучин болсон. Филормондоо зургаа, долоон жил ажиллаж байгаад одоо бие даасан уран бүтээлч гэдгээр явж байгаа.

-Сургуулиа төгсөхдөө ямар бүтээлээр дипломоо хамгаалсан бэ?

-Би дуурийн гоцлол дуучнаар төгссөн. Гэхдээ хүсэл мөрөөдөл маань мюзикль байсан. Монголоор бол дуулалт жүжиг. “Сонгодог урлаг, рок попын урлагтай хэрхэн нийцэж зохицох вэ” гэсэн сэдвээр дипломоо хамгаалж байсан. Бараг жил хагас судалгаа шинжилгээ хийж, дэлхий ертөнц дээр байдаг энэ төрлийн бүх л урсгалыг судалсан. Тэр байтугай хип хоп урлаг сонгодог урлагтай хэрхэн зохицож байгаа талаар судалж байсан. Энэ бүхнээ харьцуулаад CD-тэй дипломын ажил хийж байлаа.

-Сонгодог урлагийг эстрад урлагтай хольсон бүтээлүүдээ нэрлээч?

-Өдий хүртэл хийсэн бүтээлүүд маань бүгд л ийм төрлийнх байсан. Одоо хүртэл дуулаад л явж байна. Поп опера буюу монгол хүний оюун ухаан, зүрх сэтгэлээс  гарсан сайхан бүтээлүүдийг сонгодог чиглэл рүү дуулж цэвэр сонгодог биш холимог, мюзикл хэлбэрээр дуулж, хөгжмийн найруулгыг нь ч гэсэн  мэргэжлийн тал руугаа хийж байна. Би өөрөө мюзиклд дуртай. Энэ хугацаанд гурван мюзиклд гол дүр бүтээсэн.

 -Ямар аялгуу сонсох дуртай вэ, одоо таны машинд ямар дуу эгшиглэж байна вэ?

-Миний машинд,  гэрт байнга л сонгодог хөгжим эгшиглэж байдаг. Хамгийн сүүлд сар гаруй сонсож байгаа цомог  бол Хойд Солонгосын дуучных. Хойд Солонгос миний мэдэхийн соёл урлаг нь хамгийн их хөгжчихсөн улс. Би тэнд хоёр удаа тэмцээнд оролцсон. Дэлхийн  40 гаруй улс гүрний 900-гаад уран бүтээлчид ирдэг. Тэд бүгд мэднэ. Энэ улсын хамгийн алдартай дуурийн дуучин бүсгүйн цомог яг одоо миний машинд эгшиглэж байна даа.

-Өөрийн тань  бишрэн шүтдэг ямар дуучин байдаг вэ, ямар хоолой илүү таалагддаг вэ?

-Дуучны арга барилаа маш сайн эзэмшсэн, техник арга барилтай, дотоод сэтгэлийн мэдрэмж өндөртэй дуучид таалагддаг. Үүнд дэлхий ертөнцийн бүх л хүмүүсийн таньдаг, алдартай дуучдыг нэрлэж болно. Тухайлбал, сонгодгуудаас Angela Gheorghiu, Maria Callas, Andrea Bocelli, Diana Damrau гэх мэт маш олон гоё дуучид байгаа. Бас Селин Дионд багаасаа дуртай байсан.

-Хүн болгонд найр хуриман дээр дуулдаг  дуу байдаг. Таны хувьд ямар дуу байдаг вэ?

-Төрийн соёрхолт Бямбасүрэнгийн Шарав, Нацагийн Жанцанноров багшийн маань бүтээсэн дуулаачийн том том бүтээлүүд, МУАЖ Д.Лувсаншарав, Л.Мөрдорж, Монгол Улсын Төрийн соёрхолт Х.Билэгжаргал, Б.Бямбабаяр гуай зэрэг манай жинхэнэ суутнуудын бүтээлүүд байнга л аманд аялагдаж явдаг. За нэг босоод дуулчих гэх юм бол “Монголын тал нутаг”, “Аав ээж хоёр”, “Хайрлан дуулмаар байна”, “Дөрвөн цагийн тал” гэх мэт гоё хуучны дуунуудаа дуулах дуртай даа. Эдгээр дуунууд хөгжимгүй дуулсан ч цаанаа хөгжимдөж байгаа юм шиг аялгуу, үгтэй тансаг байдаг.

-Хамгийн сүүлд клип нь цацагдсан “Миний ээж тэмээчин” дуу хүмүүсийн сэтгэл зүрхийг хөндсөн сайхан уран бүтээл болсон. Энэ дууныхаа бүтсэн түүхийг ярьж өгөөч?

-“Миний ээж тэмээчин” дуу бидний чихэнд сонсогдох байдлаар бол бараг хоёр жилийн өмнө бүтээгдчихсэн байсан. Клипний зураг авалтыг нь өнгөрсөн 2017 онд эхлээд энэ оны хоёрдугаар сарын 1-нд нээлтээ хийлээ. Энэ дуун дээр олон сайхан хүн зүрх сэтгэлээ нэгтгэн ажилласан учир  сайн бүтээл болчих шиг боллоо. Монголын ард түмний зүрх сэтгэлд хүрч чадсанд маш их баяртай байна. Энэ уран бүтээлээрээ дамжуулаад би бас нэг зүйлийг ойлголоо. Нийгэмд маш их бухимдал, стресс байгаа юм байна. Эх үрийн нандин холбоог харуулсан энэ дуугаар дамжуулаад хүмүүс их уярсан байх гэж бодлоо. Тиймээс бид сайн уран бүтээл хийх хэрэгтэй юм байна гэсэн сургамжийг авсан. Өмнө нь дандаа сайхан уран бүтээл хийх гэж явснаас биш ард түмэн ямар дуу хуурыг хүсч байна гэдгийг төдийлөн мэддэггүй байжээ.

 

-Дууныхаа клипэнд өөрөө маш сайн тоглосон, жүжиглэх ур чадвар тань тус болсон байх?

-Өмнө нь кино, мюзиклд тоглож байсан болохоор дотоод мэдрэмжийг харилцан тоглож байгаа жүжигчдээсээ авах жаахан ч гэсэн дадлага туршлага байсан. Хамгийн гол нь дуу маань өөрөө зуун дамжчихсан гайхалтай бүтээл. Үг нь шидтэй. Аялгуу нь маш тансаг. Ийм сайхан  дуу дуулж байгаа хүн дуундаа орох хэрэгтэй. Клип хийж дүрсжүүлж байгаа бол түүндээ орох хэрэгтэй. Ер нь манайхан бүгдээрээ ингэж ажилласан.

-Цаашдаа хуучны сайхан дуунуудыг сэргээж дуулах бодол байгаа юу?

-Байхгүй. Энэ дууг би өөрөө сэргээж дуулъя гэж бодоогүй. Манай “Ану хатан” киноны хөгжмийг зохиосон МУУГЗ Ч.Сангидорж гуайн хүү С.Сансаргэрэлтэх ах маань санал тавьсны үндсэн дээр би дуулсан. Өмнө нь энэ дууг маш олон хүн дуулчихсан байсан. Анхны дуулсан дуучид нь  ард түмний зүрх сэтгэлд хүргэчихсэн гайхамшигтай бүтээл. Тэгэхээр ийм бүтээлийг шүүрч аваад дуулна гэдэг бол хэр баргийн дуучнаас гарахгүй зориг л доо. Би ч гэсэн ингэж зориглохгүй байсан. Сансараа ахтайгаа зөвлөлдөж байгаад яг өөрийнхөө стиль имижэд хувиргаж, хөгжмийн найруулгыг нь “Анир” студийн Г.Пүрэвдагва маань бичсэнээр энэ дуу бүтсэн.

-Та “Ану хатан” кинонд тоглосны дараа дахиж кинонд тоглохгүй, хоолойгоо гамнана гэж ярьж байсан.  Энэ бодол тань одоо ч хэвээрээ юу?

-“Ану хатан” маань түүхэн кино. Тийм учраас хээр хөдөө зураг авалтууд явагдана. Дээрээс нь гал түлнэ, утаа май гарна, шороо тоос босно. Энэ бүхэн нь надад хэцүү байсан. Киноны маань зураг авалт бүтэн жилийн турш үргэлжилсэн. Тэр үед мэдээж хүнд байсан. Дуучид бол идээд л, унтаад л, сайхан амраад, дасгалаа уншаад, төгөлдөр хуурч, оркестертойгоо нийлээд тоглолтынхоо бэлтгэлийг хийж, өөрийгөө хайрлаж, энхрийлж байж л хоолой  сайхан гардаг. Жүжигчдийн амьдрал дуучдынхаас огт өөр юм билээ. Одоо ахиж кинонд тоглохгүй ээ.

-Уран зохиол хэр уншдаг вэ, сүүлийн үед ямар ном уншсан бэ?

-Уран зохиол уншина. Маш их дуртай. Дэлхийн сонгодгуудаас сүүлд уншсан нь Майн Ридийн зохиолууд санаанд орж байна. Хүүхэд байхдаа “Дөлгөөн Дон”-ийг маш их уншдаг байсан. Ер нь Л.Н.Толстойн зохиолуудад дуртай. Мөн английн сонгодгуудыг уншина. У.Шекспирт дуртай.

Монголын зохиолчдоос Шүүдэрцэцэг эгчийг их үнэлдэг. Түүний бүх романуудыг уншсан. Бас Б.Сарантуяа эгчийн романуудад дуртай. Л.Өлзийтөгсийн шүлгүүд,  Г.Аюурзанын зохиолуудад дуртай. Баабар гуайн нийтлэл, жижиг хэмжээний номуудад дуртай. Энэ нь хүүхэд, өсвөр насныханд маш их зүйлийг өгдөг сайхан номууд байдаг. Япон, Хятадын зарим зохиолчдод дуртай. Яруу найрагч Д.Болдхуягийн шүлгүүдэд дуртай. Бид чинь дуу хийдэг учраас шүлгийн асар их эрэл хайгуул дунд явдаг. Шүлгээ эхлээд олчихвол хөгжмийн зохиолчтойгоо уулзаж ийм байвал ямар вэ гэх мэтчилэн зөвлөлддөг. Ихэнх аялгуу шүлэг бүтсэний дараа бүтдэг. Гоё гоё, мундаг яруу найрагчид Монголд зөндөө бий.

-Хэрвээ цаг хугацааг одоогоос арван жилээр ухраах боломж олдвол юу хийх байсан бэ?

-Хэрвээ яг энэ цаг хугацаанаас  10 жилийн өмнө бол  би шууд л мюзикл рүү орох байсан. Дуулалт жүжиг гэдэг энэ төрлийг Монголд хөгжүүлэхийн төлөө бүхнээ зориулах байсан байх. Яг тухайн цаг мөч буюу 2006 онд бол энэ боломжгүй байсан зүйл. Тэр үед зохиолын дуу ид хүчээ авч хүмүүс Жавхлан Баясгалан, Батсайхан, Эрдэнэтунгалаг, Бат-Эрдэнэ Оюумаа зэрэг дуучдыг сонсдог байсан. Улс орон даяараа тийм үе байсан. Рок, поп ч энэ үед хэцүү байсан шүү дээ. Тэр үед сонгодог урлагийг цөөхөн хүмүүс л Дуурийн театрт очиж үздэг байсан. Одоо бол бүх юм өөрчлөгдөж, сонгодог урлагийг нийтээрээ сонсдог, бахархдаг, хайрладаг, шүтдэг, сонсохыг хүсч тэмүүлдэг болсон байна. Энэ нь маш гоё. Тэгэхээр энэ цаг хугацаанд 10 жилийн өмнөх рүү очих юм бол дуулалт жүжиг рүү л дайрах байсан. Одоо манайд хамгийн муу хөгжиж байгаа төрөл бол энэ. Энэ нь маш их  хүч хөдөлмөр, хөрөнгө санхүү шаарддагддаг тийм л урсгал.

-Урлагийн хүн байх хэцүү гэж хүмүүс ярьдаг. Танд ямар санагддаг вэ, охиноо урлагийн хүн болгох уу?

-Надад бол хэцүү биш сайхан л байна. Гэхдээ хүүхдээ урлагийн хүн болгохгүй.

-Шүүмжлэлийг  хэр хүлээж авдаг вэ, хэт магтаал бас хүнийг эвддэг гэж ярьдаг шүү дээ?

-Шүүмжлэлийг  хүлээж авна. Одоо үед нийгэм маш өөр болчихсон, хүмүүсийн үзэл бодол илүү ардчилсан болчихсон байна.  Гэхдээ шүүмжлэх нь  доромжлох  гэдгээс өөр шүү дээ. Миний хувьд бодитой дүгнэлттэй шүүмжлэлд дуртай. Түүнээс биш  юуг нь ч мэдэхгүй байж шууд доромжилдог хүмүүс их байна.

Магтаалын хувьд би нэг их тоодоггүй, тэгсхийгээд л өнгөрчихдөг. Үнэхээр сонсох ёстой хүмүүсийнхээ  сэтгэлийн  сайхан үгийг бол сонсох дуртай, түүнийг нь тусгаж авахыг хичээдэг. Энэ нь надад илүү үүрэг хариуцлага мэдрүүлдэг.

-Багадаа дуулдаг байсан уу, хаана төрж, өссөн бэ?

-Би Баянхонгор аймагт төрж,  Дархан-Уул аймагт өссөн. Дунд сургуулиа  тэнд төгссөн. Манай анги сонгоны анги байсан. Хичээлдээ дуртай, нийгмийн идэвхтэй охин байсан.  Ер нь их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Гэхдээ багадаа  дуулдаг байгаагүй. Илүү спортлог, зураг зурдаг, хичээлдээ сайн л охин байсан.

-Таныг зарим хүн  “Загийн голын бүсгүй” гэх юм билээ. Төрсөн нутаг усныхаа талаар ярьж өгөөч?

-Миний төрсөн нутаг бол Баянхонгор аймгийн Заг сум. Хуучин бол Загийн гол, Байдрагийн гол гэж хоёр сайхан гол урсдаг байлаа. Тэр хоёр гол хоорондоо огтолцоод уулздаг. Тэр огтлолцол дээр байдаг бэлчирийг “Хүрэн бэлчир” гэж нэрлэдэг. Яг тэр Хүрэн бэлчирийн эмэгтэй л дээ, би. Миний  өвөө, аав энэ нутгийнх. Миний хүүхэд ахуй, бага насны бүх амьдрал хөдөө өнгөрсөн. Тэнд Чингис хааны том хөшөө байдаг. Их хаан маань ч тэрхүү хүрэн бэлчиртэй холбоотой юм билээ. Их хуралдайгаа тэнд хуралдуулж байсан тухай Монголын нууц товчоон дээр гардаг. Их гоё түүхтэй, эрчим хүч оршсон   сайхан газар. Манай Тангадын Галсан гуай л намайг “Миний нутгийн бүсгүй”, “манай Загийн голын бүсгүй” гэж дууддаг/инээв/.

Манай нутгаас төрөн гарсан алдар цуутай олон хүн байдаг. Хүний төрсөн нутаг, уул ус түшдэг гэж итгэдэг. Өдий зэрэгтэй яваа минь нутаг ус минь түшдэгтэй холбоотой болов уу гэж боддог.

-Бусад хүмүүсийг үнэлэхдээ ямар чанарыг нь  чухалчилж үздэг вэ?

-Миний өөрийн нэг үзэл бодол байдаг. “Юу ч байсан чанартай байх” гэсэн. Хүн заавал   мундаг байх албагүй. Энгийн мөртлөө тууштай, шударга хүмүүсийг хүндэтгэдэг.  Хүнлэг сэтгэл бол маш үнэ цэнэтэй.  Энэ бүхэн цогцолно гэдэг бол мэдээж ухаантайн шинж шүү дээ.  Эцсийн дүн нь сайн , гэгээлэг байх ёстой гэж боддог. Гэхдээ амьдрал их энгийн.

-Дуучин болоогүй бол ямар хүн болох байсан бэ?

-Дуучин болоогүй бол зургаараа дагнаад график дизайн, компьютерийн чиглэлийн л хүн болох байсан болов уу. Угаасаа тэр чиглэлээр явна гэж бодож байсан.

-Цаашдаа дуугаа дуулсаар байх уу, аль эсвэл өөр салбарт хүчээ үзэх үү?

-Дуулсаар байх болно. Одоо манай урлагт тайзан дээр маш гоё биеэ авч явж байгаа дуучид байна шүү дээ. Хамгийн эхэнд би МУАЖ А.Долгор эгчийгээ дурдана. А.Долгор гуай бол үнэхээр гоё. Урлагийн хүн бол тийм л байх ёстой. Мөн миний багш О.Ичинхорлоо, МУАЖ Ч.Мөнхшүр гуай, Б.Жавзандулам гуай байна. Ардын жүжигчин  Б.Зангад багш байна.  Сайхан  хүмүүс их байнаа. Хүн хөгширч болно, гэхдээ урлаг  хөгширдөггүй. А.Загдсүрэн гуайн Америкт дуулж байгаа бичлэгийг харахад хоолой нь цэл залуугаараа, маш гоё байдаг. Урлагийн хүн болсондоо  маш их баярладаг.

-Сүүлийн үед ганц бие хүмүүс  олширсон  юм шиг санагддаг. Хүчирхэг эмэгтэйчүүд ганц бие байдаг гэдэгтэй санал нийлэх үү?

-Үүнтэй санал нийлэхгүй байна. Хүчирхэг гэхээрээ ухаангүй гэсэн үг биш шүү дээ. Ухаантай эмэгтэй бол ганц бие байхыг сонгохгүй, хань ижил, үр хүүхэд, бүхнийг ухаанаараа залаад аваад явж чадна шүү дээ. Эмэгтэйчүүд гэлтгүй эсрэгээрээ ганц бие эрэгтэйчүүд их байгаа шүү дээ. Бие биенээ сайн таньж мэдээгүй нэг гэрт орчихдог, дараа нь бие биенийхээ мөн чанарыг таниад салах тохиолдол их байдаг юм болов уу гэж боддог. Ер нь аав ээжийн хэлдэг удам судар  маш чухал. Аав ээж нь ямар хүн байна үр хүүхэд нь яг л тийм болж хүмүүждэг. Бид чинь яг л аав ээжийнхээ тусгал, үргэлжлэл нь шүү дээ.

Гадагшаа сургуульд явж, олон орноор аялж,  соёл ёс заншлыг нь судалж үзлээ. Олон орны оюутнуудтай хамт сурсан. Тэд хүнтэй суухаасаа өмнө  хүүхэдтэй болдоггүй.  Бие биентэйгээ үерхэж, ойлголцож, хоёр талын гэр бүлүүдтэйгээ танилцаж, маш удаан хугацааны дараа албан ёсоор гэрлэх шийдвэрээ гаргадаг юм билээ.

-“Ану хатан” кинон дээр Галдан хаан бага хатан авдаг шүү дээ. Хэрвээ таны амьдралд тийм юм  тохиолдвол яаж хүлээж авах вэ?

-Сайн мэдэхгүй байна. Гэхдээ би эмэгтэй хүнийхээ хувьд эсэргүүцнэ. Гэхдээ би ч нөхрийнхөө өмч биш, тэр ч миний өмч биш шүү дээ. Зүгээр л хоёр биендээ итгээд, хайрлаад амьдарсан. Бидний дундаас үр хүүхэд гарсан. Бидэнд өчнөөн үүрэг хариуцлага бий. Бие биенээ гомдоох нь  амьдралд маш том толбо үлдээдэг.   Яг амьдрал дээр тийм юм болно гэвэл миний хувьд таатай хүлээж авахгүй байх.

О.ӨНӨРЦЭЦЭГ

Сэтгэгдэл (1)

  • Отгон
    Сайхан ярилцлага болжээ. Баярлалаа
    2018 оны 02 сарын 27 | Хариулах
Сурталчилгаа